Хүүхдийн тасагт эмчлүүлж буй хүүг ээж, нагац эгч нь сахиж буй ажээ. Үүдэнд зогсох зуураа тавхан алхмын цаана байгаа бяцхан хүүтэй уулзаж, учир шалтгааныг нь лавлахын сацуу сэтгэлийн дэм хайрлахыг хэчнээн хүссэн ч эс чадав. Гэр бүлийнхэн нь зөвшөөрөөгүй тул тэр л дээ. Эмчлэгч эмч нь ч мөн өвчтний биеийн байдлын талаар мэдээлэл өгөх эрхгүй тул хүүгийн биеийн байдлын талаар тодруулах боломж гарсангүй. Ингээд Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Б.Баттөгстэй уулзлаа. Тэрбээр “Хувь хүний нууцад хамаарах учир бид эмчлүүлэгчийн биеийн байдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй. Гэр бүлийнхэн нь зөвшөөрсөн тохиолдолд өгч болно. Гэвч Э хүүгийн ээж сурвалжлагчдыг байтугай хүний эрхийн байгууллагын ажилтныг ч оруулахгүй байгаа. Манай эмч нар хүртэл өрөөнд орж, эмчилгээ хийхэд бэрхшээлтэй байна” гэсэн юм.
Эмнэлгийн сувилагчаас хүүгийн талаар асуутал “Нүүрний нэг тал тэр чигтээ хөхөрсөн харагдсан. Арайхийж ариун цэврийн өрөө рүү орж байна лээ. Ээж, нагац эгч нь хоёр нь хүүг хэн нэгэнтэй уулзчих вий гэж санаа нь зовсон байдалтай ариун цэврийн өрөө рүү хүртэл дагаж орж байгаа" гэв. Харин Хүүхдийн төлөө Үндэсний төвийн нийгмийн ажилтнууд хүүгийн өрөөний гадна 24 цагаар сахиж байгаа гэнэ.
Хүүхдийн төлөө Үндэсний төвөөс гадна ГССҮТ-ийн дэргэдэх Хүүхдийн эрхийг хамгаалах төв байдаг. Зорилго нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн эрхийг хамгаалах. Тус төвийн ажилтантай уулзаж, хүүгийн талаар тодруулахад “Анх Яаралтай түргэн тусламжийн төв 103-ын эмч нарыг дуудлагаар очиход хүүгийн биеийн байдал тун муу байсан гэсэн. Хүүгийн толгой хагарч, толгойдоо хүнд бэртэл авсан, биедээ зөөлөн эдийн гэмтэл авсан, бие нь энэ тэндгүй хөх няц болсон байгаа. Өчигдөр толгойд нь оёдол тавьсан. Анх ирэхдээ босч чадахгүй байсан, өнөөдрөөс л өндийж, босч, явж эхэлсэн. Бид өрөөнд нь орж хүүтэй ярилцах гэсэн боловч ээж нь бидэнтэй уулзуулахаас эрс татгалзаж байгаа” гэсэн юм.
Долоохон настай бяцхан хүүд эр бяраа гаргаж, хэвтэрт ортол нь зодсон хойд эцгийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулсан байгаа гэнэ. Хүүг зодож байгааг анх сонсч, орж аварсан гэх гэрч “Хүүг аврах гэтэл ээж нь чамд ямар ч хамаагүй гэж байсан. Хүүг унахад ээж нь “Босооч гээд орилж байсан” хэмээн ярьсан байсан. Мөн бусад хөрш айлынхан нь ч ээж нь хүүгээ зоддог байсныг хэлсэн байна. Энэ мэдээллийн дагуу СХД-ийн цагдаагийн мөрдөн байцаагчид хүүгийн ээжээс мэдүүлэг авчээ. Тодруулбал,
-Таны хүүг зодож байх үед та юу хийж байсан бэ, яагаад хүүгээ аврах гэж оролдоогүй юм бэ?
-Тэр үед миний утасны цэнэг дууссан байсан.
-Та хүүгээ зодсон уу?
-Үгүй.
Ийм л яриа өрнөжээ.
Ямартай ч хүү өөрөө ээж, аавтайгаа амьдрахаас татгалзвал асрамжийн төвд хүргэнэ гэдгийг Хүүхдийн төлөө Үндэсний төвийн нийгмийн ажилтан бүсгүй хэлж байсан.
Харгислал, хүчирхийлэл гэдгийг зурагтаар харах биш бяцхан биеэрээ мэдэрсэн хүүгийн шарх нэг өдөр аньж, өвчин зовиур үгүй болно. Гэвч бүх биед нь ором ортол ташуурдах хойд эцэг, аврал гуйж хэдий их уйлж, дуудавч үл тоох ээжийн хүйтэн хөндий сэтгэл хүүгийн цээжинд үлдээсэн шархыг анагааж үл чадах.