Хуучирсан мэдээ: 2012.12.08-нд нийтлэгдсэн

EVENTO LLC санаачилан, Монголын Залуучуудын Холбооноос ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, Данийн алдарт MLTR хамтлаг манай улсад өчигдөр, өнөөдөр хоёр тоглолт хийхээр болсон билээ. Хоёр өдрийн тоглолтын билет тун чиг эрэлттэй байгаа. Чингисийн монголд очихыг тэсэн ядан хүлээж байгаа талаараа бичлэг тавьсан хамтлаг монголд ирж өчигдөр эхний өдрийн тоглолтоо хийлээ.


ТОГЛОЛТЫН ХАЖУУГААР БИЗНЕС

Тус хамтлагийн билет суудлын зэрэглэлээс хамаарч 40, 60, 80 мянган төгрөгний үнэтэй байв. Харин шагийн билетүүд 80-100 мянган төгрөний үнэтэй байлаа.

Энэ удаагийн тоглолтын зохион байгуулагчдад талархмаар зүйл нь тоглолтын билет ухаалаг карт байсанд оршино. Энэ нь хуурамчаар үйлдвэрлэнэ гэсэн эрсдэлгүйгээс гадна EVENTO компаний зохион байгуулах дараагийн тоглолтыг хямдралтай үзэх явдал байв.

Үүдэнд нь “Монголын Үнэн” сонингийн редакциас “MLTR” нэртэй сонин хэвлэж, 1000 төгрөгөөр худалдаалж байв. Маш хэрэгтэй байсан энэ сонинг ядаж нэг өдрийн өмнө худалдаанд гаргах ёстой байсан мэт санагдав. Үүний учрыг доор бичсэн байгаа.

Тоглолтын хажуугаарх бас нэгэн бизнес бол гэрлэн дохиур байлаа. Тус бүр 2500 төгрөгийн үнэтэй гэрлийг авсан үзэгч цөөн харагдсан юм.

МОНГОЛЧУУДЫГ ХҮНДЭЛЖ ИРСЭН MLTR

1988 онд байгуулагдаж, 1990 онд дэлхийг байлдан дагуулсан, дэлхийн шилдэг хамтлаг MLTR-ийн тоглолтыг хүндлэлийн тоглолт хэмээн тодорхойлъё.

Нэгдүгээрт, тэд бидний урилгыг хүлээн авсан. Николь Шерзингер, Питбулл гээд л гадаадын хэдэн хамтлаг, дуучид монголд ирж тоглолт хийхээр болж, зарим нь бүүр билетээ худалдаанд гаргачихаад алга болж байсан гашуун туршлага олон. Энэ явдлаас хойш монголчууд гадаадын нэртэй хамтлаг, дуучид манай улсад тоглох талаар тэр бүр итгэхээ больсон юм. Бас л өмнөхийн адил тоглолт нь цуцлагдах болов уу гэсэн айдас, үл итгэлцэл олон нийтийн дунд байсан ч “Michael Learns to Rock” хамтлаг ирэхээ баталж, хамтлагийнхаа албан ёсны хуудаснаа Монголд ирэхээ мэдээлж, энэ талаараа бичлэг хийж тавьсан байв. Бидний сэтгэл ингэж нэг амрав.

Хоёрдугаарт, MLTR монголд ашиг олохын тулд ирээгүй юм. Тэдний Индонезэд хямд тоглосон хэмээх үнэн нь 100 доллар байсан бол манай улсад 40-80 мянган төгрөгөөр билет нь үнэлэгдэв. Харин тэд Монголын фенүүдээ өөрсдийх нь дууг амьдаар сонсох боломж олгож, баярлуулах гэж ирсэн.

Гуравдугаарт, дэлхийн алдарт энэ хамтлаг тун чиг даруу юм. MLTR монголд ирэхээсээ өмнө зохоин байгуулагчдад гурван хуудас шаардлага хүргүүлсэн. Гэхдээ тэр шаардлага нь дэлхийн зарим оддын адил өрөөнд 100 ширхэг сарнай тавих ч юм уу, заавал “Кадилак”, “Линколин” машин хөлөглөнө гэсэн зүйл байгаагүй. Хувцас солих өрөөнд тэр брэндийн виски, тийм жүүс, бөмбөрний цар болон хөл нь тийм байх ёстой энгийн шаардлагууд байв. Энэ нь MLTR өөрсдийгөө монголд нээх их гуйлгуулж ирлээ хэмээн бодоогүй байх гэсэн дүгнэлтэд хүргэсэн юм.

ҮЗЭГЧДИЙГ ДОРГИОХ ГЭЖ ХӨЛСӨӨ УРСГАВ

Ази дахь аялан тоглолтоо манай улсаар өндөрлүүлж буй MLTR хамтлагийн тоглолт цагаасаа бага зэрэг хоцорч эхлэв. Учир нь цагийн үнэ цэнийг мэддэггүй монголчууд цувсаар 19 цагт эхлэх ёстой тоглолт 30 минутын дараа буюу үзэгчид суудлаа эзэлсний дараа эхэлсэн юм.

Хоёр цагийн турш үргэжилсэн тоглолтдоо хамтлагийнхан сэтгэл дундуур байсан болов уу. Учир нь тэд монголчуудыг доргиох гэж хөлсөө урсгав. Телевизээр томоохон оддын тоглолтыг үзэхнээ үзэгчид нь уйлж, хайлаад, ухаан алдаад, дагаж дуулаад л, үүнийг нь харсан өнөөх од өөрөө их л доргиж, сэтгэл нь улам хөдөлж, хувцсаа явдал тун олон.

Харин дэлхийн хамтлаг MLTR үзэгчдийг дуулуулах гэж зовсон юм. Хамтдаа дуулцгаая гэж хэлээд микрофоноо үзэгчид рүү чиглүүлэхэд дуугарах хэд нь 100-ийн 20 хувь нь. Үзэгчид сэтгэл нь хөдлөөгүйдээ эсвэл солгой хоолойноосоо ичээд дуулаагүй хэрэг биш юм. Хөгтэй ч юм шиг шалтгаан бол хайртай хамтлагийнхаа дууны үгийг мэдэхгүй явдал байв. Анхны болон сүүлийн цомгоосоо, бас хит болсон олон дуугаа дуулахад монголчуудын хамт дуугарсан нь “Take me to your heart”, “Paint my love”, “Sleeping child” гэх цөөн дуунууд байв. Бусад дуунуудынх нь нэрийг ч мэдэхгүй байсан гээд хатуу хэлчихэд хилсдэхгүй биз.

Харин тоглолтын дараа MLTR монголчууд үнэхээр биднийг ирээсэй гэж хүссэн юм уу хэмээн бодсон биз. Тэд дууных нь үгийг мэддэггүй фень байдаг гэж хэрхэн мэдэх билээ. Зохион байгуулагчдад болон үзэгчдэд хандан хэлэхэд хэрвээ та өнөөдрийн тоглолтыг нь үзэх бол энэ хамтлагийн хэдэн дууны үгийг хэвлээд очоорой.

ГАНЦ ДУУГ НЬ Л МЭДДЭГ "ФЕНҮҮД"

Алдарт хамтлагийг хүсэн хүлээсэн фень гэж чухам хэн юм бэ? Монголчуудын хувьд MLTR-ийн фень гэгч нь “Take me to your heart” дууг бүрэн мэддэг нэгэн гэж тодорхойлогдов.

2006 онд дэлхийд хамгийн олон удаа татагдсан энэ дууг тоглолтын дундуур хамтлагынхантай хамт дуулахад л MLTR хамтлагийнхны сэтгэл ихэд хөдөлсөн юм. Дуулсан дуу болгоныхоо дараа фенүүдээ баярлалаа гэдэг үгийг харамгүй хэлж байсан MLTR-ийн дөрвөн залуу “Take me to your heart” дууг нь хамт дуулахад одоо л нэг фенүүдээ харлаа гэсэн янзтай баярласан юм.

БАЯРЛАЛАА МОНГОЛЧУУД АА БИШ,
ТА НАРТ БАЯРЛАЛАА MLTR

Үзэгчид үсрээд л гурван дууг нь мэдэж байсан ч MLTR-ийн дуунд үнэхээр л уярсан юм. Уярсан сэтгэл хөдлөлөө “үүаа үүүааа" гэж хашгирах, шүгэлдэх хоёроос өөрөөр илэрхийлж чадаагүй нь харамсалтай. Гэсэн хэдий ч сүүлийн гурван дуугаа дуулахад нь өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж бүгдээрээ босож, танхимаараа нэгдэж байсан нь гайхалтай байлаа.

Бас тоглолтын үеэр монголчууд MLTR-ийн тоглолтыг үзэж буйгаараа бахархаж байгаа нь харагдсан юм. Хаа сайгүй ухаалаг гар утас тоглолтыг бичиж, фэйсбүүктээ зураг, статусаа оруулж, твиттертээ жиргэж баярласан хормоо хуваалцсан үзэгчид маш олон.

Дэлхий даяар цомог нь 11 сая хувиар борлогдсон, мэргэжлийн олон шагналын эзэн, гайхамшигт MLTR-ийн монголчуудтай хамт эхний үдэш ингэж дуусав. Тоглолт дуусахад дэлгэц дээр манай улсын төрийн далбааг гаргаж, дээр нь “Баярлалаа Mongolchuudaa” хэмээх бичиг гарав. Харин Баярлалаа Mongolchuudaa биш, Та нарт баярлалаа MLTR. Монголд дахин ирж, гайхалтай дуунуудаа эгшиглүүлэх ерөөл өргөе.

Эх сурвалж: www.24tsag.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж