Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

76:1

Бид 76:1 уламжлалт булангаараа УИХ-ын эрхэм гишүүдийн хэн нь хэн бэ гэдгийг танилцуулдаг билээ. Энэ удаад УИХ-ын гишүүн Г.Баярсайханы хөргийг хүргэж байна.

УИХ-ын 2008 оны сонгуулиар УИХ олон шинэ залуусаар цус сэлбэсний нэг нь эрхэм гишүүн Гардьхүүгийн Баярсайхан байв. Шинэ гишүүд улс төрд өөрийн гэсэн байр суурь, өнгө төрхтэй болоход тодорхой цаг хугацаа шаардагддаг. Зарим нь төдий л удалгүй зүгширч олны танил болоход нөгөө хэсэг нь хөлөө олохгүй гэлдэрч товчлуурын “зарц” болсоор бүрэн эрхээ төгсгөн, их улс төрөөс чимээ дуулиангүйхэн арчигдах жишээтэй. Том улс төр гэдэг сүүнд унасан хулгана цуцалтгүй сэлсээр цөцгий болгон амьд гарч ирэх, эс бөгөөс шууд живж үхэхийн аль нэгэн болдгийн адил адармаатай тоглоом юм.

Тухайн үед Ардчилсан намын шинэхэн түшээдээс Г.Баярсайхан гишүүн арай содон дүр төрхийг илтгэдэг юм. Сонгуульд нэр дэвшигчдийн олонхи нь  сонгогчдод санаанд орсноо амлаж, ам даавуу, атга гурил тараан хөөрцөглөдөг бол тэрээр дэлхийн анхны дархан газар болох Богдхан уулын араас Чингэлтэй хайрханаа, алсдаа дөрвөн их уулаа тахилгатай болгож ойжуулж, моджуулах санал дэвшүүлэн гарч ирсэн. Тэр амлалтдаа ч хүрч Чингэлтэй хайрханыг өнгөрсөн хавар дархалж чадсан юм. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, экологийн тэнцвэрийг хангах түүний санаачлагыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн сонгогчид дэмжин итгэл үзүүлж Их Хуралд илгээв. Парламентын гишүүн болсон эхний өдрүүдээс л Г.Баярсайхан өөрийн гэсэн байр суурьтай, олонхийг дагаж товчлуур дардагүй нэгэн болохоо харуулж чадсан юм. УИХ-ын 2004 оны сонгуулиар бүрдсэн парламентын анхдугаар чуулган дээр Ардчилсан намын  арав гаруй гишүүн С.Баярын хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулалгүй орхиод байсан иргэдэд Эрдэнийн хувь хүртээх амлалтыг нөхөн тусгах зэрэг зарим асуудлаар намын бүлэг дотроо цөөнхийн байр сууринаас хандаж байв. Тэндээс эхлэн нэлээд асуудлаар Г.Баярсайхан гишүүн өөрийн гэсэн бодолтой, нөлөөнд автаж олонхийг дуурайдаггүй хүн гэдгээ харуулж эхэлсэн юм. Оюутолгойн гэрээг буруу болсон гэж шүүмжлэгч гишүүдийн нэг нь Г.Баярсайхан гишүүн байлаа.

Монголын ардчиллын түүхэнд хар толбо болж үлдсэн 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний явдал чирэгдэл үргэлжилж, хүүхэд, залуус олон цөөнөөрөө “хар гэр”-ийн хатавч руу илгээгдэж байхуйд үзэл бодлоо илэрхийлсний золиосонд улс төрийн хоригдол болсон тэднийг өршөөж, цагаатгах ёстой гэсэн байр суурийг УИХ-ын гишүүд дотроос тууштай барьсан гишүүдийн нэг нь Г.Баярсайхан байсан юм. Үймээний үеэр амиа алдагсдын ар гэрийнхэн өвлийн хүйтэнд Төрийн ордны гадна эрхэм түшээдийг царайчилж, хоригдогсдын аав ээж, эхнэр хүүхэд Хууль зүй, дотоод хэргийн яамны үүдийг сахин энэрэл ивээл горилж зогсоход эрхэм гишүүн Г.Баярсайхан л Өршөөлийн хуулийн төсөл санаачилж, ангийн нөхдийнхөө дэмжлэгийг авч гарын үсгийг нь зуруулахаар Шаргал ордны урт урт хонгилуудаар гүйж өнждөг байлаа.

Эрхэм гишүүн Г.Баярсайхан хүний эрхийн төлөө санаа тавьдаг нь учиртай. Түүний эцэг, хөрс судлаач, академич доктор Ж.Гарьдхүү социализмын үед коммунист үзэл суртлаас ангид сэтгэснийхээ төлөө Дорнод аймгийн Сүмбэрийн сангийн аж ахуй руу цөлөгдөж, бяцхан Г.Баярсайхан аавтайгаа хамт цөллөгийн амт үзэнгээ эрдэм шинжилгээний ажлыг нь сонирхож, эцгийн шийрийг нь хатаан экологийн доктор болсон байна. Бас УИХ дахь цөөхөн эмч гишүүний нэг юм. Түүнийг УИХ-ын гишүүн болсон цагаас нь эмчийн хуурамч дипломтой гэх хэл ам дагалдсан ч түүнийг үл тоосоор намжааж чадсан.

Өнгөрсөн УИХ-ын үеэр Г.Баярсайхан гишүүн экологич хүний хувьд Ойн сав, Усны сав газрыг хамгаалах тухай хуулийг шинэчлэх хуулийн төсөл санаачилж, урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэсэн. Оюутолгой, Тавантолгойн ордуудыг ашиглах гэрээний төслүүдийг ярилцаж байхад тэрбээр өөрийн гэсэн зарчмын хатуу байр суурь илэрхийлдэг байлаа. Хэдийгээр эдгээр ордыг эдийн засгийн эргэлтэд даруй оруулах нь зөв ч монголчуудад ашиггүй гэрээ хийх гэж буйг эсэргүүцсэн гишүүдийн нэг нь Г.Баярсайхан гишүүн байсан юм . АН, МАН хоёрыг иргэдэд амласан 1,5 сая төгрөгийг өгч чадахгүй нь байна шүү гэдгээ эртхэн хэлж, уучлалт гуйвал таарна хэмээн хатуу хэлдэг гишүүн тэр байв. Төрийн ордны арын цэцэрлэгт Парламентын ордон барих асуудлыг Ногоон бүлгийнхээ хамт намжааж чадсан. Ордон барихыг эсэргүүцэж тэр цэцэрлэгт мод тарьсан гээд өмнөх УИХ-ын үед олон олон содон үйлийн эзэн болж байлаа.

Тэрээр УИХ-ын 2012 оны сонгуулиар мөн л Чингэлтэй дүүргээсээ сонгогдон төрийн түшээ болсон. Нэр дэвшихээсээ өмнө тойрог олдолгүй сандарсан ч АН-ынхантайгаа гандан бууралгүй үзэлцсээр хуучин тойрогтоо эзэн сууж чадсан юм. Чингэлтэй хайрханаа дархлуулах амлалтаа биелүүлсэн хүн нүүр бардам хуучин тойрогтоо дэвшсэн хэрэг. Дахин сонгогдоод удалгүй  шуугианы эзэн болсон. Сонгогдож орж ирснийхээ дараахан УИХ-ын гишүүн байгаад татгалзсан МАН-ын У.Хүрэлсүхийн өөдөөс салаавч гаргаж, хариуд нь чуулганы танхимын үүдний өрөөнд чирэгдэн очиж шанаадуулан дуулиан дэгдээж байлаа. У.Хүрэлсүх гишүүнийг шүүхэд өгөхөө мэдэгдээд байсан ч “ангийн анд” нь төдий л удалгүй гишүүнээсээ татгалзан тэр хоёрын “салаавч”, “шанаа”-ны хэрэг явдал намжив.

УИХ-ын гишүүд толгой дараалан тодорсон хуульч, торойсон эдийн засагч байх албагүй. Өнөөдөр дийлэнх улстөрчид тийм байх гэж хувийн тоглолт хийн улайран өрсөлдөөд чухамхүү экологи, хүний эрхийн салбарт хоосон орон зай үлдээгээд байгаа юм.

Өөрийнх нь нэрийн хуудас болсон экологийн салбартаа элэгтэй, хүний эрхийн төлөөх тэмцэлдээ үнэнч явбал Г.Баярсайхан гишүүн ирээдүйд улстөрч алдраа дархлаажуулж, УИХ-ын суудалд хэдэнтээ улиран сууж магадгүй. Ер нь сайн улстөрч болох хүн аль нэг салбарт гялалзан гарч ирж чадвал карьераа өсгөх шат нь тэр болдог билээ.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж