Боловсрол, шинжлэх ухааны яам ч мөн сурагчдын өвлийн амралтын хугацааг сунгах асуудлыг хөндөж байсан юм. Тиймээс хүйтний улиралд хүүхдүүдийг өмнөхөөс урт хугацаанд амруулах асуудлыг холбогдох газрууд ойрын үед шийдэх бололтой.
Нийслэл өвөлжилтөд бэлэн үү? Энэ асуудлыг нилээд өргөн хүрээнд авч хэлэлсэн Удирдлагын зөвлөлийн хуралд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн захирал С.Төмөрхүүгийн танилцуулснаар Улаанбаатарын цахилгаан ачаалал 11–р сарын байдлаар 410 мВт ачаалалтай байгаа юм байна. 2012 онд их засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаар нийт 38 нэр төрлийн 2.59 тэрбум төгрөгийн ажил хийж, үүний үр дүнд 2011-2012 оны өвөл хэт ачаалагдаж байсан 35 кВ-ын 2 трансформатор, 6(10)кВ-ын 97 дэд станцийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн байна. Одоогийн байдлаар 35 кВ-ын 2 дэд станц хэт ачаалалтай, 5 дэд станц их ачаалалтай, 5(10)-ийн дэд станцийн 188 трансформатор 80-аас дээш хувийн ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд 100 ба түүнээс дээш ачаалалтай 50, 90-100 хувийн ачаалалтай 57, 80-90 хувийн ачаалалтай 81 дэд станц байгаа тухай тэрбээр танилцуулав. Одоо нэн яаралтай шийдвэрлэх ёстой 90-ээс 100 хүртэл хувийн ачаалалтай 57 трансформаторт, 400 кВА-ын 10 кВ-ын трансформатор 20 ширхэгийг шинээр авахад 380 сая төгрөг, шугамын утас авахад 195 сая төгрөг нийт 575 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Харин эдгээр 57 дэд станцийг шинэчлэх асуудлаар салбарын яам ямар нэг байдлаар төсөв шийдээгүй гэдгийг тэрбээр хэлж байв.
Засаг дарга Э.Бат-Үүл “Өвөлжилтийн бэлтгэл хангах тухай Захирамж гаргаж, албан даалгавар өгөх үед, цахилгаан, дулааны хүрээнд өвөлжилтөнд бэлэн, шаардлагатай ажлуудыг хийсэн гэж хэлж байсан. Харин ид хүйтний үеэр гэнэтийн зайлшгүй шийдэх асуудлууд гарч ирлээ гэж байгаа нь урдчилан сэргийлэх чиглэлээр ямар нэг бэлтгэл ажил хийгээгүйг харуулж байна гэж би ойлгож байна. Тиймээс, цаашдаа дулаан болон цахилгаан ханамжийг тасалдуулахгүй байх тал дээр онцгой анхаарч, урдчилан сэргийлэх чиглэлээр томоохон ажлуудыг хийх нь чухал” гэдгийг онцолжээ.
Иргэдийн дунд энэ жил дулаан хангамж сааталтай байна, зарим хорооллын халаалт муу байгаа гэх гомдол их байгаа ч энэ асуудлыг ямартай ч нийслэлийн удирдлагууд анхааралдаа авч эхэлж байна.