Уго Чавес залгамжлагчаа зарлав

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

Уго Чавес залгамжлагчаа зарлав

Түүнд дахин хорт хавдар илэрчээ

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес эрүүл мэндийн шалтгаанаар төрийн тэргүүний үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүйд хүрвэл албан тушаалыг нь хүлээж авах ёстой хүний нэрийг зарлав. Ерөнхийлөгчийн сонгууль хугацаанаасаа өмнө болбол одоогийн дэд ерөнхийлөгч, 50 настай Николас Мадурог сонгохыг У.Чавес Венесуэлийн иргэдэд уриалжээ. “Ясны хувьсгалч, залуу хүн гэхэд арвин их туршлагатай, ажилдаа үнэнч хүн” хэмээн тэрбээр Н.Мадурогийн тухай яриад, улс оронд хэрэгжүүлж буй социалист өөрчлөн байгуулалтыг үргэлжлүүлэн удирдаж чадна хэмээн түүнд итгэдгээ хэлсэн байна. Харин У.Чавесийг бодвол ард иргэдийн сэтгэлийг татах, манлайлах чадвараар дутуу Н.Мадуро төрийн тэргүүн болбол социалистууд, тэр дундаа Засгийн газрын гол албан тушаалуудыг хашдаг цэргийнхний санаанд нийцнэ гэдэгт эргэлзэж байгаагаа улс төр судлаачид илэрхийлж байгаа юм.

У.Чавес Кубад очиж шинжилгээ өгснийхөө дараа, биед нь хорт хавдрын эс дахин илэрснийг өнгөрсөн бямба гаригт зарласан билээ. Ингэснээр тэрбээр хагалгаанд дөрөв дэх удаагаа орох шаардлагатай болсон байна. “Мэс засалд орох явдал зайлшгүй бөгөөд туйлын чухал болоод байна. Өмнөхийн нэгэн адилаар Бурхан тусалж, бид энэ бэрхшээлийг давах нь гарцаагүй. Би үүнд бүрэн дүүрэн итгэж байна” гэж тэрбээр хэлжээ.

Хорт хавдар туссан нь тодорхой болсон өнгөрсөн оны зунаас хойш тэрбээр Кубад хэдэнтээ очиж, гурван удаа хагалгаанд орсон бөгөөд зургадугаар сард хийсэн мэс заслаар ходоодны хорт хавдраа авахуулсан юм. 2012 оны хоёрдугаар сард хийлгэсэн сүүлийн мэс засал чухам ямар зорилготой байсан нь тодорхойгүй боловч хэдэн сарын дараа У.Чавес өвчнөө ялсан, сонгуульд оролцоход бэлэн байна гэдгээ мэдэгдсэн билээ. Гэхдээ 2011 оны  намар ч тэрбээр бүрэн эрүүл болсон хэмээн мэдэгдэж байсан удаатай.

У.Чавес өнгөрсөн 10 дугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын 55 хувийн саналыг авч ялсан бол өрсөлдөгч Энрике Каприлес нь 44 хувийн санал авсан юм. Хуулиараа бол түүний бүрэн эрхийн хугацаа 2019 онд дуусна. Энэ сарын дундуур Венесуэлд орон нутгийн сонгууль болох бөгөөд ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан сөрөг хүчин даагаа нэхэхээр бэлтгэж байгаа юм.

С.БЕРЛУСКОНИ ЕРӨНХИЙ САЙДЫН АЛБАН ТУШААЛД ДАХИН ӨРСӨЛДӨХӨӨР БОЛЛОО

Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлускони Засгийн газрын тэргүүний суудалд дахин өрсөлдөхөөр болсноо зарлав. 76 настай С.Берлускони бямба гаригт хэлэхдээ “Ард нийтийн эрх ашгийн төлөө би дахин зүтгэхээс аргагүйд хүрлээ. Өмнөхийн нэгэн адилаар хариуцлага хүлээх эрмэлзлэл маань намайг ийм алхам хийхэд түлхэж байна” гэжээ.    

Тэрбээр санхүүгийн луйвар хийсэн хэргээр өнгөрсөн 10 дугаар сард тэнсэн харгалзах ял авсан юм. С.Берлусконийн тэргүүлдэг, одоогийн эрх баригч эвсэлд багтдаг “Эрх чөлөөт ард түмэн” нам одоогийн ерөнхий сайд Марио Монтийн Засгийн газрыг дэмжихээс татгалзаж байгаагаа өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн бөгөөд ингэснээр бүх нийтийн сонгууль хугацаанаас өмнө болж болзошгүй болсон билээ. Тэгвэл өчигдөр М.Монти ирэх оны улсын төсвийг парламент баталсны дараа огцрох болсноо мэдэгдсэн юм. 2011 оны 11 дүгээр сараас хойш Италийн Засгийн газрыг тэргүүлж буй тэрбээр ерөнхийлөгч Жоржио Неаполетанотой өчигдөр хоёр цаг уулзаж ярилцсаны эцэст энэ шийдвэрээ зарласан байна. Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэхэд парламентын зүгээс хангалттай дэмжлэг авч чадахгүй байгаа учраас ийм шийдвэр гаргаснаа тэрбээр хэлжээ. Италийн хуулиар ерөнхийлөгч парламентыг тарааж, хугацаанаас өмнөх сонгуулийг зарлах эрхтэй юм. Нөхцөл байдал ингэж эргэсэн тул С.Берлускони эдийн засгийн хатуу бодлого явуулж буй одоогийн Засгийн газрыг хайр найргүй шүүмжилнэ хэмээн улс төр судлаачид үзэж байна. 

С.Берлускони 1994-2011 оны хооронд гурван удаа Засгийн газрыг тэргүүлсэн бөгөөд хамгийн сүүлд еврогийн бүст буй болсон хямралын улмаас намд нь гарсан хагарлын улмаас ерөнхий сайдын албанаас огцорсон юм. Түүний дараа Засгийн газрыг тэргүүлсэн нам бус М.Монтийн үед татвар, ажилгүйдэл нэмэгдсэн нь Италийн иргэдийн нэлээд хэсгийн дургүйцлийг төрүүлж байгаа бөгөөд С.Берлускони эрх баригч эвслээс намаа гаргаснаар ирэх сонгуульд сонгогчдын чухам энэ хэсэгт түшиглэж оролцоно хэмээн улс төр судлаачид үзэж байгаа аж. Гэхдээ социологийн судалгаагаар, “Эрх чөлөөт ард түмэн” намд соногчдын дөнгөж 15 хувь нь санал өгөх төлөвтэй байгаа бол М.Монтиг дэмжсээр буй зүүн төвийн Ардчилсан нам санал асуулгад тэргүүлсэээр байгаа гэнэ. Мөн С.Берлусконийн эргэж ирж чадах эсэх нь хууль эрхзүйн хувьд эргэлзээтэй байгаа аж. 10 дугаар сард шүүхийн шийдвэрлэснээр бол тэрбээр дөрвөн жил шоронд хоригдохоос гадна төрийн албыг хаших эрхээ гурван жилээр хасуулсан юм. Өршөөл үзүүлэх хуулиар түүний хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольсон боловч албан тушаал эрхлэхийг хориглосон шийдвэр нь хүчин төгөлдөр хэвээр байгаа аж. Гэхдээ С.Берлусконийн өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг давж заалдахаар бэлтгэж байгаа бөгөөд амжилт олсон тохиолдолд экс ерөнхий сайдын улс төрд эргэж ирэх зам нь нээгдэх юм.

Б.АМГАЛАН
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж