
Хэзээ таван гишүүн тангаргаа өргөж, хэдийд УИХ элэг бүтэн болох нь УИХ-д суудалтай намуудын тааллын хэрэг хэдий ч тухайн тойрог, сонгогч, улс төрийн нам, эвслийг төлөөлж мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх төлөөллийг ажилд оруулалгүй гацааж байгаа нь намуудын хооронд ашиг сонирхлын зөрчил туйлдаа хүрснийг харуулах болов. Таван гишүүний тангараг өргөх ёслол намууд хоорондын барьцалдаанаас шалтгаалж сураг тасрахдаа хүрчээ. Уг нь МАН-ын хоёр шинэ гишүүнд тангараг өргөхөд саад болох зүйл байхгүй. Д.Арвин гишүүний хувьд УИХ-ын 2012 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт өрсөлдөн 28 хувийн саналын босго давж чадаагүй тул нам нэгт Б.Батзоригтой дахин санал хураалтад өрсөлдөж төр түших эрхээ олж авсан. МАН-ын жагсаалтаар УИХ-д орж ирсэн У.Хүрэлсүх гишүүнээсээ татгалзсан учир жагсаалтын дарааллаар улаан шугамын ирмэг дээр таслагдсан Д.Сарангэрэл тангараг өргөх эрхтэй болсон. Бас АН-аас Өвөрхангайн Х тойрогт нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарын бүрэн эрхийг зөвшөөрүүлэх асуудлыг ч СЕХ хамт өргөн барьсан юм. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн 11 дэх гишүүн болох Ц.Оюунбаатарын хувьд бүр долдугаар сарын эхээр СЕХ-ноос холбогдох байгууллагуудад нь өргөн мэдүүлж тангараг өргөх нөхцөлийг нь бүрдүүлээд байв.
Гэвч УИХ дахь МАН-ын төлөөллийн гишүүд АН-аас Өвөрхангайн тойргоос гарч ирсэн хоёр гишүүний тангараг өргөх ёслолыг эсэргүүцэн, тангараг өргөх ажиллагааг зарлах тоолонд хурал хаяж бойкотлодог болов. АН-ын бүлгийн гишүүд таван гишүүнээр тангараг өргүүлэхээр чуулганы танхимд цуглардаг ч ирцгүйн улмаас хуралдаан тасардаг болсноос хэлэлцэх бусад асуудлаа тасалдуулахгүй тулд арга буюу тангаргийн асуудлыг ухраадаг болжээ.
Хамгийн хачирхалтай нэг үзэгдэл гэвэл “Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч нэг субъект болох МАХН өөрийнхөө нэр дэвшигчийг тангараг өргүүлэхийн эсрэг хатуу зогсч хуралдааны ирцийг тасалдуулж байгаа нь байнгын ажиллагаатай парламентын 22 жилийн түүхэнд гараагүй үзэгдэл болов.
МАХН-аас тангараг өргөх Ц.Оюунбаатарыг бус, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар нарын аль нэгийг УИХ-ын гишүүн болгоно гэсэндээ УИХ-ын шинэ гишүүдийн тангараг өргөх үйл ажиллагааг тасалдуулж байгаа шиг үйлдэл урьд хожид үзэгдэж дуулдаж байсангүй. Тангараг сөхөгдмөгц МАН, МАХН-ын гишүүд хуралд суухаа больсон. Ингэж УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулдаг болсноос хууль тогтоох үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд тангаргийн сургийг таслахад хүрчээ.
Шинэ он гарахаас өмнө УИХ таван шинэ гишүүнээр бүл нэмнэ гэдэг их л эргэлзээтэй болж хоцорлоо.