Ингээд Зам тээврийн яамны Далайн захиргааны Хуулийн зөвлөх Д.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
-Далайд гарцгүй Монгол Улс усан замын тээвэрт бусад улсын хөлөг онгоцуудад зөвхөн далбаагаа ашиглуулж орлого олох хэлбэрээр оролцдог. Гэтэл үе үе Монголын далбаатай хөлөг онгоц саатуулагдсан, хар наймаатай холбоотой байж болзошгүй гэсэн мэдээлэл сонсогдохоос бус олон нийтэд өөр нарийн мэдээлэл байхгүй байх шиг байна?
-Монгол Улс Хөвсгөл нуурт онгоц аялуулж эхлээд 100 гаруй жил, яг усан замын тээврийн салбар үүссэн 60 гаруй жилийн түүхтэй юм. Далайн тээвэр гэдэг бол зөвхөн нэг орны асуудал биш, дэлхийн орнуудыг хамарсан асуудал байдаг учраас дэлхийн болоод улс орны маань нийгэм, эдийн засаг өөрчлөгдөхийн хэрээр даган, хөгжин хувьссаар ирсэн. Монгол Улс төрийн далбаагаа гадаадын орнуудын хөлөг онгоцонд ашиглуулж, түүнээсээ улсын төсөвт орлого оруулж байна. Үндсэндээ манай улс далайд гарцгүй орон учир өөрсдөө хөлөг онгоц бүтээн, аялуулж, үүнийгээ бүрэн хянах боломжгүй байгаа ч одоо БНСУ-тай хамтарч далайн тээврийн компани байгуулах тухай ярьж байна. Энэ хамтын ажиллагаа маань амжилттай хэрэгжвэл бид олон улсын далайн замын тээврийн салбарт нэвтэрч чадах юм.
-Одоогоор манай улсын далбаа ашиглаж байгаа хэдэн хөлөг онгоц байдаг вэ?
-Одоогийн байдлаар Монгол Улсын далбааг мандуулан далайд гарч байгаа байнгын бүртгэлтэй 320 хөлөг онгоц байна. Ойрын хугацаанд шинээр доод тал нь 30 онгоц нэмж бүртгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүнд Сингапурын 121, Малайзийн 44, Вьетнамын 27, Панамын 24, Хонгконгийн 25, Индионезийн 18, Хятадын 13, Малтийн таван хөлөг онгоц манай далбааг мандуулж яваа. Манай далбааг Сингапур хамгийн ихээр ашигладаг учир нь Монгол Улс Сингапуртай “Монголын хөлөг онгоцны бүртгэл” хамтарсан компани байгуулан бүртгэлээ тэндээ явуулдаг. Газарзүйн байршлын хувьд ч далбаа ашигладаг хамгийн олон онгоцтой гэдэг утгаар ч харилцаа холбоо сайтай ажилладаг.
-Манай улсын далбааг мандуулна гэдэг бол улсын л нэр төрийн асуудал. Тэгэхээр Монгол Улсын далбаатай хөлөг онгоц хууль бус тээвэр хийсэн гэх мэт асуудал дэгдээд байгаа гэдэгт ямар хариулт өгөх вэ. Нэгэнт зөрчил гаргаж хар дансанд орсон хөлөг онгоцуудад далбаагаа хэрэглүүлэхээс татгалзаж болно биз дээ?
-2009 онд манай далбаатай 40-өөд хөлөг онгоц зөрчил гаргаж байсан бол энэ жил 10 болж буурсан. Далайн захиргаанаас 2010 оноос эхлээд зөрчил гаргаж байсан гэх зарим хөлөг онгоцыг хар данснаас гарахаар идэвхтэй ажиллаж байгаа. Хар дансанд орсон шалтгаан нь янз бүр, жишээ нь тухайн хөлөг онгоц маань галын хорны тоо нь дутуу байх, гал тогооны тоног төхөөрмж хуучирч муудан эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэх мэт олон шалгуур үзүүлэлтийг хамардаг зүйл л дээ. Ер нь бол хууль тогтоомж, дүрэм, стандартыг мөрдөж ажиллахад хар жагсаалтаас гарах бүрэн боломж бий гэж үзэж байгаа.
-Ер нь болж бүтэхгүй бараа тээвэрлэдэг “но”-той хөлөг онгоцнууд Монгол Улсын далбааг ашиглаж далайд гардаг гэсэн яриа гардаг. Хөлөг онгоц, бараа бүтээгдэхүүн, тээвэрлэлтийн зориулалт гээд яаж хянаж, шалгаж байж далбаагаа ашиглуулдаг юм бэ?
-Олон шалгуур бий. Тухайлбал, хөлөг онгоцыг далайд гарах тухайн эргийн улсын гаалийн байгууллага, олон улсын хөлөг онгоцны техникийн хяналтын байгууллага, нарийн мэргэшсэн техникийн байгууллагууд шалгадаг юм. Ингэхдээ далайд гарахад хөлөг онгоцны байгууламж, хөдөлгүүр, бусад тоног төхөөрөмжийн техникийн бүрэн бүтэн байдал, ажиллагсад, зорчигчдын амь нас, ачаа барааны аюулгүй байдлыг хангах явдал байна. Монгол Улс далбаагаа ашиглуулсныхаа хувьд эндээсээ бүрэн шалгалтыг хийх эрхтэй. Тодруулбал, манай далбаатай хөлөг онгоц хаана, хэдийд явж байна гээд л. Жишээ нь, Атлантын далайд манай улсын далбаатай хөлөг онгоц явж байхад бид тэнд нь очиж хяналтаа хийх эрхтэй гэсэн үг. Үүнд гарах зардлыг тухайн хөлөг онгоцыг эзэмшиж байгаа улс даах ёстой. Гэвч одоогийн байдлаар манай талаас шалтгаалах хангалттай бүртгэл, программ хангамж дутмаг байгаа учраас иймэрхүү шалгалт хийх боломжгүй байна. Цаашдаа энэ боломжийг хангахаар л ажиллаж байна л даа.
-Төрөөс энэ салбарт ямар бодлого баримталж, хэрхэн дэмжлэг үзүүлдэг вэ?
-Төрөөс бол ямарваа хөрөнгө мөнгө төсөвлөдөггүй. Бодлогын төвшинд анхаардаг гэж хэлж болно. Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зам тээврийн салбарт барих бодлогод анх удаа далайн тээврийн салбарын тухай тусгасан. Энэ ажлын хүрээнд хамгийн гол нь далбаа ашиглаж байгаа хөлөг онгоцуудын бүртгэлийг сайжруулах, энэ салбар дахь боловсон хүчнээ бэлтгэх, орлогоо нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
-Тэгвэл Монгол Улсын эрх зүйн орчин хэр байна вэ?
-Монгол Улсын хувьд Далай ашиглах тухай хууль болон Усан замын тээврийн тухай хоёр гол хуулиар зохицуулагдаж байна. Үүн дээр нэмэгдээд далайн салбарын олон улсын конвениуд бий. Монгол Улс 26 орчим олон улсын гэрээнд нэгдэж орсон байдаг. Тэгэхээр үүнд ерөнхийдөө дамжин өнгөрөх тээвэр, аюулгүй байдал, байгаль орчин хамгаалах, хог хаягдал, тээвэр, гээд олон хууль тогтоомжийг мөрдөх ёстой байдаг юм.
-Энэ хоёр хууль ер нь усан замын тээвэрт үйл ажиллагаа цаашдаа явуулахад хангалттай юу?
-Далай ашиглах тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлэн болоод байгаа. Учир нь анх 1999 онд батлагдаж байсан хуулийг өнөөдрийн нийгэм, эдийн засгийн байдалд нийцүүлэн бодлогын төвшинд ч өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсон. Хамгийн гол асуудал нь бүртгэл. Бид бүртгэл болоод хяналтаа эндээсээ бүрэн хийх боломжийг судалж байна. Шаардлагатай программ хангамж суурилуулах хэрэгтэй байна. Ер нь хууль батлаад л байдаг, түүнийгээ хэрэгжүүлэх тогтолцоо нь дутмаг байдгаас л асуудал их үүсдэг шүү дээ.
-Манай улс гадны хөлөг онгоцуудад далбаагаа ашиглуулаад асар их хөрөнгө хуримтлуулах боломжтой гэдэг. Басхүү хөшигний цаана бизнес өрнөж байна гэсэн шүүмжлэл ч бий. Хэдий хэмжээний орлого олоод түүнийгээ улсад хэрхэн төвлөрүүлдэг юм?
-Онгоц бүртгэх үйл ажиллагааны улмаас 2010-2011 оны хугацаанд орлого илт буурсан байдаг. Энэ нь урьд хамтарч ажиллаж байсан компаниа сольж, бүртгэлийн үйл ажиллагаагаа шинэчилсэнтэй холбоотой. Ер нь далайн тээврийн олсон нийт орлогын 90 хувийг улсын төсөвт төвлөрүүлэх хуультай байдаг болохоор 2010 онд 115 сая төгрөг, 2011 онд 24 орчим сая төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн. 2012 онд 143 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Энэ ондоо төлөвлөгөөгөө биелүүлнэ.
-Монгол Улс далбаагаа ашиглуулаад төлбөрийг хэрхэн тооцож авдаг вэ?
-Далбаа ашиглах хугацаа, хөлөг онгоцны даац зэрэг хүчин зүйлээс хамаараад төлбөр хураамж нь өөр. Яг хэдэн төгрөг байдгийг хэлэх боломжгүй. Байгууллагын нууцад хамаарах асуудал л даа. Ямартай ч олсон орлогын 90 хувийг улсад төвлөрүүлдэг юм.
-Далбаа ашиглуулахдаа ямар шаардлага тавьдаг юм бэ. Хаана эхэлж ханддаг вэ?
-Сингапурт Монголын хөлөг онгоцны бүртгэл хариуцсан компани бий. Тэнд эхэлж хандаж, бүртгэх бүх үйл ажиллагааг нь явуулж байна. Цаашдаа хөрөнгө санхүү, боловсон хүчний туршлагатай болохоороо Монгол Улсдаа бүртгэлээ хийдэг болно. Далбаагаа ашиглуулах бүртгэлийн тогтолцооны хувьд, эхлээд хөлөг онгоцны ахмад болон ажилтнууд нь бидэнд манай далбааг ашиглах, манай улсын бүртгэлд орох тухай хүсэлтээ гаргана. Бид ямар улсын иргэн, ямар тээвэр хийх, хөлөг онгоцны тухай мэдээллийг цуглуулаад, далайд гарахад бэлэн эсэх техникийн бүрэн үзлэгт оруулна. Ингээд шаардлага хангасан гэж үзвэл манай Далайн захиргаанаас эхний ээлжинд гурван сарын түр гэрчилгээ олгодог. Энэ хугацаанд ямар нэгэн асуудал гарахгүй бол ашиглах хугацааг нь сунгаад, байнгын бүртгэлдээ оруулдаг.
-Манай далбаатай хөлөг онгоц аливаа гэмт хэрэгт холбогдвол манай улс ямар нэгэн хариуцлага хүлээх үү?
-Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцонд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Монгол Улсын эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Зарим тохиолдолд тухайлбал хөлөг онгоц маань тухайн зорчиж яваа улсынхаа нийгмийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулбал, тухайн нутаг дэвсгэрийн хуулиар бас зохицуулагдана. Хэрэв ямар нэгэн хэрэг, зөрчил гарвал хөлөг онгоцны ахмад хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтаа явуулна.
-Монголд байрлаж буй Далайн захиргаанд дотооддоо ямар асуудлаар ханддаг юм бэ?
-Дотоодын усан замын тээврийн ашиглалтын тухай хандах боломжтой. Жишээ нь, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд өөрсдийн завиараа Туул голоос тэрэлж хүртэл хөвөх үйлчилгээ нэвтрүүлье гэх мэт гэсэн санал ирүүлдэг. Үүн дээр нэмэгдээд мэдээж, орон нутгийн усан замын тээврийн асуудлыг эрхлэн хариуцдаг.
-Өмнө нь зөвхөн далбаагаа ашиглуулдаг байсан бол манай улс цаашдаа далайн тээврийн салбарт гүнзгий оролцож эхэлнэ гэж байсан. Энэ талаар тодруулна уу?
-Далайн захиргаа нь БНСУ-тай далайн тээврийн хамтарсан компани удахгүй байгуулна. Ингэхдээ тухайн улсын хуулиар, Өмнөд Солонгос улсад бүртгэлтэй, нээлттэй далайд хөлөг онгоцоор ачаа тээвэрлэх юм. Өмнөд Солонгос улс бол далайн тээврийн салбарт туршлага сайтай, хөлөг онгоц өмчилж, эзэмшиж, мөн түрээсийн хөлөг онгоцоор тээвэр хийдэг. Тиймээс манай улсад асар их туршлага болох болно.
-Далайд гарцгүй ч бусад улстай хамтраад компани байгуулаад, мэргэжилтнээ бэлтгэснээр цаашдаа далайн тээврийг дагаад худалдааны салбарт гарах нөлөөг хэрхэн харж байна вэ?
-Уул уурхай сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа бол энэ бүтээгдэхүүнийг далайгаар тээвэрлэж олон улсад гаргах боломж бүрдэж байна. Цаашдаа зөвхөн уул уурхай гэхгүй, бүхий л төрлийн худалдааг өргөжүүлэхэд ашигтай.
-Далайд манай далбаа намираад л байдаг. Монгол залуус ер нь далайн тээврийн бодит нөхцөл байдал дээр нь ажилладаг юм уу. Боловсон хүчний хэрэгцээ хэр байдаг вэ?
– Боловсон хүчний хэрэгцээ ер нь дутмаг. Цаашдаа дурдсанчлан Өмнөд Солонгостой хамтарсан компани байгуулах учир боловсон хүчин шаардлагатай. Тиймээс Далайн захиргаанаас 2013 онд 10 оюутныг БНСУ руу явуулах гэж байна. Олон нийтэд сонгон шалгаруулалтаа зарлаад эхэлсэн.
-Далайчин бэлтгэнэ гэсэн үг үү?
-Тийм ээ. Өмнөд Солонгост Далай, загас, агнуур, технологийн институтын дөрвөн жил үздэг программыг 1.5 жилийн түргэвчилсэн маягаар сургалт явуулж, гуравдугаар зэргийн далайчны гэрчилгээтэй төгсгөнө. Энэ нь Өмнөд Солонгосын талын тэтгэлэг бөгөөд амжилттай суралцаад төгсвөл ажлын байр бэлэн гэсэн үг. Байр хоол, ирэх очих нислэгийн зардал, сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал бүх зардал орсон. Энэ арванхоёрдугаар сарын 4-нөөс 25-ныг хүртэл оюутнуудыг бүртгэнэ. Сонгон шалгаруулалтаа хийж дуусаад, хэлний бэлтгэлд сургаж байгаад ирэх гуравдугаар сард Өмнөд Солонгос руу явуулах юм.
-Өмнө нь ингэж далайчин бэлтгэж байсан уу?
-Далайчин гэдгээр өмнө нь бол бэлтгэж байгаагүй. Энэ салбарын мэргэжилтнийг бол Орос, Швед, Солонгост бэлтгэж байсан.
-Монголдоо бэлтгэх боломж нөхцөл хэр байна?
-Яг энэ асуудлаар бид судлаад Улаанбаатар төмөр замын дээд сургуульд 2013 онд далайн тээврийн анги нээхээр төлөвлөсөн. Энэ ангид 10-20 оюутан бэлтгээд, эхний хоёр жилд ерөнхий эрдмийн хичээл үзээд, сүүлийн хоёр жилд мэргэжлийн хичээлээ үзээд явах юм. Ингэхдээ онгоцны ахмад, хөлөг онгоцны цахилгааны, харилцаа холбоо мэдээллийн инженер гэх зэрэг мэргэжилтнүүдээ бэлтгэж эхэлнэ.
-Бусад орны хувьд усан замын салбартаа ямар бодлогыг баримталдаг бол?
-Манайх далайд гарцгүй орон учраас адилхан далайд гарцгүй орнууд энэ усан замын тээврээ хэрхэн хөгжүүлж чадсан туршлагыг судлах маш ач холбогдолтой юм. Жишээ нь, Швейцарь улс гэхэд далайд гарцгүй орон хэрнээ далайн тээврээрээ тэргүүлэх орны нэг. Учир нь эрх зүйн орчин сайтай, хуулийн биелэлт сайн, салбартаа идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг.
-Тэдний туршлагыг Монголд ашиглах боломжтой юу?
-Боломжтой. Түүнээс гадна далайн тээврийн туршлагатай улсын хувьд Австралиас туршлагыг судлахаар шинжээчдыг нь урьсан байгаа. Цаашдаа Олон улсын Далайн байгууллагатай ойр хамтран ажиллах зорилттой байна.
-Сүүлийн үед олны хамгийн их анхаарал татаад байгаа нэг
асуултыг асуух гэсэн юм. МАХН-ын дарга Н. Энхбаярын дүү Н.Энхтуяа
Сингапурт байрлах Монголын далбаатай хөлөг онгоцуудыг хариуцдаг Далайн
захиргаанд ажиллаж байгаад оргон зайлсан. Одоо Интерполоос эрэн
сурвалжилж байна гэж буй. Ямар ажил хариуцан эрхэлдэг байсан юм бэ?
-Н.Энхтуяа
нь Сингапурт байрлах Монголын хөлөг онгоцны бүртгэл компанид ажиллаж
байгаад 2009 онд хүсэлтээ гаргаж, ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Сингапур
дахь тус компани болоод Далайн захиргаанд тэр ямар нэгэн хор хохирол
учруулаагүй. Одоо ямар хэрэгт холбогдоод байгаа тухай тодорхой мэдээлэл
байхгүй учраас үүнээс өөр зүйл хэлэх аргагүй байна.