“Эрх чөлөөний ард түмэн” намын лидер, Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлускони өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэж байсан бодлоо өөрчилж байна.
"Би сонгуулийн өрсөлдөөнд орсон. Надад Засгийн газрын Кижи ордон дутсандаа ч биш, өөр лидер алга. Надгүйгээр манай нам ялагдана” гэж тэрээр хэлжээ.
Үүний зэрэгцээ тэрээр гуравдугаар сарын 10-ны өдрийг сонгууль явуулахад тохиромжтой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Ерөнхийлөгч Жоржо Наполитано мөн энэ өдрийг сонгууль явуулахад тохиромжтой гэсэн бөгөөд гэхдээ үүнд хоёр нөхцөл буй парламент нь төсвөө батлах, мөн сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатай гэж байсан.
Берлускони зургаа дахь удаагаа сонгуульд өрсөлдөх тухай түүний намын эх сурвалжийн мэдээнээс иш татан зарим хэвлэлүүд өмнө нь мэдээлж байсан. Тэдний мэдээнд намынхан нь Берлусконийг сонгуульд өрсөлдөөч хэмээн гуйсан гэж мэдээлж байсан юм. Тэрээр Марио Монтигийн Засгийн газрыг шүүмжлэн улс орны байдлыг өөрийг огцрох үеэс дордуулсэн гэж хэлсэн юм. Түүнийг улс төрд эргэн ирнэ гэснийг Италийн зарим улстөрч шүүмжлэлтэйгээр хүлээн авч байна. Ирэх сонгуулиар түүний гол өрсөлдөгч нь Ардчилсан намын лидер Пьер Луижи Берсани болж таарах нь.