Хуучирсан мэдээ: 2012.12.08-нд нийтлэгдсэн

Хоккейн спортыг цохиур, тэшүүр мэдээж хэрэг шайб гэсэн гурван зүйлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Иймээс энэ удаагийн дугаартаа та бүхэнд “хар сум” буюу хоккейн шайбын талаар танилцуулж байна. Хоккейн шайбын албан ёсны стандартаар хэмжээсийн өргөн нь 2,54 см, диаметр 7,62 см, жин нь 170 грамм байдаг.

Каучукан дискний түүх

Хоккейны шайбны гарал үүслийн талаар маш олон түүх яриа байдаг. Түүнчлэн энэ талаар яригддаг домог ярианууд байдаг нь уншигч танд сонин байх болов уу. Тухайлбал, Зөвлөлтийн үеийн сэтгүүлч, зохиолч Николай Агаянц 1974 онд хэвлэгдсэн “Мөсөн дээр зөвхөн мэргэжлийн тамирчид” гэсэн номондоо бичсэн домогт өнөөг хүртэл олон хүн итгэдэг. “Нэгэн удаа Монреаль дахь “Виктория” мөсөн гулгуурын талбайд тоглогчид каучукан бөмбөгнүүдийг цохиж талбайгаас гаргаж байгаад гулгуурын талбайн зэргэлдээ оршиж байсан павильоны шилийг хагалсан байна. Павильоны хагарсан шилний үнэ нь тухайн үед их хэмжээний мөнгөнд тооцогдож байжээ. Мөсөн гулгуурын талбайн эзэн бухимдаж, бөмбөгийг дахин талбайгаас гарч ирэх үед нь түүнийг хурц хутгаар огтлон, каучукан диск болгон хувиргаж, хоккейчдод шидэж өгсөн байдаг. Тэмцээн үргэлжилсээр, харин бөмбөг дахин гадагш үсрэхгүйгээр барахгүй мөсөн дээгүүр улам гоёмсгоор гулсаж байлаа. Түүнийг хаалганд оруулахад илүү хэцүү болж, харин тамирчдаас улам өндөр техник шаардагдаж эхлэв. Энэ өдрөөс хойш бөмбөгийг дахин хоккейн тоглолтонд хэрэглэхээ больсон байна” гэх домгийг Николай Агаянц өөрийн номондоо өгүүлсэн байдаг. Мэдээж хэрэг, энэ бол зөвхөн домог яриа л даа. Харин бодит амьдрал дээр каучукан шайбыг У.Ф. Робертсон гэх эрдэмтэн зохион бүтээсэн юм. Үүгээр ч зогсохгүй тэрбээр хоккейн тоглолтын анхны дүрмүүдийг зохиож байлаа. 1877 оны нэгэн өдөр Робертсон хоккей тоглохыг хүссэн боловч түүнд модон шайб, консервны лаазны оронцог ч байсангүй. Гэнэт түүнд бөмбөгний дээд, доод хэсгийг тасалж диск болгон хувиргах агуу санаа төржээ. Ингэж дэлхийд анх удаа каучукаар хийсэн хоккейны анхны шайб бий болсон байна. Модон шайбыг албан ёсоор 1875-1879 онуудад дөрвөн жилийн турш ашигласан бөгөөд үүнээс хойш дандаа каучукаар хийсэн хоккейны шайбыг хэрэглэж иржээ.

Бодит баримтууд

  • Дөрвөн өөр өнгөөр хийгдсэн шайб байдгийг хүн бүр мэдэхгүй. Тоглолтын шайб хар, дасгал сургуулилтын үед хэрэглэхэд зориулан хүндрүүлсэн шайб нь улбар шар, хөнгөрүүлсэн шайб нь цэнхэр, хаалгачдад зориулсан дасгал сургуулилтын шайб цагаан өнгөөр хийгдсэн байдаг. Мөн саяхнаас бүтэн жилийн турш дасгал сургуулилт хийхэд зориулсан шайбыг зохион бүтээсэн байна.
  • Шайб-Энэ бол аюултай, гэмтэл учруулах чадвартай хэрэгсэл юм. Түүнээс болж олон хүн гэмтэл авч байсан бөгөөд хоккейчид, шүүгчид гэлтгүй хөгжөөн дэмжигчид ч амь насаа алдаж байлаа. Ийм учраас саяхан л аюулгүй шайбыг зохион бүтээж, зохиогчийн эрхийг хамгаалсан байдаг. Энэхүү шайбыг гаднаас нь харахад стандарт шайбтай адилхан боловч практик дээр туршиж үзвэл маш хүчтэй цохилтын үед ч тамирчдад ямар нэгэн ул мөр, сорви үлдээдэггүй ажээ. Гэхдээ тоглолтонд хэрэглэхэд ийм шайбны дутагдалтай тал асар их бий.
  • Тоглолтын үед шайбны хурд 160 км/цаг хүрдэг, харин 2012 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Канадын Хоккейны Лигийн Бүх оддын тоглолтын үеэр шайбны нисэлтийн дэлхийн дээд амжилтыг тогтоосон байдаг. Дээд амжилтыг ОХУ-ын хоккейчин Александр Рязанцев тогтоосон юм. Тэрээр цохилтыг P08 гэх нугалаатай Bauer Total One цохиураар хийсэн байна. Шайбын нисэлтийн хурд 183,67 км/цаг байв.
  • АНУ-д “Dumb as a hockey puck” гэсэн хэллэг өргөн тархсан байдаг. Үүнийг үгчлэн орчуулбал “Хоккейны шайб шиг мохоо” гэсэн үг.
  • 1940 оноос хойш шайбны орчин үеийн хэлбэр өөрчлөгдөөгүй.
  • Хоккейн шайб анх дөрвөлжин хэлбэртэй байжээ.

Н.БАТБАЯР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж