Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

СӨХ тойрсон гомдлууд

Сууц өмчлөгчдийн холбоодыг тойрсон өргөдөл гомдлууд зөндөө байдаг. Тухайлбал, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар /ШӨХТГ/-ын нэг байцаагчид жилд дунджаар СӨХ-той холбоотой 10-15 гомдол ирдэг байна. Ихэнх нь байр, орон сууцны халаалт муу, илүү мөнгө авдаг, хурааж авсан мөнгөө юунд зарцуулсан нь тодорхойгүй зэрэг гомдлууд байдаг гэнэ. Тиймээс өнөөдөр Засгийн газрын XI байрны хурлын танхимд ШӨХТГ-аас Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл /СӨХДЗ/, нийслэл болон хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа СӨХ-дын удирдлагууд болон гомдолтой иргэдийн төлөөллийг оролцуулсан хурал боллоо. Уг хурлаар алдаа дутагдалаа хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар ярих байсан. Харамсалтай нь, хурал ямар нэгэн дорвитой үр дүнд хүрээгүй бөгөөд биесээ өмөөрсөн хүмүүсийн хэрүүл болж өндөрлөлөө.

Ер нь нэг ч бай нэжгээд ч бай гомдол гарч л байгаа бол тухайн салбарт ямар нэгэн хэмжээгээр болохгүй асуудал байна гэсэн үг. Хурлын эхэнд ШӨХТГ-ын дарга О.Магнай “1999 онд байгуулагдсан СӨХДЗ нь нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага бөгөөд гишүүдээсээ татвар авдаг. Эдгээр жилүүдийн хугацаанд хураасан нийт нэг тэрбум гаруй төгрөг хэрхэн, юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа” гэж онцолсон.

Харин СӨХД-ийн ерөнхийлөгчөөр 13 жил ажилласан Б.Жигжид “Бид ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулаагүй. Биднийг бүтэн жилийн туршид шүүх, цагдаа, прокурорын байгууллага шалгасан. Ямар ч буруу зүйл илрүүлээгүй. Шаардлагатай бол хурлаа зарлаад би огцроход бэлэн байна. Тэгээд ч сарын 300 мянган төгрөгийн цалинтай ажлыг хийх сонирхол ч алга” хэмээн өөрийгөө өмөөрөх.

Энд цугларсан олон иргэн, тус зөвлөлийн гишүүн бус зарим СӨХ-ны удирдлагууд тэдний ажлыг зөв чиглүүлж, иргэдийн амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх боломжоор хангаж өгөх үүрэгтэй дээд байгууллага нь үнэндээ мөнгө угаах газар болж хувирсан гэж ярьж байлаа. Учир нь   СӨХДЗ-д гишүүнчлэлтэй 400 орчим СӨХ байдаг бөгөөд тэдний оршин суугчдаасаа хурааж авсан жилийнхээ орлогын 10 хувийг удирдах байгууллагын нь татвар нэрийдлээр авдаг гэдгийг албаны хүн хэлсэн юм.

Засвар үйлчилгээ хийгээч гэхээр мөнгөгүй гэдэг мөртлөө тэд удирдах байгууллагадаа болохоор ийнхүү мөнгө хандивладаг аж. Гэвч нэг СӨХ оршин суугчдаасаа жилдээ хичнээн төгрөг засварын, цахилгаан, халаалтын нэрээр хурааж авдгийг нарийн тооцох арга үнэндээ байхгүй. Яагаад гэвэл тэд өөрсдийнхөө баталсан журмаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд учраас МХЕГ-аас шалгалт оруулж болдоггүй аж.

Энд мэдээж хэрэг бүх СӨХ-г муу ажилладаг, мөнгө иддэг гэж хэлэх аргагүй. Гэхдээ л дийлэнх нь иймэрхүү асуудалтай байгаа гэдгийг иргэд ярьдаг, амьдрал нотолж байна. Гэтэл үүнийг батлах гэсэн мэт өнөөдрийн хуралд “Ер нь СӨХ гэдэг байгууллага байх хэрэг байгаа юм уу? Татан буулгавал яасан юм бэ” гэсэн санал гаргасан нэгнийгээ олон чонон дунд орсон өнчин ишиг шиг байдалд оруулж, хэлэх, хэлэхгүй үгийг чулуудацгааж байлаа.

Гэхдээ манай ард иргэд ч бас болдоггүй гэдгийг энд онцлох хэрэгтэй. Учир нь эрхээ маш сайн мэддэг, эдэлдэг мөртлөө үүрэг гэж юм байдаг гэдгийг мартчихсан. 2003 онд батлагдсан СӨХ-ны тухай хуульд нийтийн эзэмшлийн талбай, байрны засварын санхүүжилтийг иргэд гаргахаар хуульчилсан байдаг. Мөн СӨХ-г оршин суугчдын нэгдсэн хурлаар байгуулах бөгөөд ажлын үр дүнг өөрсдөө хянаж хариуцахаар зааж өгчээ. Гэвч иргэд энэ эрх, үүргээ ихэндээ л мартчихдаг. Нөгөө талаас энэ мэтийн тодорхой хүчин төгөлдөр хууль эрх зүйн орчин байдаг ч түүнийг иргэддээ сурталчилан таниулахыг СӨХ-ны удирдлага хүсдэггүй. Шалтгаан нь энэхүү зөөлөн суудалдаа тухалж, иргэдээс өөрсдийн дураар тогтоосон ханшаар төлбөр хураамж авч, зориулалтаас нь өөр зүйлд зарцуулан амьдрах гээд дүгнэчихэд нэг их хатуудмааргүй санагдана. Энэ мэтчилэнгээр олонхи иргэдийн мэддэг хэлдэг СӨХ тойрсон гомдол зөндөө. Гэвч өнөөдөр энэ бүх асуудлыг шийдэх учиртай хурал хэрүүл маргаан төдийгөөр өндөрлөв.

Харин хуралдааны дараа ШӨХТГазрын дарга О.Магнайгаас цаашид ямар арга хэмжээ авах талаар сонирхоход:

“СӨХД-ийг яаралтай татан буулгаж, өнгөрсөн хугацааны нэг тэрбум төгрөгийнх нь зарцуулалтын тайланг гаргуулна. Шаардлагатай гэж үзвэл хуулийн байгууллагад шилжүүлнэ. Ер нь тайван байсан зүйлд гар хүрэхээр хөдөлгөөнд ордог. Тэд ч мөн хөдөлгөөнд орж, уур бухимдал нь хүрч байгааг та бүхэн харлаа. Энэ бүхний эцэст иргэд тав тухтай орчинд аж төрөх нь л чухал” хэмээн хариуллаа. Ямар ч л гэсэн олон гомдол дагуулдаг хэрнээ “тайван” байдаг асан СӨХ-дын асуудлыг ийнхүү анх удаа шахам хөндлөө. Цаашид үргэлжилнэ буй за.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж