“Дуулан архидах” газрын үйлчлүүлэгчид залуужжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.09-нд нийтлэгдсэн

“Дуулан архидах” газрын үйлчлүүлэгчид залуужжээ

Архидалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ эхнээсээ эерэг нөлөө үзүүлж байна. Ямар ч байсан шөнийн цэнгээний газрууд 21 нас хүрээгүй иргэдэд үйлчлэх нь тодорхой хувиар багасч, нэлээд нь үйлчлүүлэгчдийнхээ бичиг баримтыг шалгадаг болсон байна билээ. Нэг хүнд жилдээ хорь гаруй литр архи ногддог манай орны хувьд энэ бол үнэхээр таатай мэдээ.

Харамсалтай нь, 21 нас хүрээгүй иргэд нийлж, архидан согтуурах газраа яаж ийгээд олсоор л байна. Сүүлийн үед хүүхэд залуусын хамгийн ихээр үйлчлүүлж байгаа газар нь караоке бар болжээ. Нэг хэсэг караоке гэдэг нас тогтсон, ахимаг насныхны үйлчлүүлдэг газар гэсэн ойлголт байсан бол харин одоо эсрэгээрээ болжээ. Захын нэгэн караоке нэртэй газарт ороод, гарч байгаа болон зөрөөд орж байгаа үйлчлүүлэгч нь 21 нас хүрээгүй гэдэг нь хэнд ч тодорхой харагдана. Гэтэл мөнгө л олж байвал хамаагүй эдгээр газрууд хуулиар зөвшөөрөгдсөн насанд хүрээгүй иргэдэд үйлчилгээ үзүүлсээр л байна. Мөнгийг нь л төлсөн бол тус тусын өрөөнд орчихдог болохоор “тэд” хэн нэгнээс айж эмээхгүйгээр ганц нэгэн дуу дуулангаа биесийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж, улсаас өгч буй далан мянга, эцэг эхийнхээ зовж олсон хэдэн төгрөгийг үрж суудаг бололтой. Тэгээд ч хууль хяналтынхан шөнийн цэнгээний газар болон уушийн газруудыг л хараа хяналтандаа авч шалгадаг болохоос биш “дуулангаа архиддаг” дээрх газруудыг бараг л шалгадаггүй. Улаанбаатар хотын гудамжаар тав алхаад л дайралдах КАРАОКЕ гэсэн хаяг, жижиг олон өрөөтэй эдгээр үйлчилгээний газрууд ч хууль журмыг үл хайхран үйл ажиллагаагаа явуулсаар л байна. Гэхдээ бас аливаа юм хоёр талтай гэгчээр  үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд буруутай боловч бас эцэг эхээсээ хэд гурван төгрөг салган, дээрх газруудаар үйлчлүүлэхээр бусдын нүднээс нуугдан яваа хүүхэд залуус ч бас буруутай. Эдгээр иргэдийн дийлэнх нь нэг, хоёрдугаар дамжааны оюутнууд байх бөгөөд нэлээд хувийг нь арван жилийн ахлах ангийнхан эзэлдэг юм билээ. Ингээд хэн хэн нь буруутай ч буруугаа ухаарахгүй байгаа үед яавал зохилтой вэ?

Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад үе үе хууль хяналтын байгууллагууд нэгдсэн бичиг баримтын шалгалт явуулж, зөрчил гаргасан албан байгууллага, хувь иргэнтэй хатуухан хариуцлага тооцож байвал архи хэмээх хорт усанд живэхээ шахсан эх орны минь ирээдүй болсон залуус эрүүл бие, саруул ухаантай үлдэх нь гарцаагүй.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж