Улсын алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож байна. Тэрээр 1902-1937 хүн хүртэл ажиллаж амьдарч, уран бүтээлээ туурвиж байжээ. Анх 1922 онд “Ойрх цагийн товч түүх”, 1927 онд “Баатар хөвгүүн Тэмүүжин”, “Шинэ цагийн эхэн” “Захидлын хариу” жүжгийг найруулсан. 1928 онд “Марал шар”, 1931 онд “Үнэн”, “Маргааш”, 1932 онд “Харанхуй засаг” зохиолыг бичсэн. Мөн “Завхай хүүхэн”, “Шалиг лам”, “Тансан лам”, “Гэсэр хааны тууж” зэрэг жүжгийн найруулагчаар ажиллажээ. С.Буяннэмэх“Харанхуй засаг” жүжгээрээ Монголын драмын театрыг дэлхийд алдаршуулсан гавьяатай.
Тус жүжиг нь 1933 онд Москва хотод болсон теартын наадамд амжилттай оролцож 26 орны театрын жүжгээс хоёрдугаар байр эзэлсэн түүхтэй. Түүний талаар жүжгийн зохиолч Х.Зандраабаадий “С.Буяннэмэхийг театрыг үндэслэгчдийн нэг гэж үзэж болно. Боловсон, юм мэддэг, соёлтой хүн байсан. Наанаа их дүнсгэр дуу цөөтэй дарга байсан ч дотроо шатаж явдаг хүн. Энэ хүнийг судалж шүүмж бичиж байгаа хүн доторх хүнийг нь сайн харах хэрэгтэй гэж хэлмээр байна” гэсэн.
Монгол Улсын ардын жүжигчин, найруулагч Д.Чимэд-Осорыг хүндэтгэн дурсч байна. Тэрээр 1936 оны есдүгээр сарын 16-нд Улсын төв театрт жүжигчнээр орж тасралтгүй 40 гаруй ажилласан бөгөөд анх “Яг 18” жүжгийн Ойдовын дүрээр урлагийн алтан тайзнаа гарч баялаг намтраа бүтээсэн гавьяат. Монголын “Алтан үе”-ийн нэрт төлөөлөгч, Урлагийн ажилтны холбоог үүсгэн байгуулагчийн нэг, ардын жүжигчин, найруулагч Д.Чимэд-Осорын уран бүтээлийнх нь талаар эргэн дурсъя. Тэрээр театрын урлагт 24 жил хөдөлмөрлөхдөө “Сүрэг чоно” жүжгийн Данзан, “Талын баатар” жүжгийн Чогдон хувилгаан, “Сэтгэлийг шинэтгэсэн нь” жүжгийн өвгөн Шукарийн дүрийг бүтээсэн. Тэрээр 60 шахам жүжгийн 85 дүр бүтээж, үзэгч олон түмэн, мэргэжил нэгт нөхдийнхөө дунд “Өвгөн Шукарь” хэмээн өргөмжлөгдсөн тайзны нэрт жүжигчин байсан бол Монголын кино урлагт 22 жил хөдөлмөрлөхдөө “Цогт тайж” киноны цэцэрлэгч өвгөн, “Ардын элч” киноны дэн буудлын эзэн, “Өглөө” киноны Дуйнхар зайран, “Хонины найр” киноны Вандан, “Хүний сайхан сэтгэл” киноны Дэнзэн зэрэг 40 гаруй гол дүр бүтээж, бүтээсэн дүрээрээ “Төрд хэрэгтэй зайран” хэмээн хүндлэгдэн өргөмжлөгдсөн билээ. Түүнчлэн театр, киноны залуу боловсон хүчин бэлтгэх үйлст хүчин зүтгэж 1943-1948 онд Урлагийн сургуульд уран чадварын багшаар ажилласан төдийгүй гавьяат жүжигчин Е.Гомбодоржийн хамт жүжигчний уран чадварын анхны сурах бичиг болох “Жүжигчний ажиллагаа” ном бичсэн байна. Орчуулгын 70 гаруй уран сайхны киноны 78, Монголын уран сайхны арваад кинонд дуу оруулсан олон талт уран бүтээлч. Мөн амьдралын болоод ажлын агуу их туршлагатай. Дотоод сэтгэлээсээ дүрээ чадварлагаар бүтээж чаддаг. Тэрээр Д.Ичинхорлоодоо нэг сайхан кино хийж өгөх юмсан гэж бодож байгаад “Нүгэл буян” киног найруулан хийж өгсөн. Түүнээс монгол үнэр, өнгө, дүрс, монгол сэтгэлгээ үнэртдэг онцгой жүжигчин байлаа.
Монгол Улсын гавьяат А.Цэрэндэндэв нь анх 1923 онд Цэргийн клубт жүжигчнээр орж урлагийн гараагаа эхэлж, 1927 оноос Төв аймгийн Улаанбулангийн эрхлэгчээр ажиллаж байгаад Амгалангийн үлгэр жишээ клубт жүжигчнээр оржээ. 1941 онд уг клуб татан буугдахад Улсын төв театрт жүжигчнээр орж ажиллажээ. Тэрээр 1941 онд “Учиртай гурван толгой” жүжгийн Юндэнгийн дүрээр олноо танигдаж, дараа нь “Гайхамшигт лимбэ”-ийн Тэнэг хүү, “Мандухай сэцэн хатан”-ы Батмөнх жонон, 1943 онд “Талын баатар”-ын Сүхбаатар, 1944 онд “Амарсанаа”-гийн Амарсанаа, “Шарай голын гурван хаан”-ы Гэсэр хаан, “Би эндээс явахгүй”-н Дорлиг зэрэг нийт 60 гаруй жүжгийн дүр бүтээсэн. Тэрээр 1942 онд “Хил дээр гарсан хэрэг”-ийн Болд, 1945 онд “Цогт тайж” киноны Арслан тайж, 1983 онд “Ингэх гээд байсан юм” киноны ойн хамгаалагчийн дүрийг бүтээж, Монголын кино урлагийн сан хөмрөгт бүтээсэн дүрээрээ олноо хүндлэгдэж хайрлагдсан хүмүүн. Тэрээр Монголын жүжигчний урлагийн өвөрмөц шинж, монгол хүний жүжиглэх намба төрх, дүрд хувирах онцлогийг илтгэн гаргаснаараа уянгат сэтгэлгээний онцгой авьяастан болохоо харуулсан гэдэг. 1942 онд “Сүхбаатар” киноны гол дүрийг амжилттай сайн бүтээснийг нь төр засаг өндрөөр үнэлж “Алтангадас” одон, Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнажээ. Монголын театрын түүхэнд А.Цэрэндэндэв шиг Юндэн гөөгөө, Л.Цогзолмаа шиг Нансалмаа одоо болтол гараагүй гэдгийг урлаг судлаачид бичжээ.
“Алтан үе”-ийнхнээс үлдсэн ганц ээж бол Лха.Долгор. Дууны урлагийн хувьд Л.Цогзолмаа, драмын урлагт Лха.Долгор хоёр одоо үеийнхний драмын жүжигчдийн ээж болжээ. Өдгөө 90 нас сүүдэр хүрсэн гавьяат жүжигчин Лха.Долгор 1941-1943 онд уран сайхны сургуульд суралцаж төгсөөд 1943 оноос Улсын төв театрт жүжигчнээр ажилласан ба театрын тайзнаа 50 гаруй жил жүжиглэж, 1971 онд гавьяат жүжигчин болсон. Тэрбээр олон арван жүжгийнхээ дүрээр амьдралд ухаажиж, хатуужсан нэгэн гэдэг. Түүнийг үзэгч түмэн олон нь “Оролмаа” жүжгийн ааштай Бүжид, “Элбэг дээл” киноны Сэвжид, “Толбот хивс” киноны Должингийн дүрээр илүү таньдаг билээ. Түүнээс сэтгэгдлийг нь сонсоход “Надад заримдаа зүүд юм шиг санагдаж байна. Би Д.Чимэд-Осор багшаа, А.Цэрэндэндэвийгээ сайн мэднэ. 110 хүрсэн С.Буяннэмэхийг сайн мэдэхгүй. Д.Чимэд-Осор багш бол ухаан авьяас нь дотроо багтаж чадахаа байсан тийм мундаг авьяастай хүн байлаа. Одоо тэнгэрээс биднийгээ харж байгаа байх. Намайг 1943 онд “Бөмбөгөр ногоон” театрт алхаад ороход “Алтан үе”-ийнхэн минь тосч авч байж дээ. Тэр хүмүүс бүгдээрээ бурхны оронд очсон байна. Тэгэхэд би ингээд байж байна гэхэд өөртөө үнэмшиж өгөхгүй юм. Би тэднийхээ гишгэсэн мөрөн дээр гишгэхсэн, сургаалийг нь дагаж мөрдөхсөн гэж хичээсэн. Би ганцаараа үлдчихээд тэднийхээ тухай дурсаад ярьж байна. А.Цэрэндэндэвийг ямар сайхан хүн байсныг нь магтмаар. Одоо ардын дууг А.Цэрэндэндэв шиг сайхан дуулдаг дуучин дуулдахгүй юм. Гэхдээ түүнийг дуурайж уянгалуулан дуулдаг дуучид гарч ирсэн байна. Халх хүн дууг яаж дуулдгийг тэр хүн харуулдагсан. Жинхэнэ монгол хүний сайхан дүрийг гаргадаг байсан. Тэвхийсэн цээжтэй, морин дээрээ мордоод л салхи исгэрүүлэн хүнгэтэл ардын дуугаа аялдаг хүн байсан. Энэ сайхан хүмүүсийнхээ ойтой миний нас тэгшрээд драмын урлагийн хүүхдүүддээ хүндлүүлээд, дээшээ дэвшиж байгаад баярлаж байна. Бас “Алтан үе”-ийнхнийхээ дараагаар ингээд зогсч байгаа надад хүнддэж байна. Тэднийгээ дурсаад ярихаар нулимс урсаад байдаг юм” гэж хэлээд уйлав. Түүнийг УДЭТ-ын хамт олон, уран бүтээлчид нь драмын урлагийн өндөр ээжээр өргөмжилсөн юм.
Гавьяат жүжигчин З.Жарантав нь 1963-1967 онд УБИС-ийн кино драмын ангид Ц.Раднаа, Ө.Ренцэнноров нарын удирдлага дор суралцаж, жүжигчний мэргэжил эзэмшжээ. 1961-1963 оны УДЭТ-ын дагалдан жүжигчин хийж, 1967-1985 онд жүжигчнээр уран бүтээлийн ангийн дарга хийж байгаад 2001 онд гавьяат жүжигчин цолыг хүртжээ. Түүнийг бид бүхэн “Би чамд хайртай” киноны Баяраагийн аавын дүрээр сайн танихаас гадна “Хатанбаатар”, “Үүр цайхын өмнө”, “Цэргийн хүү”, “Уулзалт”, “Цагийн сүүдэр” зэрэг олон кинонд гол болон туслах дүр бүтээснийг нь мэднэ. З.Жарантав “Би азтай хүн. Цагааны Цэгмид багштай. Агуу жүжигчин Д.Ичинхорлоо гуайн нөхөр нь болж жүжигт тоглож байлаа. “Алтан үе”-ийн алдартнуудтай мөр зэрэгцэж явсан үе минь сэтгэлд тодхон байна. Би амьдралдаа төрсөн өдөр, цагаан сарын баяр тэмдэглэж үзээгүй. Гэтэл өнөөдөр 70 насны ойн баяр тэмдэглээд явж байгаа их сонин тохиолдол юм. Би уг нь өөрийгөө 20 настай гэж боддог. Гэтэл театрын хамт олон намайг 70 настай болгочихлоо. Би энэ алдартай жүжигчдийн хувьд бол юу ч биш ээ. Хэрвээ сайн жүжигчин болъё гэж бодож байгаа бол драмын театр болон Монголын кино урлагт өөрийнхөө орон зайг авьяас билгээрээ мөнхлөн үлдээсэн алдартнуудаа судалж байж мундаг жүжигчин болно. Үр үндсээс нь эхлээд судлах хэрэгтэй шүү гэж залуу жүжигчид, оюутнуудад хэлмээр байна. Ш.Долгор, Ө.Ренцэнноров гэж хоёр хүн надад “Жарантав минь үргэлж тайзтайгаа хамт явдаг юм шүү” гэж хэлсэн. Жарантав алтан тайзан дээрээ үхэн үхтлээ байна. Намайг драмын театрын Жарантав гэж овоглох учир алтан тайзандаа үхтлээ хайртай явна” гэлээ.
УДЭТ-ын дэд захирал, төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд “Монголын театр өнөөдөр цэцэглэн хөгжиж байна. Тэр цэцгийн үндсийн үндэс нь энэ хүмүүсийн л уран бүтээлээс эхтэй юм. Тийм учраас драмын театр жилдээ нас тэгширч байгаа ахмадуудынхаа ойг тэмдэглэхийн зэрэгцээ тэднийхээ арга туршлага, уран бүтээлийг залуу хойч үедээ уламжлан үлдээх зорилготой. Бид төрийн өмнө драмын урлагийг хариуцаж байдгийн хувьд энэ урлагт залуу нас, авьяас билгээ зориулсан ахмадуудаа ийнхүү хүндэтгэж байна. Өөрийнхөө сургааль, туршлагыг үлдээж, бидэнтэй хамт ажиллаж байгаа Лха.Долгор гуай биднийг “Алтан үе”-тэй минь бат холбогч нь юм. Тиймээс Лха.Долгор гуайдаа хандаж “100 насныхаа ойг хамтдаа тэмдэглэхийн төлөө зүтгэнэ шүү. Та минь урт наслаж удаан жаргаарай” гэж хэлмээр байна.
Ардын жүжигчин Л.Цогзолмаа “А.Цэрэндэндэвийгээ дурсаад ярихад бид “Учиртай гурван толгой” жүжигт 10 гаруй жил хамтарч тоглосон. Ямар ч үед хамтран тоглож байгаа хүнээ чирээд аваад явчихдаг. Нэг зүйлийг сонирхуулаад ярихад Нансалмаа тайзан дээр гүйж гарч ирдэг нэг хэсэг байдаг. Гэтэл надад “Монгол хүүхэн гүйх, орос хүүхэн гүйх хоёр шал ондоо. Чи монгол хүүхэн шиг гүйгээч” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Энгийн үедээ ч, тайзан дээр ч жигтэйхэн гялалздаг хүн байлаа. “Цогт тайж” кинонд бид хоёр эсрэг тэсрэг дүр бүтээж байхад надад их санаа тавьж зөвлөгөө өгч “Чи тэгээч, ингэж хийгээч” гэж хэлдэг байсан. Ардын дууг сайхан уянгалуулна. Театрын урлагт ахмадуудаа мартах хандлага байгаа шүү. Драмын театрын 40 жилийн ойгоор А.Цэрэндэндэв хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохоор ирсэн юм билээ. Гэтэл жижүүр нь оруулаагүй юм гэсэн. Тэгэхэд хачин их гомдсон гэсэн.Тэгээд “Намайг Алтан-Өлгийд битгий нутаглуулаарай. Нутагт минь оршуулаарай” гэж ярьдаг байсан гэсэн. Тиймээс ахмад үеийнхэнтэйгээ болгоомжтой хүндэтгэлтэй хандаж, харьцаарай. Тэр сайхан хүн шиг монгол жүжигчин олон төрөн гарах болтугай” гэв.
УДЭТ-ын залуу уран бүтээлчдийн нэгдсэн “Бид мартахгүй” тоглолтоор дахин агуу алдартнуудаа хүндэтгэл үзүүлэв. Тоглолтод Лха.Долгор өөрийнхөө залуу халуун насандаа тоглож байсан “Оролмаа” жүжгийнхээ Бүжидийн дүрийг амилуулсан юм. Тэрбээр хэдий 90 нас хүрсэн ч тайзан дээр ааштай, донжтой гэгч жүжиглэж үзэгчдийг баясгав. З.Жарантав дуу дуулж, шүлэг уншиж, өөрийнхөө шилдэг гэсэн үзүүлбэрийг үзүүлэв. С.Буяннэмэхийн бичсэн “Үнэн” жүжгийн хэсгээс жүжигчин Цэрэнболд, Анир хоёр тоглов. Түүний бичсэн “Уран сайхны шинэ хүчин” гэдэг шүлгийг драмын театрын залуу жүжигчид уншиж, дурсгал дор нь мэхийн ёслов. Үүний дараа жүжиглэх ур чадварыг гарамгай эзэмшсэн Д.Чимэд-Осорын “Малчин бүсгүй” дууг ҮДБЭЧ-ын дуучин, гавьяат жүжигчин Н.Амгалан дуулав. Мөн М.Шолоховын зохиол “Сэтгэлийг шинэтгэсэн” нь жүжгийн өвгөн Шукарийн дүрийн хэсгээс гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин С.Болд-Эрдэнэ хоёр тоглолоо. Ийнхүү “Төрд хэрэгтэй зайран” төрүүлсэн эзнийхээ 100 жилийн ойтой дэлгэцнээ дахин учирсан юм. Гавьяат жүжигчин А.Цэрэндэндэвийн “Цогт тайж” киноны хэсгээс түүвэрчлэн авч Амгаланбаатар, Баясгалан, Эрдэнэбилэг нар дүр бүтээв. Тоглолтын дараа УДЭТ-ын уран бүтээлчид Лха.Долгор, З.Жарантав хоёрт хүндэтгэл үзүүлж, театрын зүгээс нэгэн шийдвэрийг гаргасан. Лха.Долгор гуайд сар бүр 300 мянган төгрөг өгч байхаар болсон бол З.Жарантавт сая төгрөг гардуулан өгөв. Өөрсдийнхөө авьяас билэг, оюун ухаанаа Монголын урлагийн түүхэнд үлдээж, бүтээлцсэн, бүтээж яваа ахмадуудын минь урлагийн их арвин өв соёл үеийн үед, хойчийн хойч үед мандан бадрах болтугай гэж ерөөе.
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин