Тэмцээн өнгөрөгч пүрэв гаригт эхэлсэн бөгөөд Монголын ширэн бээлийтнүүдээс 49 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ маргааш аваргын алтан медалийн төлөө тоглохоор шалгараад байгаа бол Гавьяат тамирчин Н.Төгсцогт 56 кг-д өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдахаар болжээ.
Г.Ган-Эрдэнийн хувьд Латви болон ОХУ-ын тамирчдыг ялж, маргааш алтан медалийн төлөө Казахстаны тамирчинтай тоглохоор болсон байна. Харин Лондонгийн олимпиос хойш анхны тэмцээндээ оролцож буй Н.Төгсцогт дөрөвний нэг шигшээд Казахстаны тамирчныг 17:7 харьцаатай ялснаар өнөөдөр хагас шигшээд Азербайжаны боксчинтой нударга зөрүүлэхээр болжээ. Өнөөдрийн учраагаа ялбал маргааш аваргын төлөө тоглох эрхтэй болох юм.
“Дэлхийн цом”-ын рингэнд гарч тулалдсан бусад боксчдын тухайд 60 кг-ын жинд ОУХМ Д.Отгондалай Молдавын тамирчныг ялж, хүрэл медалийн төлөө Армяны боксчинд ялагдсан байна. Харин 64 кг-д эх орноо төлөөлсөн Ц.Отгон-Эрдэнэ эхний тулаандаа Латвийн Артурс Ахметовст 13:8 харьцаатай дийлдсэнээр тэмцээнийг орхижээ.
НЭМЭЛТ 18:10 цагт:
Гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөөдөр "Дэлхийн цом"-ын рингэнд ээлжит тулаанаа хийж, Азербайжаны боксчныг ялснаар маргааш аваргын төлөө рингний эзэн орон ОХУ-ын тамирчинтай тулалдахаар боллоо.