Salsola Laricifolia буюу Шинэсэрхүү бударгана хэмээх ургамлыг олон зуун жилийн турш Монголын уламжлалт анагаах ухаан болон Түвдийн анагаах ухаанд хэрэглэсээр ирсэн бол нутгийн ард иргэд Загасгал хэмээн хэлж заншин эрт цагаас хэрэглэсээр ирсэн ажээ. Бүр 1965 онд Ц.Хайдав, Оросын эрдэмтэн Закривидорога нар судалгаа хийж энэ ургамлын үндэсний ханд нь биеийн тураалын явцыг саатуулж, амьдрах чадварыг уртасган, хоногийн жингийн алдагдлыг бууруулж улмаар биеийн жинг ялимгүй бага зэрэг нэмэгдүүлэх мөртөө хоногт нэмэгдэх биеийн жинг илэрхий өсгөх, шээлгэх үйлдэлтэйгээс гадна биед гаж нөлөө үзүүлдэггүй, хоруу чанаргүй болохыг туршилтаар тогтоожээ. Тиймээс ч энэхүү ургамлаар эм хийх санааг Монгол уламжлалт анагаах ухааны тэргүүлэх эрдэмтэн академич, доктор Ц.Хайдав гуай анх гаргасан байдаг . Гэтэл доктор Миеэгомбын Амбага энэ санааг өөрөө гаргасан мэтээр ярьж, Ц.Хайдав гуайн санааг хулгайлснаа булзааруулах гэж 1992-1993 онд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Лувсандаш, Дундговь аймгийн Өлзийт сумын Бариад гуайтай уулзаж аман яриагаар мэдээлэл авсан хэмээн өдөр тутмын томоохон сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан нь инээдтэй байна. Яагаад гэвэл говийн аймгуудаар явбал энэ ургамлаар цай чанаж уудаг, ардын эмчилгээнд хэрэглэдэг нутгийн иргэд хэдэн зуу, мянгаараа олдоно гэнэ.
Улмаар Ардын Эмнэлгийн Хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан доктор Б. Дагвацэрэн гуайн удирдлаган дор энэ төсөл хэрэгжиж М.Амбага, Т.С.Варламова, А.Алтанцэцэг, З.Оюун, Г.Пүрэвсүрэн, Г.Наранцэцэг, М.Сугармаа, Ж.Алдармаа, Д.Баяндорж, Д.Чимгээ зэрэг олон эрдэмтэд, судлаачид ажилласан төдийгүй энэхүү ажилд Химийн Хүрээлэнгийн доктор С.Нарантуяа, Мал эмнэлгийн Хүрээлэнгийн Эм хор судлалын тасаг, Хөдөө аж ахуйн их сургуулийн Эм судлалын тэнхимийн олон эрдэмтэн судлаачид туслан Шинэсэрхүү бударганаас Салорид нэртэй эмийг бүтээсэн түүхтэй юм байна.
Энэ эмийг бий болгоход улсаас нийтдээ 700 мянган төгрөгийн төсөв гарсан ба тухайн үеийн дээд боловсролтой 1 хүний цалин 625-850 төгрөг, дунджаар 700 төгрөг гэж үзвэл 700 мянган төгрөг нь 1000 хүний сарын цалин болох юм. Тэгэхээр тухайн эм нь улсын ийм их мөнгө, туршилтын амьтан, материал, багаж, улсын сургууль, хүрээлэнгүүдэд ажиллаж байсан олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн болохоор улсын өмч, тодруулбал Ардын Эмнэлгийн Хүрээлэнгийн өмч болж байгаа юм. Гэтэл Амбага эдгээрийг үгүйсгэн миний бүтээл гэж ярьж явах нь дэндүү шударга бус зүйл болж байна. Энэ эмийг бүтээлцэж явсан олон хүн өдгөө амьд сэрүүн байтал ингэж авиргүй аашилна гэдэг байж боломжгүй.
Сэтгүүлч миний гэнэхэн бодлоор Салорид нь шахмал эмийн хэлбэртэй тул хэрэглэхэд эвтэйхэн, хялбархан, усаар даруулаад уучихдаг, авч явахад авсаархан, хадгалах хугацаа удаантай Стандарт нь ч аль 1997 онд батлагдсан байдаг тиймээс Салорид эмийг цаашид үйлдвэрлэлд оруулах нь улсад ч, ардын эмнэлэгийн хүрээлэн ч, ард түмэнд ч ашигтай, үр өгөөжтэй зүйл болно. Гэвч тийм сайн санаатай үйлдвэр компани олдвол эрхэм Амбага гуай би санааг нь гаргасан, стандарт, эм үйлдвэрлэх технологийн зааврыг боловсруулан батлуулсан хэмээн гөрдөж улсын өмч болох Салоридыг бас өөрийн болгож Уламжлалт анагаах ухаан үйлдвэрлэлийн корпорацийн (хуучин нэрээр ардын эмнэлгийн хүрээлэнгийн) ашиг хүртэх эрхийг нь булаах бий гэж болгоомжилном.
Салорид эм 1997 онд стандарт нь батлагдсан ч клиник туршилт хийгдээгүй, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй шахмал эм ажээ. Харин Салимон бол ОХУ-ын Санкт Петрбургийн хор судлалын институт, БНСУ-ын Чунбукийн их сургуулийн эм зүйн сургууль, Монос эрдэм шинжилгээний төв (хуучин нэр нь одоо бол Эм судлалын хүрээлэн) зэрэгт 1998-2002 онд судлагдсан, Хавдар судлалын клиникт клиник туршилт хүмүүс дээр туршсан, хийгдсэн, үйлчлэгч бодисыг нь тусгай аргаар хандалсан шингэн ханд хэлбэртэй, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн тэс өөр эм юм байна.