Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.08-нд нийтлэгдсэн

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг нэмэгдүүлнэ

Шинэчлэлийн Засгийн газар иргэний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэтгэхийг зорьж, 2012-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө энэ талаар дурдсан билээ. Энэ хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газраас хувийн эмнэлэг, эмийн сангуудын төлөөлөлтэй уулзаж, шинэчлэлийн бодлогын талаар хэлэлцсэн байна. Тодруулбал, албаныхан өчигдөр даатгалын гэрээгээр ажилладаг нийслэлийн хувийн хэвшлийн эмнэлэг, рашаан сувилал, эмийн сангийн удирдлагууд, хөрөнгө оруулагчид гээд 100 орчим хүнтэй уулзсан юм. Энэ үеэр эмийн сангуудаас сарын хуваарилагдсан төсөв  хугацаанаасаа өмнө дуусаад байгаа тухай саналаа хэлсэн бол үүнийг албаныхан хянан үзэж, санхүүжилт хүрэлцэхгүй байгаа шалтгааныг судлан тогтоож, хангахад анхааран ажиллахаар болсон байна.

Төрөөс 2013 онд иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх эмийн сангийн бүхий л үйл ажиллагаанд зориулж 11,1 тэрбум төгрөг төлөвлөжээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 537 эмийн сантай даатгалын гэрээ байгуулан ажиллаж байгаагаас нийслэлийн хэмжээнд есөн дүүрэгт 66 эмийн сан байгаа юм. 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хөнгөлөлттэй худалдаж авах эмийн нэр төрлийг 51-ээр нэмэгдүүлэн 390 болгож, хөнгөлөлтийн хувь, хэмжээг 50-80 хувь болгон нэмэхээр болсон ажээ.

Харин Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2012 онд улсын хэмжээнд 142 хувийн хэвшлийн эмнэлэгтэй гэрээ байгуулан ажиллаж байгаагаас  нийслэлд 68, орон нутагт 54 хувийн хэвшлийн  эмнэлэг, нийт 30 рашаан, сувилалтай гэрээ байгуулснаас  нийслэлд 13, орон нутагт 17 байгаа ажээ. Гэтэл даатгалын гэрээ бүхий зарим рашаан сувилал, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд эрүүл мэндийн даатгалын сангаас төлж байгаа тусламж, үйлчилгээний зардлын хэмжээгээр хөнгөлөлт үзүүлэхгүй байна гэсэн гомдол иргэдээс ирдэг байна. Үүнээс болж даатгуулагчаас ор хоногийн төлбөрийг бүрэн тооцон авч даатгуулагчдыг хохироодог асуудлыг цэгцлэх болно гэдгээ албаныхан мэдэгдлээ.

Цаашдаа эрүүл мэндийн даатгалын салбарт дараах ажлыг хийх ажээ.

  • Эрүүл мэндийн даатгалын санг бие даалган, даатгалын санхүүжилтийг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлнэ.
  • Оношлогоо, эмчилгээний чанарын хяналтын үнэлгээг үндэслэн улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг тарифийн ялгаваргүйгээр эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.
  • Төсвийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын сантай уялдуулж, өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээр үйлчлэх үйлчилгээг эрүүл мэндийн, даатгалд хамруулж, өрхийн эрүүл мэндийн төв, гэрээнд заагдаагүй бусад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд хүргэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
  • Иргэдийг цахим карт, хувийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сантай болгож,  эрүүл мэндийн даатгалтай иргэн  харьяалал харгалзахгүйгээр аль ч эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах боломжтой болгох юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж