Өмнөд Африкийн Гана улс даяар өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаар Үндэсний намаас нэр дэвшсэн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жон Махама сонгогчдын 50.7 хувийн саналаар ялалт байгуулсан байна. Харин түүний гол өрсөлдөгч хэмээгдэж байсан сөрөг хүчний удирдагч Нана Акуфо-Аддо сонгогчдын 47.74 хувийн санал авчээ. Ганад өнгөрөгч өдрүүдэд сонгуулийн санал хураалтын явцад техникийн зарим нэг саатлын улмаас урт дараалал үүсч, бага зэргийн удаашралтай байсан ч сонгогчдын 80 хувийн ирцтэйгээр ерөнхийлөгчийн сонгууль амжилттай болж өнгөрчээ. Мөн Ганын сонгуулийн хорооноос мэдээлснээр сонгууль ямар нэгэн зөрчилгүй, тайван болж өнгөрсөн байна. Гэхдээ сонгуулийн хорооноос сонгуулийн дүнг нийтэд танилцуулсны дараа сөрөг хүчний намаас сонгуулийн үр дүнг эсэргүүцэн жагсаал зохион байгуулжээ. Ганын нийслэл Аккра хотын цагдаагийн газраас сонгуулийн хорооны гадна цугларсан сөрөг хүчний намын дэмжигчдийн эсрэг нулимс асгаруулагч хий ашиглан тараасан байна. Харин Ганын сонгуулийн хорооноос үймээн самуун дэгдэхээс сэргийлэх үүднээс танкаар хамгаалуулсан цуваа гаргаж, гол замыг хаагаад байсан аж. Ганын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жон Махама нь өнгөрөгч долдугаар сард экс Ерөнхийлөгч агсан Жон Атта Миллсийг таалал төгссөний дараа Ганын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байжээ. Үүнээс өмнө тэрээр 2009 оноос хойш Ганын Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан аж.
Б.АНХТУЯА