ТВ-9-ийн ажилтнууд мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

ТВ-9-ийн ажилтнууд мэдээлэл хийлээ

ТV-9 телевизийн ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа 40 гаруй уран бүтээлчдийн төлөөлөл өнөөдөр “Монгол ньюс” төвд мэдээлэл хийлээ. Тэд хэвлэлийн бага хурлын эхэнд ажлаас чөлөөлөгдөх болсон бодит шалтгааныг үнэн зөвөөр хүргэх ёстой гэж үзэн хурал зарласнаа онцоллоо.

ТV-9 телевиз нь үүсэн байгуулагдсанаасаа хойш есөн жил болсон, энэ хамт олныг удирдаж чиглүүлж байсан С.Энхбат захирал өнгөрсөн наймдугаар сард ажлаасаа чөлөөлөгдөж, улмаар тус телевизийн Кино албаны дарга н.Долгор удирдах болжээ. Гэвч н.Долгор тэргүүтэй удирдлагын баг нь уран бүтээлчдээ мэргэжлийн сэтгүүл зүйн зарчмаар ажиллах боломж олгохгүй, уран бүтээлд хэтэрхий халдаж, ажлыг хов живээр хийж ирсэн. Тиймээс уран бүтээлчдийн зүгээс удирдлагын багийг өөрчлөх хүсэлтийг Төлөөлөн удирдах зөвлөлдөө өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд гаргасан. Харин Төлөөлөн удирдах зөвлөл нь уран бүтээлчдээс тавьсан шаардлагыг хүндэтгэж үзэлгүй удирдлагын багийг өөрчлөхгүй гэсэн шийдвэр гарсан. Тэр ч бүү хэл, тус телевизийн удирдлагын зүгээс нэр бүхий таван сэтгүүлч, уран бүтээлчийг TV-9 телевизийн байранд хурал цуглаан зохион байгуулж, бусдыг өдөөн турхирах арга хэмжээ зохион байгуулсан хэмээн буруутгаж ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан аж.

Тиймээс удирдлагын багийг өөрчлөх хүсэлт тавиад байсан 30 гаруй уран бүтээлч ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Удирдлагуудынх нь зүгээс ч тэднийг ажлаас нь чөлөөлсөн байна. Гэхдээ тоймч С.Отгон, дууны найруулагч С.Мөнхбаяр нар “Удирдлагын багийг өөрчлөх хүсэлт тавьсан нь, чухамдаа сэтгүүл зүйн зарчмыг барьж ажиллахын тулд хийсэн алхам байсан. Түүнээс уран бүтээлчид биднийг хэн нэгэн өдөөн турхирснаар юм уу, МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотойгоор ийм үйлдэл хийгээгүй. Үүнд улстөрийн шалтгаан байхгүй” гэлээ. Харин цаашид сэтгүүлч, уран бүтээлчид яах вэ гэсэн асуултад “Сэтгүүл зүйн зарчмыг барьж ажиллах чин хүсэлтэй баг, хамт олонтой хамтран ажиллахад бэлэн байгаа” гэсэн юм. TV-9 телевизийн Мэдээний алба, Спортын алба, Програмын алба үндсэндээ бүрэн бүрэлдэхүүнээрээ шахам ажлаас чөлөөлөгджээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж