Энэ жилийн хувьд “Цэнгэл” продакшны уран бүтээлчид МУ-ын Засгийн газраас жил болгон зарладаг хүүхдийн уран бүтээлийн уралдаанд хүүхдийн дууны цомгийн төрлөөр оролцож шалгарснаар, үе үеийн хөгжмийн зохиолчдын хүүхдийн 20 дуунаас бүтсэн, цэцэрлэг болон бага дунд ангийнханд зориулан бүтээсэн “Хүүхэд насны дуулал” цомог гаргажээ. Цомгийг ССАЖЯ-ны Соёл урлаг хөгжүүлэх сангаас санхүүжүүлсэн байна.
“Хүүхэд насны дуулал” цомгийг нийт 3000 хувь хэвлэсэн бөгөөд ССАЖЯ-наас тус цомгийг нийслэлийн бүх цэцэрлэг, сургуульд түгээх ажлыг Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулж эхэлжээ. Цомогт монгол хүүхдүүдийн хэлд оронгуутаа дуулдаг 50 жилийн түүхтэй “Маамуу нааш ир” дуунаас эхлэн Ш.Сүрэнжавын үг, С.Мааяагийн хөгжим “Миний ном”, хүүхдийн дууны хаан гэгддэг Л.Галмандах багшийн “Бага насаа хайрлаж явна” зэрэг үе үеийн шилдэг 16 зохиолч, 15 хөгжмийн зохиолчийн бүтээл багтсан аж.