О.Баасанхүү: МҮАН-ынхан МАХН-ЫН шийдвэрийг дагах ёстой

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү: МҮАН-ынхан МАХН-ЫН шийдвэрийг дагах ёстой

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг “Ярилцах танхим”-даа урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАХН-ын Гүйцэтгэх тов­чооноос гаргасан шийдвэрт та сэтгэл хангалуун бус бай­гаа гэсэн. Ямар учраас тэр вэ?

-Би Засгийн газраас гарах бичиг өгөөгүй. Засгийн газ­раас гарах шийдвэр гар­гасан хуралд нь суугаагүй. Уг нь Засгийн газраас гарахгүйгээр асуудлыг шийдэж болох л байсан. Шинэчлэлийн   Засгийн газарт бид хам­тарснаар үр дүнтэй алхам хийж чад­сан.

Тухайлбал, бонд гаргалаа. Энэхүү бондынхоо үр ашгийг үзэхийн тулд Засгийн газарт байх нь зүйн хэрэг. Гэхдээ би Гүйцэтгэх тов­чооноос гаргасан шийдвэрийг МАХН-ын гишүүн, Гүйцэтгэх тов­чооны гишүүний хувьд дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн шүү дээ. Хэн ч бай МАХН-ынхныг 90 жилийн түүхтэй намыг хоёр хуваасан гэдэг үндэслэлээр гадуурхах ёсгүй шүү дээ. Тиймээс л энэ хэлмэгдүүлэлтийн эсрэг тэмцэх ёстой гэсэн гаргалгааг МАХН-ынхан гаргаж байгаа юм. Тиймээс би энэхүү шийдвэрийг дэмжиж байгаа.

-МАХН-ынхан энэхүү шийдвэрээ баталгаажуулахын тулд МҮАН-ынхантай ярилцаж байгаа гэсэн. Энэ асуудал юу болсон бэ?

-Энэ асуудлаар Шадар сайд Д.Тэр­бишдагва МҮАН-ынхантай ярил­цаж байгаа учир би энэ талаар одоохондоо ямар нэгэн мэдээлэлгүй байна.

-Хэрэв МАХН-ынхан Засгийн газраас гарах шийдвэрээ батал­гаажуулчихвал одоогийн Засгийн газар оршин тогтнох хууль эрх-зүйн боломж бий юу. Та хуульч хүнийхээ үүднээс энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Засгийн газар задрах вий гэдгээс илүүтэйгээр Монгол Улсад улс төрийн тогтворгүй байдал үүсэх вий гэдэг дээр би илүү санаа зовинож байна. Засгийн газар гэдэг чинь улс төрийн тогтвортой байдлыг бий болгох үүрэгтэй. Тиймээс МАХН-ынхан Засгийн газраас гарлаа гэхэд улс төрийн тогтворгүй байдал бий болно. Ардчилсан намынхан янз бүрийн аргаар аргалаад Засгийн газрыг хүчээр байлгаад явж болно л доо. Гэхдээ эцсийн эцэст улс төрийн тогтворгүй байдал үүснэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

-МАХН-ынхан гарлаа гэхэд Ардчилсан намынхан МҮАН-ынхантай нэгдээд Засгийн газар бай­гуулах боломжгүй гэж үү?

-Эвсэл бол цул байх ёстой. Эвслийнхэн нэг л шийдвэр гар­гах ёстой гэж хэлмээр байна. Тиймээс МҮАН-ынхан МАХН-ын шийдвэрийг дагах ёстой.

-МҮАН-ынхан Засгийн газрын тогтвортой байдлыг хангаж ажиллахын төлөө байна гэдэг байр суурийг илэрхийлж байгаа шүү дээ. Хэрэв МАХН-ынхан Засгийн газраас гарвал эвсэл задарч таа­рах байх. Тэгвэл эвслийн нэрийн жагсаалтаар сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийн асуудал хөндөгдөх үү?

-“Шударга ёс” эвсэл задарлаа гэхэд гишүүдийг эргүүлэн татна гэсэн ойлголт байхгүй. Хуулиар бол, нэр дэвшчигч УИХ-ын гишүүнийхээ тангарагыг өргөснөөр УИХ-ын гишүүн байх эрх нь үүсдэг. Энэхүү гишүүний эрх нь дараагийн гишүүн тангараг өргөх хүртэл үргэлжилнэ. УИХ-ын гишүүнийг эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон бол  эсвэл өөрийнх нь хүсэлтээр л эргүүлэн тат­даг.  Тиймээс “Шударга ёс” эвсэл задарвал бид бүлэггүй бие даагч гишүүн гэсэн статустай болно. Хэрэв хуулиараа явбал шүү дээ. Харин хуулиар явахгүй бол Ардчилсан нам, Ардын намынхан юу сэдэж байгааг хэлж мэдэхгүй юм.

-Та юу гэж хардаж байгаа юм бэ?

-Эрх баригч нам болон сөрөг хүчнийхэн энэ үйл явдлыг далим­дуулаад дахин сонгууль явуулдаг ч юм уу, ямар нэгэн аргаар “Шударга ёс” эвслийг тараах сонирхлыг өвөр­төлж байж болох л юм. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Ямартай ч эвсэл задарлаа гэхэд бүх зүйл хуулийн дагуу явах юм бол “Шударга ёс” эвслийн нэрийн жагсаалтаар сон­гогдсон гишүүд УИХ-д сул гишүүдийн тоог л нэмэх үзэгдэл гарах ёстой гэдгийг хэлэх байна.

-Та намынхаа даргатай уулзаж байгаа юу?

-Уулздаг. Уулзалгүй яах вэ.

-МАХН-ыг Засгийн газраас гарах шийдвэр гаргасанд Н.Энхбаяр дарга ямар байр суурийг илэрхийлж байх юм бэ?

-Намын Гүйцэтгэх товчооноос дээрх шийдвэрийг гаргаснаас хойш би намын даргатайгаа уулзаж амжаагүй л байна. Түүнээс өмнө бид хоёр уулзаад Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар ярилцсан. Дарга маань Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээн дээр тодорхой бодлого баримтлах ёстой гэж хэлж бай­сан. Ер нь бол төрийн хэдэн оли­гархиуд чинь эрүүл ухаантай, эрүүл хүнийг л устгаж, үгүй хийхийн тулд ажиллаж байгаа юм. Бодит байдал дээр Н.Энхбаяр гэдэг хүн Оросын талд нааштай ханддаг байсан юм. Одоогийн төр бол Хятадын талд нааштайгаар асуудлыг шийдвэрлэж байна. Манай улс чинь Орос, Хятад гэсэн л хоёр хаалгатай шүү дээ. Сүүлийн үеийн нөхцөл байдлыг харахад анти-орос гэдэг үзэл баримтлалаар ажиллах болж. Тиймээс л ийм үйлдлүүдийг хийх болсон байх гэж боддог юм.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Р.САРАНГОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж