Тус бүлгээс хурлын дараа мэдээлэл хийж, “Засгийн газарт “Шударга ёс” эвслийг ард түмний эрх ашгийн үүднээс урьсан. Энэ урилгын хүчинтэй хугацаа хуучнаараа байгаа. Энэ бол АН-ын анх шийдсэн сонголт. Энэ сонголтдоо АН тууштай байна” гэлээ.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “МАН-ын зүгээс таван гишүүнийг тангараг өргүүлэхийг эсэргүүцсэнээс өнгөрөгч долоо хоногт чуулган хуралдаагүй асуудал үүссэн. Ардчилсан намын зүгээс МАН-тай нэг л зарчмын асуудлыг ярьж байна. Хуулиа дээдлэх, хуулиа биелүүлэх талаар шаардлага тавьсан. Тиймээс улстөрийн намууд СЕХ-ны шийдвэрийн дагуу гишүүдийг тангараг өргүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. АН-аас хууль дээдлэх тухай тавьсан шаардлага хэвээр байгаа. Нэгэнт СЕХ УИХ-д таван гишүүнийг тангараг өргүүлэхийг өргөн мэдүүлсэн бол УИХ үүүнийг алагчлалгүй биелүүлэх хэрэгтэй. АН энэ байр сууриндаа хэвээрээ байна” гэлээ.
Мөн тэд УИХ тухай хууль, дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Ерөнхийлөгчийн гаргасан саналд хүндэтгэлтэй хандахаа мэдэгдлээ. “Гэхдээ эхний хуулийн хэрэгжилтийг биелүүлэхгүйгээр дараагийн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй. Үүнийгээ ч МАН-ын гишүүдэд уламжилсан. Тиймээс энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдааныг үргэлжлүүлэн УИХ дахь улс төрийн хүчнүүд ажиллах цаг нь болсон” гэж АН-ын бүлгийн дарга онцоллоо. Мөн “Ирэх 2013 он бол их ажлын жил. Засгийн газар анх удаагаа дэлхийн зах зээлд 1.5 тэрбум ам.долларын бондын гүйлгээ хийсэн. Хариуцлагатай байх шаардлагатай. Тийм учраас улс төрийн бүх хүчнүүд сонголтоо хийж хамтрах цаг болсон. Энэ бол ард түмний хүсэн хүлээж буй шийдвэр. Их ажлын жилийн өмнө дотоод дахь улс төрийн зөрчлөө арилгах нь зүйтэй” гэж АН-ын зүгээс үзэж байгаа гэлээ.