С.Дэмбэрэл: Танхим бизнесменүүдийг хагаралдуулах бодлого бариагүй

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

С.Дэмбэрэл: Танхим бизнесменүүдийг хагаралдуулах бодлого бариагүй

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ өөрийн байрандаа хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулав. Өнгөрсөн сарын сүүл үеэс дуулиан шуугиан тарьж эхэлсэн “Монгол-999” үндэсний компаниудын нэгдэл хийгээд танхимын гишүүн томоохон аж ахуйн нэгжүүдийн аль аль нь Тавантолгойн ордыг  ашиглахад гар бие оролцох хүсэлтэй байгаа. Харин энэ асуудалд  МҮХАҮТ ямар байр суурьтай байгаа  талаарх мэдээлэл хамгаас сонирхол татаж байлаа. Энэ тухай тус танхимын дарга С.Дэмбэрэл хэлэхдээ:

-“Монгол-999” консорциумыг МҮХАҮТ үгүйсгэж буй мэтээр буруу ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах боллоо. Гэвч энэ бол үнэхээр ташаа мэдээлэл. Манай танхимын зүгээс “Монгол-999”-ийн үзэл санааг бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Жижиг компаниудын нэгдэл томоохон компаниудыг сөргөлдүүлсэн байдал огт гаргаагүй гэдгийг давтан хэлье. Манай танхим бизнес эрхлэгчид болоод компаниудыг зэрэг дэвээр нь хэзээ ч ялгаварлаж байгаагүй. Манай гишүүн байгууллагуудын 90 хувь нь жижиг аж ахуйн нэгж байдаг. Тийм болохоор жижиг аж ахуйн нэгжийг дэмжихгүй гэсэн бодлого  байж болохгүй биз дээ. Нөгөөтэйгүүр Тавантолгойн ашиглалтад үндэсний компани оролцох ёстой гэсэн байр суурийг бид анхнаасаа барьж ирсэн. Танхимын гишүүн аж ахуйн нэгжүүд Тавантолгойн ашиглалтад оролцох төслөө боловсруулаад Засгийн газарт өргөн барьсан. Энэ нь “Монгол-999”-ийг үгүйсгэсэн явдал гэж ойлгож болохгүй. Бид хэн хэнийг нь дэмжиж байгаа. Тэднийг хагаралдуулах бодлого огтхон ч бариагүй. Харин танхимын зүгээс Монголын хувийн хэвшил 20 нас хүрч эр бие жагслаа, одоо төр хувийн хэвшлийнхэндээ итгэл хүлээлгэх цаг болсон гэдэг байр суурьтай байгаа.

-“Монгол-999”-д танай танхим нэгдээгүйд хүмүүс гайхаж байгаа. Итгэхгүй байгаагийн илрэл ч гэж дүгнэх нь байна?

-Танхим яалаа гэж элсэх вэ. МҮХАҮТ бол төрийн бус байгууллага. Компани биш учир нэгдэх боломжгүй.

-Олон жижиг компани нэгдсэн тохиолдолд дотоод гадаад зах зээл дээр IPO хийж хөрөнгө босгох боломжгүй гэсэн мэдээлэл цацагдаж байгаа. Энэ тал дээр таны бодлыг сонсоё.

-IPO хийхэд тавигддаг олон шалгуурын нэг нь компанийн замнал байдаг. Тэгэхээр ”Монгол-999” ойрын таван жилдээ хүлээлтийн байдалтай байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ дан ганц хөрөнгийн зах зээлийг хараад байлтгүй мөнгө босгох олон арга байна. Тэдгээрийг ашиглахад болохгүй юмгүй.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж