“MLTR” монголчуудыг доргиосон үдэш

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

“MLTR” монголчуудыг доргиосон үдэш

“MLTR” буюу “Майкл рокт суралцаж байна” хамтлагийнхан өнгөрсөн баасан, бямба гаригт “UB Palace”-ыг  доргион Монголын үзэгчдийг догдлуулж, 1990-ээд оноор эргэн аялууллаа. Дэлхийн одыг дэргэдээс нь үзэх ховорхон боломж монголчуудад тохиосон учраас “UB Palace” хоёр өдөр үзэгчдээр дүүрэн байсан юм. Тоглолт эхлэхээс өмнө хамгийн их сонирхол татаж байсан зүйл бол тэдний тайз. Гадаадын оддын томоохон тоглолтуудыг цэнхэр дэлгэцээр олонтаа үзсэн үзэгчид “UB Palace”-ын концертын танхимд ороход хөшиггүй тайз угтсан юм. Дэндүү даруухан ямар ч чимэглэл тэр ч бүү хэл хамтлагийн нэрийг ч зүүгээгүй өнөөх тайзыг харсан үзэгчид “Сонин л тайз юм. Даруухан гэхэд дэндүү дарухан хамтлаг юм аа” хэмээн ярьж байгаа сонстов. Харин тоглолт эхлэн тайзнаа тэд гарч ирэхэд лэд дэлгэц, гэрэлтүүлэгээр өнөөх даруухан нь дэндсэн тайз тэр чигээрээ амилан “MLTR” хамтлагийн хит дуугаар хөглөгдсөн юм. Монголын хамтлаг, дуучдын “шинэ жилийн гацуур” шиг л чимэглэсэн нүсэр тайзыг харсаар дасал болсон үзэгчдэд энгийн зүйлийг хэрхэн гэрэлтүүлэг, лед дэлгэцээр гайхалтайгаар амилуулж болдгийг харуулсан шүү.

Хамтлагийн талаар бяцхан түүхээс сонирхуулахад тэд уралдаанд оролцохоор хамтлагтаа “Micheal learns to rock” гэдэг нэрийг хөгжилтэй байдлаар сонгон өгсөн гэнэ. Гэхдээ тус хамтлагт Майкл гэдэг гишүүн байдаггүй. Попын хаан Майкл Жексоныг шүтдэг тус хамтлагийнхан түүнийг нэрийг хамтлагийнхаа нэрэнд оруулсан аж. Тухайн үед Европт бүтэн өгүүлбэр шиг нэртэй хамтлагууд ар араасаа төрж байсан цаг юм. 

 “MLTR” тайзнаа эгшиглүүлсэн эхний дуу бол тэдний өнгөрсөн онд гаргасан хамгийн сүүлийн “Scandinavia” шинэ цомогт багтсан “Renovate my life” буюу “Миний амьдралыг өөрчлөөч”. Харин энэ дууны араас “Sleeping child”  эгшиглэхэд дэндүү танил дуугаа сонссон танхим дүүрэн үзэгчид дуу хадаан даган дуулж, алгаа хорстол ташин хамтдаа доргисон юм. Түүний араас “It’s only love”, “Love will never lie”, “Someday it’s gonna make sense” дуунууд эгшиглэн хайрыг үнэ цэнэ, цөхрөл, хүлээлтийг мэдрүүлсэн бол  “Heaven is my Alibi” эгшиглэн тайзнаа түм түмэн одод гялтганан гялалзаж, ганц нэгээрээ харван мөрөөдөл тээн одлоо.

Хамтлагийн дуучин, хөгжмийн зохиолч, даралтат хөгжимчин Жаша Рихтер “Би найз охингүй яагаад гэвэл надад өөрийн гэсэн машин байхгүй” гэж хошигнонгоо тайзнаа “The Actor” дуу клипийн хамт эгшиглэхэд үзэгчид түүнийг түрэн даган дууллаа. Үзэгчид алгаа хорстол ташин тэднийг нэрээр дуудсан ч тэдэнд хүрэхгүй байгаа мэт дуугаа улам хадаан сэтгэл зүрхээрээ нэгдэн “MLTR” хит дуугаар хөглөгдсөн тэр гайхалтай мэдрэмж одоо дотор минь буцалсаар.

“Animals”, “Complicated heart”, “Blue night”, “You took my heart away” хэмээх үг бүрийг нь цээжээрээ мэдэхгүй ч тэднийг дуулаад эхлэхэд нь өөрийн эрхгүй даган аялах өнөөх танил дуунууд. “Take me to your heart”, “Final destination”, “Breaking my heart again”, “Anyway you want it”, “Wild woman” “25 minuts” ар аараасаа хитүүд эгшиглэн үзэгчдийн уур амьсгалыг улам бүр буцалган тэдийг суудлаас нь босгон даган дуулуулж, бүжиглүүлсэн шүү.  

“Someday” дууны клип тайзнаа гарч тэд хайрласаар хүлээсээр байгаагаа дуулсан бол “Paint my love” –оор хайрыг өнгө будгаар будан улам бүр гэрэлтүүлсэн юм. Тус хамтлагийн олон дууг зохиосон бөмбөрчин Карэ Ваншер, хамтлагийн соль гитарчин Лэд Зэпплин нар өөрсдийн гоцлол үзүүлбэрийг дэлгэн үзүүлсэн нь бас нэгэн гэнэтийн бэлэг байлаа. Жаша Рихтер үзэгчдээс дараагийн дууг сонсоход бэлэн үү гэхэд үзэгчид нэгэн дуугаар “Тийм ээ”  гэж байв. Харин тэрээр энэ бол сүүлийн дуу гэхэд тэд байдаг чадлаараа “үгүй ээ” хэмээн тэднийг үдэх дургүй байгаагаа илэрхийлсэн. Гэсэн ч дуу дуусан тэд тайзыг орхин орж, гэрэл утрав. Сүүлийн дуунуудын турш суудлаасаа босон хөөрч байсан үзэгчдийн хэн ч танхиимыг орхин гарахыг хүссэнгүй. Тэд дуу нэгтэйгээр  “MLTR”, “MLTR” хэмээн тэднийг дуудсаар эргэн тайзнаа гаргаж чадав. Гайхалтай үдшийн сүүлийн гурван дуу “Paint my love”, “That’s why”, “Scandinavia” эгшиглэн дэлгэц дээр Монгол Улсын төрийн далбааг гаргаж, дээр нь “Баярлалаа монголчууд aa” хэмээх бичиг гарсан юм. Тэд эргэн уулзатлаа баяртай гэсээр тайзыг орхин одсон. Баярлалаа “MLTR”.

Тоглолтын үеэр монголчууд “MLTR”-ийн тоглолтыг үзэж буйгаараа бахархаж байгаа нь харагдсан юм. Хаа сайгүй ухаалаг гар утсаараа тоглолтыг бичиж, фэйсбүүк, твиттертээ энэ л танхимаас догдлол дүүрэн сэтгэгдлээ хуваалцан жиргэж, баярласан хормоо бусдадаа илгээж байлаа.

Тэдний тоглолтоос мэдэрсэн бас нэгэн гайхалтай мэдрэмж бол хөгжмийн дуугаралт. Танхим дүүрэн чихэнд чийртэй чанга биш ч зөөлөн яг зүрх сэтгэлийг минь нэвтлэн орж, уусах тэр зөөлөн гоё мэдрэмж одоо ч эгшиглэсээр. “MLTR” хамтлагийн арын албанд Азийн аялан тоглолтод нь хамтдаа ажилласан баг  Монголд ирж ажилласан. Тус хамтлагийн техник, дууны инженерүүд энэхүү гайхалтай тоглолтын гэрэлтүүлэг, дуугаралтыг хариуцан хоёр цагийн турш үзэгчдийн дунд ажилласан юм. Техникийн инженерээр ажилласан Rasmus Sabroe “MLTR” хамтлагтай сүүлийн хоёр долоо хоног хамтран ажиллаж байгаа гэсэн бол дууны инженер Paul Erik хэмээх 57 настай эрхэм дууны инженерээр 40 жил ажиллаж байгаа бөгөөд тус хамтлагийг байгуулагдсан цагаас нь хамтран ажилласан гэнэ. Тэрээр Азийн аялан тоглолтын хаалт болон Монголд хийсэн хоёр өдрийн тоглолтын талаар сэтгэл хангалуун байгаагаа дуулгаад монголчуудын найрсаг, элгэмсэг зан түүнийг болон хамтлагийнхныг уяраагаад байгаа хэмээн хуучилсан юм.

Тэд эртнээс их хаан Чингисийн өлгий нутаг Монголд ирэхийг хүсдэг байсан гэнэ. Гайхалтай, тэднийг дэргэдээс нь харж, амьд дуугаралтыг, хөгжмийн хэмнэл бүрийг нь мэдрэн хамтдаа доргихыг үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байлаа. Танхим дүүрэн чуулсан үзэгчидийг зэрэг суудлаас нь босгон, зэрэг дуулуулж байлаа, тэд. 

Баярлалаа “Evento”, Монголын залуучуудын холбоо. Дэлхийн оддыг дэргэдээсээ мэдрэх гайхалтай байсан шүү.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж