Сөрөг хүчнийхэн ерөнхийлөгчийн ордны эргэн тойрны хамгаалалтыг сэтлэн нэвтэрч, ерөнхийлөгч нь Үндсэн хуулийн тунхагаа цуцалж, Үндсэн хуулийн бүх нийтийн санал асуулгыг болиулахаас нааш тэмцлээ зогсоохгүй гэж мэдэгдсэний дараа эрх баригчид дээрх мэдэгдлийг хийсэн байна. Ерөнхийлөгчийг дэмжигчид ба эсэргүүцэгчдийн хоорондын сөргөлдөөний улмаас хэдэн зуун хүн хэлмэгдсэн аж.
Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси арваннэгдүгээр сарын 22-нд Үндсэн хуулийн шинэ тунхаг гэгчийг гаргаж, ерөнхийлөгчийн эрх мэдэлд хууль тогтоох эрхийг аван, Үндсэн хуулийн Зөвлөлдөх зөвлөлийг (парламентын дээд танхим) болон гол хуулийг боловсруулж байсан комиссыг хянах үүргийг болиулсон билээ. Ардчилсан хүчнийхэн уг тунхагийг “төрийн эргэлт”, ерөнхийлөгчийг “фараон” гэж нэрлээд тэр баримт бичгийг цуцлахыг шаардаж байгаа юм.
Мурси бүх нийтийн санал асуулгыг хойшлуулахад бэлэн. Гэхдээ…
Ерөнхийлөгч Мохаммед Мурси өөрийн эрх мэдлийг өргөжүүлсэн зарлигаа цуцалсан тухай Agence France Presse мэдээлжээ. Мурси Египетийн улс төрийн хөдөлгөөний лидерүүдтэй уулзсаныхаа дараа буюу ням гаригт шилжих шөнө дээрх шийдвэрийг гаргасан байна. Үндсэн хуулийн бүх нийтийн санал асуулгыг хойшлуулах боломжийн талаар өмнө хэлж байснаасаа тэрээр татгалзан, арванхоёрдугаар сарын 15-нд товлосны дагуу санал хураалт явагдана гэжээ.
Өнөөгийн сөргөлдөөний шалтгаан болсон Мурсигийн Үндсэн хуулийн тунхагийн дагуу шинэ Үндсэн хуулийг ерөнхийлөгч баталснаас хойш 15 хоногийн дотор бүх нийтийн санал асуулга явагдах ёстой. Үүгээр ерөнхийлөгч сөрөг хүчний зүгээс шүүхэд хандах гомдлоос өөрийгөө хамгаалахаар зэхсэн байна гэж орон нутгийн шинжээчид дүгнэж байгаа юм.
Дэд ерөнхийлөгч Мекки бүх нийтийн санал асуулгыг хойшлуулж магадгүй гэсэн мэдэгдэл хийсний дараахан Сонгуулийн ерөнхий хороо гадаад орнуудад эхлээд байсан санал хураалтыг хойшлуулж, ирэх лхагва гаригт явуулж эхлэхээр төлөвлөснөө мэдэгджээ. Каирт болж буй хүчирхийллийн улмаас Египетийн дипломатууд “цус урсгасан” Үндсэн хуулиар санал хураах ажиллагааг зохион явуулахаас татгалзаж буйгаа илэрхийлээд байна.
Ерөнхийлөгчийн ордны дэргэд эсэргүүцэл өрнүүлж буй сөрөг хүчнийхэнтэй Мурсийг дэмжигчид мөргөлдөсний улмаас тус орны улс төрийн хямрал улам хурцдаад байна. Хамгийн сүүлийн мэдээгээр “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний зарим хүмүүс “булаан эзлэгчидтэй” тулаан хийхийг уриалсан боловч тус байгууллагын удирдлага үүнийг зөвшөөрөөгүй байна. Тэд ерөнхийлөгчийн ордны зэргэлдээ талбайд тайван жагсаал хийж, Мурсийг дэмждэгээ илэрхийлж байна. Хөдөлгөөний удирдагч нарын нэг, Каир хотын салбарын лидер Мухаммед аль-Бальтаги мэдэгдэхдээ “Хөдөлгөөний гишүүд амиа золиослон дэглэмийг хамгаалахад бэлэн” гэжээ.