
Ардчилсан нам МАН-аас нэр дэвшсэн таван хүнийг шүүхэд өгсөн учир асуудал шүүхийн шийдвэр гартал тодорхойгүй болоод байсан. Гэвч 22 суудлыг аваад байгаа МАН-ын төлөөлөгчид өнгөрсөн баасан гарагт хуралдаж, дүүргийн засаг даргаар Р.Дагва, ИТХ-ын даргаар Х.Нямбаатар нарыг сонгожээ. Хуралд АН, МАХН-ын төлөөлөгчид оролцоогүй аж. Гэсэн ч 50+1 шаардлагыг хангаж байсан тул хуулийн дагуу хуралдаж, удирдлагаа сонгосон байна.
Дүүргийн засаг даргаар томилогдсон Р.Дагва нь санхүүгийн менежер, эрхзүйч мэргэжилтэй, сүүлийн дөрвөн жилд дүүргийн Засаг даргын орлогчийн албыг хашч байсан бөгөөд өмнө нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байжээ. Гэхдээ АН-ын төлөөлөгчид оролцоогүй учир сонгуулийн үр дүн маргаан дагуулах магадлалтай юм.
Налайх дүүрэгт АН, МАН тус бүр 11, МАХН хоёр суудал авсан. Сонгуулийн дараа ИТХ хурлаа хийж АН-аас нэр дэвшүүлсэн Х.Болдбаатарыг дүүргийн Засаг даргаар сонгожээ. МАН-ын 11 гишүүн энэ шийдвэрийг эсэргүүцэж, хурлыг хаяж гарсан байна. Гэтэл дараа нь МАН, МАХН-ын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу МАН МАХН-ын нэр дэвшигчийг дэмжихээр болж, МАХН н.Минжин гэдэг хүний нэрийг оруулж ирсэн аж. Гэвч АН эхний гаргасан шийдвэр хуулийн дагуу гарсан, МАН завсарлагаа журмын дагуу аваагүй гэсэн байр суурьтай байгаа юм байна.
Багануур дүүрэгт АН16, МАН 17 суудал авсан. Олонхи болсон МАН дүүргийн намын хорооны дарга, өнгөрсөн дөрвөн жилд тус дүүргийг толгойлж ирсэн Ц.Сандаг-Очирын нэрийг дэвшүүлсэн. Гэвч иргэдийн төлөөлөгчдийн хурлын МАН-аас бусад хүчнээс сонгогдсон гишүүдийнхээ эрхийг баталгаажуулаагүй гэсэн хэл ам гараад байгаа. Гэхдээ энэ дүүрэгт СХД, Налайхыг бодвол байдал арай тодорхой байгаа. МАН-аас сонгогдсон гишүүд ярилцаад Засаг даргаа улираахаар тогтсон гэлцэж байна. Ц.Сандаг-Очир 1977 онд Төв аймагт төрсөн. Багш мэргэжилтэй, нийгмийн ухааны магистр. 2001-2002 онд Багануур дүүргийн 4 дүгээр хороонд нийгмийн ажилтан, 2002-2004 онд Засаг даргын Тамгын газрын ажилтан, 2005 оноос дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, 2008 оноос Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа нэгэн аж.
Хуульч Д.Оросоо Орон нутгийн сонгуульд намаа амжилттай удирдаж Баянгол дүүрэгт ялалт байгуулсан. Тиймээс түүнийг дүүргийн Засаг даргын суудалд залрах 99 хувийн магадлалтай гэлцэж байна. Тус дүүрэгт Ардчилсан нам 41 суудлын 30-ийг нь авч, үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ бол үнэлэх гавьяа яалт ч үгүй мөн. Тиймээс энэ дүүрэгт гайхамшиг болчихгүй л бол Д.Оросоо Засаг даргаар батламжлагдана. Тэрбээр “Эрх зүйн гүүр” хуулийн компанийг удирдан ажиллуулахын зэрэгцээ Мэргэшсэн Тогтвортой Төрийн албаны төлөө” ТББ-ын хууль зүйн асуудал хариуцсан захирал, Нийслэлийн өмгөөлөгчдийн Зөвлөлийн сургалт, судалгааны хорооны дарга, Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комисст Үндэсний зөвлөх, Монголын Үндэсний Олон нийтийн Радио телевизийн Орон тооны бус зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт алба хашдаг аж.
АН үнэмлэхүй ялалт байгуулсан бас нэг дүүрэг нь Баянзүрх. УИХ-ын сонгуульд АН тус дүүрэгт тасархай ялалт байгуулсан явдал тус дүүрэг орон нутгийн сонгуулиар “цэнхэртэх” дохио болж өгсөн гэж болно. Тус дүүргийн Засаг даргаар Нийслэлийн Засаг даргын орлогч Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч Д.Пүрэвдаваа тодрох магадлал өндөр байна.
Хамгийн тааварлашгүй байгаа дүүрэг нь Чингэлтэй. ИТХ-д МАН 22, АН 11, МАХН хоёр төлөөлөлтэй байгаа. Гэхдээ олонх болсон МАН нь дотроо хагаралтай байгаа гэх. Дүүргийн засаг даргаар ажиллаж буй Т.Аюурсайханыг сонгогдох магадлалтай гэж байсан ч Дүүргийн захирагчаар ажиллаж байхдаа “үнэтэй хөшөө барьсан” хэмээн адлагдаж байсан Д.Ганболд дахин дарга болохоор санаархсан сурагтай. МАН нэр муутай Д.Ганболдтой УИХ-ын сонгуульд ялагдсаны хариуцлагыг тооцож байгаа ч юм уу, хоёр сарын өмнө огцруулж орхисон. Харин одоо энэ хоёр хүний хэн нь дарга болох нь тодорхойгүй байна.
УИХ-ын ч, орон нутгийн ч сонгуульд МАН-ыг даган цэнгэдэг байсан сүхбаатарчууд энэ удаа итгэлээ улс төрийн өөр хүчинд даатгаад үзье гэж шийдсэн. Олонх болсон АН харин дүүргийн Засаг даргын суудлыг НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсанд итгэж өгөх бололтой. Дүүргийн Ардчилсан намын дэд дарга энэ залуу НИТХ-ын төлөөлөгч юм байна.
Өнгөрсөн жил Ардчилсан намд итгэл хүлээлгэсэн хан-уулчууд энэ удаа дахиад ардчилсан намаа сонгосон. ИТХ-ын 35 суудлын 29 нь Ардчилсан намынх болсон. Тийм ч учраас Засаг дарга Ж.Ганхуягийг улирна гэсэн яриа гарсан юм. Гэвч олон хүний мэдэж байгаачлан Хан-Уул дүүргийн Ардчилсан нам дотроо түнжин муутай. Жил гаруйн өмнө Ардчилсан нам нь хоёр хуваагдчихсан байсан гэдэг. Ж.Ганхуяг, дүүргийн Ардчилсан намын дарга Б.Ариунболд нар хоёр талд намаа байгуулдаг гээд салж явсан учрыг иргэд одоо ч санаж байгаа байх. Энэ хоёр удалгүй эвлэрч байгаагаа зарласан ч хөшигний цаана юу ч болсон байж мэднэ. Тухайн үед Ардчилсан намын ҮЗХ-ны ротацийн сонгуулиар Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргийн Ардчилсан нам хоёр хуваагдаж, нийслэлийн Ардчилсан нам хүртэл нэг үе хоёр даргатай болж байсан. Тиймээс сонгууль ойртож байгаа үед эвнэгдэлгүй болж харагдахгүйн тулд тэднийг АН-ын лидерүүд хүчээр эвлэрүүлсэн байж болох талтай.
Багахангай дүүргийн ИТХ-д 17 мандатын 12-ыг МАН авсан. МАН-аас сонгогдсон төлөөлөгчид хуралдаад дүүргийн МАН-ын хорооны дарга С.Эрдэнэбаярыг дэвшүүлэхээр тогтсон гэнэ. Тэгэхээр Багахангайд байдал тодорхой болсон гэсэн үг.
Дээр нэр дурьдагдсан эрхмүүд өнөөдрөөс батламжлагдаад эхэлнэ. Гэвч хууль шүүхтэй холбоотой асуудал цаашид багагүй сунжрах магадлал харагдаж байгаа юм.
Эх сурвалж: www.mminfo.mn