“Эвсэл задарвал сайн зүйл авчрахгүй”

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

“Эвсэл задарвал сайн зүйл авчрахгүй”

УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай орон нутгийн сонгууль, болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнөөдрийн улс төрийн байдлаас яриагаа эхэлье. Намын жагсаалтаар орж ирж байгаа гишүүд УИХ-ын гишүүн байхаас татгалзах, дараагийн гишүүд орж ирэх зэргийг сонгуулийн хуулинд яаж зохицуулсан юм бэ. МАХН-аас Ц.Оюунбаатар нэр дэвшигчийг оруулна, оруулахгүй гээд л яригдаад байна. Мөн МАХН хамтарсан Засгийн газраас гарвал жагсаалтын гишүүд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөнө гэх мэт зүйлүүд байна?

-УИХ-ын сонгуулийн хуулиар намын жагсаалтаар нэр дэвшээд сонгогдсон гишүүд бүрэн эрхээсээ татгалзах, бусад шалтгаанаар гарсан тохиолдолд дараагийн гишүүд орох заалт бий. Гэхдээ тухайн нам бол цул байгаа тохиолдолд болох юм. Гэтэл зарим нэр дэвшигчид “Шударга ёс” эвслийн бүлгийн нэрээр орж ирсэн. Гэтэл эвслээс жагсаалтаар орж ирсэн гишүүдийг төлөөлж чадахгүй болж байгаа юм. Эвслийн нэрийн өмнөөс тойргоос сонгогдсон гишүүд бол тодорхой сонгогчдоо санал авсан. Харин жагсаалтаар орж ирсэн гишүүдийн хувьд эрхзүйн ойлгомжгүй байдал үүсч байгаа юм. Үүнийг зохицуулах тодорхой заалт байхгүй байгаа юм.

-МАХН-МҮАН-ын эвсэл задарвал намын жагсаалтын гишүүдийг зохицуулах хуулийн заалт байхгүй гэсэн үг үү?

-Тийм ээ. Намын жагсаалтаар орсон гишүүд бүрэн эрхээсээ татгалзвал дараагийн гишүүн орно гэсэн байгаа. Гэтэл хоёр намаас бүрдсэн эвсэл задарвал жагсаалтаар орж ирсэн гишүүд нь яах вэ гэдгийг зохицуулах зүйл байхгүй. Үүсээд байгаа нөхцөлтэй уялдуулж хэлэхэд эвсэл задарвал эвслийг бүрдүүлж байгаа нам, улстөрийн хүчнүүдэд сайн зүйл авчрахгүй.

-МАХН хамтарсан Засгийн газраас гарна гэдгээ мэдэгдсэн. Эвсэл, АН-тай гэрээ байгуулж хамтарсан Засгийн газар бүрдүүлсэн. Уг гэрээнд аль нэг нам эвсэл Засгийн газраас гарвал яах вэ гэдгийг тусгасан уу?

-Гэрээнд тусгаснаар аль нэг тал дангаараа гэрээг цуцлах эрх байхгүй. Хоёр тал бие биедээ мэдэгдэж, тохиролцсоны үндсэн дээр гэрээг цуцлах тухай яригдана гэж би ойлгосон. Нэг  намдаа мэдэгдэлгүйгээр гэрээ байгуулсан хамтарсан Засгийн газраас гарна гэдэг нь гэрээнд тусгасан хууль зүйн талаас, ёсзүйн талаасаа ч зохимжтой шийд биш. Гэхдээ энэ бол АН-ын асуудал биш. Эвслийн намууд өөрсдөө хоорондоо тохиролцож, шийдэх нь зүйтэй.

-МАН-ыг бүлэгтэй болгох асуудал хойшилж, гацааж байна гэх шүүмжлэлийг МАН-ын зүгээс олон хэлж байна. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг яагаад хойшлуулаад байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төсөлд МАН-ын бүлэгтэй холбоотой заалтаас илүү өргөн хүрээтэй хуулийн төсөл. УИХ-ын дэгийн тухай хууль, завсарлага авах, нэг байнгын хороонд хэдэн гишүүн харьяалагдах, нэг гишүүн хэдэн байнгын хороонд харьяалагдах, Засгийн газрын гишүүний үүргийг давхар гүйцэтгэж байгаа гишүүд ямар байнгын хороонд харьяалагдах зэрэг олон асуудал байгаа. Ер нь бол МАН-ыг бүлэгтэй болгох буюу УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах УИХ-ын дарга сонгогдсоноос 24 цагийн дотор нам, эвсэлүүд бүлэгтэй болох хүсэлтээ өргөн барьсанбайх ёстой гэдгийг өөрчлөх асуудал тусгагдсан. Өөрөөр хэлбэл 24 цагийг хугацаагүй болгох, тухайн бүлгийн гишүүдийн өргөн мэдүүлснээр үйл ажиллагаа явуулах гэж өөрчилсөн байгаа. Гэхдээ энэ хуулинд олон чухал асуудал тусгагдсан. Тиймээс МАН-ын гишүүд бусад нам эвслүүд ярьж зөвшилцөж байж, энэ хуулийн яаж хурдан хугацаанд урагшлуулах вэ гэдэг талаар ойлголцож, зөвшилцөх тал дээр ажиллах ёстой. Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаа ч завсарлага аваад яваад байвал хойшлоод л байна.

-Богино хугацаанд хуулийг нь баталсан ч Орон нутгийн сонгуулиа зохион байгуулчихлаа. Орон нутгийн сонгуулийн явцыг дүгнээд хэлбэл?

-Энэ удаагийн Орон нутгийн сонгууль хүйтний улиралд болсноороо ирц хүрэхгүй байх, дахин санал хурааж, хөрөнгө мөнгөний зардал гарах вий гэж багагүй санаа зовоож байсан. Гэвч орон нутгийн сонгуулийг ерөнхийд нь амжилттай болсон гэж дүгнэж байна. Хөдөө орон нутагт дахин санал хураалт болох байх гэж санаа зовж байсан боловч орон нутгийн иргэд сонгуульд маш идэвхтэй оролцсон. Зарим нэг хэсгүүдэд дахин санал хураасныг эс тооцвол. Харин хамгийн мэдээлэлд ойр байдаг, санал өгөх боломжтой хот суурин газрын сонгогчид саналаа муу өгсөн. Үүнийг хот суурин газрын сонгогчид төрийн ажилд оролцох оролцоо өмнөх жилүүдийг бодвол буурсан гэж үзэж болно. Нийт дүнгээр нь аваад үзвэл 1040 төлөөлөгчийн  50.5 хувийг Ардчилсан нам авсан. Энэ нь АН орон нутгийн сонгуульд ялалт байгууллаа гэж дүгнэж болохоор байна.  Ингэхдээ онцлог гэмээр аймаг дүүрэгт АН-ыг сонгосон тохиолдол гарсан. Тухайлбал, Сүхбаатар аймаг 75 хувь, Баян-Өлгий аймагт 63.6 хувь, Өмнөговь 63.6 хувь, Ховд 64.3 хувиар гэх мэтээр ялалт байгуулсан. Өмнө нь МАН-ыг дэмжиж ирсэн Ховд, Увс аймгийн сонгогчид АН болон АН-аас нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэсэн байна. Нийслэлд мөн ялгаагүй Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул  дүүргүүдэд АН-ыг дэмжсэн. Мөн ИЗНН, “Шудрга ёс” эвслийн бүлгүүд тодорхой санал авах  байх гэж бодсон боловч жагсаалтаар л нэг, хоёр суудал авлаа. Авсан суудал нь зөвхөн намын жагсаалтаар орж ирж байгаа. Үүнээс харахад сонгогчид одоог хүртэл АН, МАН хоёрт илүү итгэл хүлээлгэж байгаа нь харагдаж байна.Энэ удаагийн Орон нутгийн сонгууль холимог системээр явуулснаараа онцлогтой.

Аливаа сонгуульд хууль яаж хэрэгжиж, ямар зөрчил, алдаа оноо байсныг дүгнэж, дараагийн сонгуульдаа хуулийн зөрчлийг арилгах, засч, сайжруулах ажлыг хийж байх ёстой. Орон нутгийн сонгуулийн хууль ерөнхийдөө боломжийн болсон. Зайлшгүй  засах хэд хэдэн асуудал байна. Тухайлбал, сонгуулийн хороог төрийн албан хаагчдаар бүрдүүлсэн нь зөв байсан уу гэдгийг харах хэрэгтэй. 22 мянга гаруй төрийн албан хаагч тойргийн хороодод ажилласан. Мөн төрийн албан хаагчид  нам, эвслээс харьяалалгүй, хараат бус, намаасаа түдгэлзсэн байх ёстой. Гэтэл энэ удаагийн тойргийн хороодод ажиллаж байгаа төрийн албан хаагчид намын үзэл бодлоор хандах, нэг талыг баримталж ажилладаг байдал түгээмэл ажиглагдсан.  Үүнээс шалтгаалан баримт, нотолгоотой зөрчлийг тойргийн хороо шийдвэрлэхгүй байх, өөрсдийн эрх ашгийг бодож шийдэхгүй байсан асуудал олон газар гарсан. Иргэний бүртгэл мэдээллийн систем дутмаг байлаа. Мэдээллийн системийн боломжийн хэмжээгээр ашиглан цахим үнэмлэх хэвлэн тараасан ч нэг мөр болоогүй байна. Орон нутгийн сонгуульд ороллцогч тухайн хаяг дээр 180-аас доошгүй хоног амьдарсан байна гэх сонгуулийн хуулийг зөрчиж, гадаадын харьяат болсон иргэн нэр дэвшсэн байх, хуульд заасан хоногоос бага хугацаанд тухай нутаг дэвсгэрт оршин суусан хүнийг сонгогчдын нэрсийн жагсаалтад бичсэн байх гэх мэтийн зөрчил илэрсэн. Сонгогчийн шилжилт хөдөлдгөөнийг тухай бүрт нь бичиж, тэмдэглэж байх нь чухал гэдэг нь харагдлаа. Тиймээс дараагийн хуулиудад энэ бүгдийг цэгцэлж, нэг мөр болгох шаардлагатай байгаа юм.

-Төрийн албан хаагчдыг тойргийн хороодод ажиллуулснаар саналаа өгч чадахгүй байх тохиолдол гарсан. Мөн 160 гаруй мянган оюутан саналаа өгөөгүй гэж байгаа?

-Энэ удаагийн сонгуульд 22 мянган төрийн албан хаагчдын зарим нь саналаа өгч чадахгүй асуудал гарсан. Тухайлбал, аймгийн төвд амьдардаг төрийн албан хаагч сумын тойргийн хороонд ажилласнаар саналаа өгч чадаагүй. Оюутнуудын хувьд ч гэсэн оршин суугаа газраа санал өгөхийг нь хуульд тодорхой заагаагүй учраас саналаа өгч чадаагүй. Тиймээс дараа дараагийн сонгуульд хуульчлан зохицуулах шаардлагатай байна гэж харж байгаа юм. Сонгуулийн зохион байгуулахад орон нутгийн төр захиргааны байгууллагын оролцоо маш муу байлаа. Аймаг, сум, багийн дарга нар өөрсдөөс шалтгаалах ажлыг хийж гүйцэтгээгүй. Тухайлбал, иргэний бүртгэл тодорхой болоогүй байгаа нь орон нутгийн удирдлагуудын үйл ажиллагаанаас шалтгаалсан. Үүнээс болж иргэний бүртгэл нэг мөр болоогүй. Тиймээс орон нутгийн удирдлагуудыг идэвхитэй ажиллахыг хуульд тусгах гэх мэт ажлыг хийж гүйцэтгэх зэргийг цаашид анхаарах хэрэгтэй байлаа.

-Нийслэлийн зургаан дүүрэгт дахин санал хураасан. Гэтэл өмнө нь олонхийн санал авсан нэр дэвшигч дахин санал хураалтаар бага санал авах тохиолдол олон гарсан. Сонгогчдын санал хүчингүй болж байна. Үүнийг сонгуулийн хуулинд тусгах боломж байгаагүй юм уу?

-Орон нутгийн сонгуулийн хуульд дахин санал хураалтыг ирц хүрээгүй ч гэсэн олонхийн санал авсан нэр дэвшигчийг ялалт байгуулсанд тооцно гэж байгаа. Уг нь бол анхны санал хураалтад оролцсон иргэд тодорхой нэр дэвшигч, намын мөрийн хөтөлбөрийг дэмжиж  саналаа өгсөн. Сонгогчид саналаа баталгаажуулж саналаа өгсөн бол эхний үр дүн хэвээр гарах байсан. Гэтэл өөр үр дүн гарч байна гэдэг нь сонгогчдын идэвхи муу байгаатай холбоотой. Нам, эвсэл ч гэсэн идэвхи санаачлага муу байсан байх гэж бодож байна.

-УИХ-ын дарга нэг ярилцлагадаа Орон нутгийн сонгуулийн хуулийг МАН-ын шахалтаар баталсан гэж байсан. Цаг давчуу учраас алдаа дутагдал гарсан уу?

-Орон нутгийн сонгуулийн хуулийг батлах явц олон нийтэд ил байсан. Урт хугацаанд хэрүүл маргаантай, хойшилж байж батлагдсан. Хэлэлцэх шатандаа удсан учраас санал хураалт явуулах өдөр оройтсон. Үүнд мэдээж УИХ-д үйл ажиллагаа явуулж байгаа намуудын хоорондын зөвшилцөөгүй нь хугацаа удааширсанд нөлөөлсөн гэж бодож байгаа. Зөвхөн Орон нутгийн сонгуулийн тухай хууль ч бус УИХ-ын тухай хууль ч гэсэн явж явж гэнэт нэг өдөр батлагдсан. Ер нь бол өнөөдрийн үүсээд байгаа улстөрийн нөхцөл байдал УИХ-ын сонгуулийн хуулийн үр дагавар. Хэрэв хууль арай өөрөөр гарсан бол УИХ-ын чуулганы танхим энэ 76-аас өөр хүмүүс суух магадлал өндөр байсан.  Тэгэхээр холимог систем нь зөв байсан эсэх. Буруу байсан бол яах вэ, хүчнүүдийн харьцаа ямар байх байсан бэ гэдэг ч юм уу анализ хийх асуудал олон байгаа. Гэхдээ энэ бол улстөр судлаачид дүгнэх асуудал. Миний бодлоор бол УИХ-ын үр дагаврыг өнөөдөр бид өөрсдөө амсч байна гэж хэлэх гээд байгаа юм.

-Сонгуулийн хуулийг зургаан сарын өмнө батлах ёстой гэж заасан байдаг. Тиймээс ирэх  хавар болох болох Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн өргөн барьсан уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг тогтсон практикийн дагуу тухай жилийн  тавдугаар сард зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд ч энэ хугацаанд зохион байгуулна гэж бодож байна. УИХ-ын даргын захирамжаар байгуулсан УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төсөл дээр ажиллаж байна. Энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд намууд, эвслийн гишүүдийн төлөөлөл багтсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд зургаан сарын өмнө батална гэсэн заалт байхгүй. Гэсэн ч Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг эрт батлах зайлшгүй шаардлагатай. Сонгууль зохион байгуулахтай холбоотой, нэр дэвших нам, эвсэл бэлтгэлээ хангах гээхд хуульд заасан оролцох үйл ажиллагаандаа эртнээс бэлтгэх хэрэгтэй учраас энэ ондоо багтааж батлах юм. Ажлын хэсэг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд хэд хэдэн зарчмын шинжтэй санал боловсруулсан. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хариуцлагыг УИХ, Орон нутгийн сонгуулийн хуульд заасны адил хариуцлагын тогтолцоог  тусгахаар тогтсон. Энэ хариуцлагын тогтолцоо хоёр удаа туршигдсан, хууль зөрчиж болохгүй гэдгийг нэр дэвшигчдэд ойлгуулсан байгаа. Сурталчилгааны хувьд мөн дээрхи хоёр хуулийн заалтуудыг тусгана. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд зааснаар Ерөнхийлөгч нь бүх ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч, эрх ашгийг хамгаалдаг тусгай үүрэгтэй учраас зарим зүйлд өөр байна. Сонгуулийн сурталчилгааны хугацаа өмнө нь 47 хоног байсныг өөрчилж, хугацааг багасгах ёстой гэсэн зарчмыг барьж ажиллана. Мөн санал хураалтыг автоматуулсан системээр тоолно. Орон нутгийн сонгуулийн хуульд оюутануудын саналыг Ерөнхийлөгчийн  сонгуульд яаж оролцуулах вэ гэдгийг хууль хэлэлцэх шатанд тусгах ёстой.

Ш.ОЮУНЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж