Н.Төгсцогт, Г.Ган-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.09-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт, Г.Ган-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртлээ

“World Cup of Petroleum Countries” буюу Нефтьтэй орнуудын “Дэлхийн цом”-ын тэмцээнээс Монголын ширэн бээлийтнүүд хоёр мөнгөн медаль хүртлээ. ОХУ-ын Белоярск хотноо энэ сарын 6-нд эхэлсэн тус тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр финалын тоглолтууд болж, аваргын төлөө тулалдсан манай хоёр боксчин хоёул ялагдсанаар мөнгөн медаль дээр буув.

Лондонгийн олимпиос хойш анхны тэмцээндээ оролцсон, ингэхдээ жин өгсч 56 кг-д тоглосон Гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөөдөр аваргын төлөө рингний эзэн орон ОХУ-ын боксчинтой тулалдаж, оноогоор ялагдал хүлээсэн бол 49 кг-ын жинд залуу тамирчин Г.Ган-Эрдэнэ алтан медалийн төлөө Казахстаны тамирчинд дийлджээ.

Олимпийн наадмаас хойш анхны тэмцээндээ оролцохоор хилийн дээс алхсан Монголын боксчид тус тэмцээнд дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, ийнхүү мөнгөн медалийг ихэрлүүллээ. 60 кг-ын жинд тулалдсан ОУХМ Д.Отгондалайгийн тухайд Молдавын тамирчныг ялж, хүрэл медалийн төлөө Армяны боксчинтой тоглож, оноо тэнцэн шүүгчдийн саналаар ялагдал хүлээжээ. Харин 64 кг-д эх орноо төлөөлсөн Ц.Отгон-Эрдэнэ эхний тулаандаа Латвийн Артурс Ахметовст 13:8 харьцаатай дийлдсэнээр тэмцээнийг орхижээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж