
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2012 оны арваннэгдүгээр сарын эцэст 722.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 4.5 тэрбум төгрөг буюу 0.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 43.2 тэрбум төгрөг буюу 6.4 хувиар өссөн байна.
Mөнгөний нийлүүлэлт 2012 оны арваннэгдүгээр сарын эцэст 7033.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 99.4 тэрбум төгрөг буюу 1.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 920.0 тэрбум төгрөг буюу 15.0 хувиар өсчээ.
Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний 11 сард хоёр тэрбум 239 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 534.5 сая ам.доллар буюу 31.4 хувиар өсчээ. Гадаад худалдааны алдагдал өссөн нь импортын ихэнхи хувийг эзэлдэг суудлын автомашин болон тоног төхөөрөмжийн импорт нэмэгдсэнтэй холбоотой юм байна.
Импортын хэмжээ энэ онд 301.8 сая ам.доллар буюу 5.1 хувиар өсч, харин экспортын хэмжээ 232.7 сая ам.долл буюу 5.5 хувиар буурчээ.
Экспортын 98.1 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн эзэлж байна гэж Үндэсний статистикийн хороо хэвлэл бага хурлын үеэр мэдээллээ.