
Нигерийн Сангийн сайд Нгози Оконжи-Ивийлагийн ээж Камене Оконжог өчигдөр Дельта мужийн Огбе офу дахь гэрээс нь хулгайлжээ. Нигерийн албаныхны мэдээлснээр өчигдөр өдөр 13:00 цагийн үед “Audi 80” автомашин хөлөглөж, бүрэн зэвсэглэсэн найм орчим этгээд Камене Оконжог гэртээ байхад нь дайран орж, хулгайлсан байна. Нигерийн Сангийн сайд Нгози Оконжи-Ивийла “Үүнээс өмнө ээжийг маань олон удаа сүрдүүлж байсан ч яг ямар этгээдүүд түүнийг хулгайлж, байрьцаалсан болохыг бид сайн мэдэхгүй байна” гэж мэдэгджээ. Одоогоор энэхүү хэрэг дээр Нигерийн цагдаагийнхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд барьцаалагчдын зүгээс хараахан ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй байгаа юм байна. Тиймээс барьцаалагчид Нигерийн Сангийн сайдын ээжийг улс төрийн зорилгын үүднээс хулгайлсан уу, эсвэл мөнгө нэхэмжлэхээр хэргийг үйлдсэн үү гэдэг нь тодорхойгүй байгаа аж. Нигерийн Дельта муж нь хүн хулгайлж, барьцаалах гэмт хэргээр улсдаа толгой цохидог. Нигерийн Сангийн сайд Нгози Оконжи-Ивийла нь тус албан тушаалд улиран ажиллаж байгаа бөгөөд тэрээр сүүлийн жилүүдэд авлига, хээл хахуультай тэмцэх ажлыг тэргүүлэн ажиллаж байгаа аж. Мөн тэрээр Дэлхийн банкинд улсаа төлөөлөн ажиллах төлөөгчийг сонгох ирэх хаврын сонгуульд нэлээн амжилттай оролцож яваа нэр дэвшигч юм.
Б.АНХТУЯА