БАРИМТАТ КИНОНЫ НАЙРУУЛАГЧ СЭТГҮҮЛЧ, СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Г.ЗОЛЖАРГАЛ:
-Энэ миний балетийн сэдвээр хийсэн хоёр дахь бүтээл. Түрүүнд нь ардын жүжигчин Ю.Оюуны тухай кино хийсэн. 1950-иад оны дунд үед Монголоос балетийн сургуульд хүүхдүүд явуулсан тухай дүрс, гэрэл зураг гээд байх юм бараг байхгүй юм билээ. 500 гаруй жилийн түүхтэй энэ урлагт монголчуудыг суралцуулахын тулд Зөвлөлтийн мэргэжилтнүүд тал нутгийн эгэл жирийн хүүхдүүд дундаас харж шалгаад л тэнцэхийг нь явуулсан гэсэн аман мэдээллээс хэтрэхгүй түүх үлдэх шахаад байж. Яг энэ цаг үед ахмад балетчид өөрсдөө санаачилж, түүхийг сэргээж мэдээлэл цуглуулах замаар баримтат кино хийлгэе гэсэн нь цаг үеэ олсон сайхан ажил байлаа. Таны асуултад хариулахад өнөөдөр Монголд балетийн урлагийг энэ хэдэн хүний хүүхэд насыг золиосолж байж хөгжүүлсэн юм шүү гэдгийг энэ бүтээлээр хэлэхийг хүссэн. Энэ анхдагчид мэргэжлээ сайн эзэмшсэнээр Монголын балетийн урлаг өнөөгийн түвшинд хүртэл хөгжжээ. Тиймээс ахмад балетчид маань гавьяатай. Тэдний хэлж ярьсан болгоныг түүх болгон үлдээх нь чухал байлаа. Бид тав, зургуулаа найман сарын турш ажиллаж байж түүхийг эргүүлж сэргээлээ. Ингэж чадсандаа би баяртай байгаа юм. Өнөөдөр хийхгүй бол мартагдаад түүх бүдгэрэх аюултай байлаа.
ЗУРААЧ З.УЯНГА:
-Яагаад балетийн сэдэвтэй бүтээлд цаг заваа ийн зарах болов оо гэвэл би амьдралаа балетад зориулсан хүн. Өөрөө балетчин биш л дээ. Миний ээж Монгол Улсын гавьяат жүжигчин балетчин Ю.Цэрмаа. Аав маань театрын зураач. Тэгэхээр миний амьдрал тэр чигээрээ театртай, жүжигтэй, тэр дундаа балетийн урлагтай холбоотой. Бага нас минь театрт өнгөрсөн. Өсөх насаа ч энэ л уран бүтээлчдийн дунд үдсэн. Аав, ээжийнхээ ажил мэргэжил, театрын нөлөөгөөр би гэдэг хүн мэргэжлээ сонгохдоо зураач болохоор шийдсэн. Дүрслэх урлагийн чиглэлээр сурч байсан ч гэсэн ээжийн маань мэргэжлийн нөлөө, амжилт бүтээл, баяр, гуниг нь өдөр бүр, цаг хором бүрт намайг хүмүүжүүлж байлаа. Ингээд л энэ урлагийн төлөө бие сэтгэл, залуу халуун насаа зориулдаг хүмүүсийг шүтэн бишрэх болсон. Хамгийн харамсалтай нь балетчид сайн л бол 20 жил бүжиглэдэг. Хорин жил бүжиглэдэг нь ч тун цөөн. 15, 16 жилээс хэтэрдэггүй. Маш их хугацаанд сурч мэргэшсэн хэрнээ тийм богино хугацаанд тайзан дээр бүжиглээд бууна гэдэг харамсалтай санагддаг. Гэсэн ч үүнээс нь халшрахгүй энэ мэргэжлийг сонгодог хүүхдүүд, охид, хөвгүүдээ сургадаг аав ээжүүдийг хүндэлдэг. Энэ сэтгэлээ би уран бүтээлээрээ гаргахыг зорьсон. Ээжтэйгээ адил мэргэжилтэй энэ олон мундаг хүмүүст баярлаж, тэднээр бахархаж явдгаа илэрхийлэх гэж энэ үзэсгэлэнг нээж байгаа юм.