Хүний эрхийн талаар дэлхий нийтээр баримталж буй бодлогыг улс төр, эдийн засаг, байгаль экологийн гэж үндсэн гурван хэсэгт хуваасан байдаг. Монголчууд бид 23 жилийн өмнө улстөрийн өөрчлөлтөө хийсэн. Тиймээс эдийн засаг, байгаль экологийн асуудалд монгол хүний эрхийг хангахад Шинэчлэлийн Засгийн газар гол бодлогоо чиглүүлэн ажиллаж байгааг Засгийн газрын тэргүүн илэрхийлээд хүний эрх жижиг асуудлаар ч зөрчигдөх ёсгүйг онцлов. Жижиг гэж тоолгүй орхисон асуудал бүрт хүний эрх зөрчигдөж байдаг гэж Ерөнхий сайд хэллээ.
Эдийн засгийн өндөр өсөлтийн тоонд баярлах бус энэ өсөлт жирийн монгол айлын босгыг давж орж байна уу, үгүй юу гэдгийг тогтоох шаардлагатай. Хүний эрхийг хамгаалъя гэвэл авилга гэж нэргүй дайсантай байлдахаас урьтаж, Засгийн газар, яам, харьяа агентлагуудын удирдлага, төрийн албан хаагчид авлигаас ангид орчинд ажиллах учиртай. Засгийн газрын гишүүд авилгаас ангид байна гэж гарын үсэг зурж ажлаа эхэлсэн нь авлигагүй амьдарч болох юм байна гэсэн сэтгэлзүйн орчныг нийгэмд бий болгосон гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн хүний эрхийг хамгаалахад шүүх цагдаагийн байгууллагууд иргэдийнхээ төлөө, тэдний итгэлийг дааж чадах хэмжээнд ажиллах шаардлагатай юм гэдгийг ч тэрбээр тэмдэглэлээ.
Хүний эрхийг хамгийн ихээр зөрчдөг гэгддэг төр засаг энэ нэрнээсээ салахын тулд ард түмэндээ нээлттэй, ид тод, түргэн шуурхай үйлчилгээ нэвтрүүлэх шаардлагатай. Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд энэ тал дээр олон ажлыг эхүүлсэн. Хүний эрхийг хамгийн ихээр зөрчдөг авлигыг үгүй болгохын тулд Засгийн газар үлгэрлэн ажиллах болно. Хүний эрхийг зөрчдөг бас нэг том аюул болсон хариуцлагагүй байдлыг Шинэчлэлийн Засгийн газар үлдэн хөөж, хариуцлагатай байх гэдгийг өөрөөсөө харуулж эхэлсэн. Төрийн байгууллагын ажил өглөө 8 цагт эхэлж, Засгийн газар бямба гариг бүрт 10 цагаас хуралддаг болсон. Энэчлэн Засгийн газар өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж байна. Хүн бүр нэгнийхээ өмнө хариуцлагатай байвал хүний эрхийг хэн ч зөрчихгүй юм гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.