“Урлацгаая” үзэсгэлэн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

“Урлацгаая” үзэсгэлэн үргэлжилж байна

Уран Зургийн Галлерейд “Жижиг гар урлалын холбоо”  “Урлацгаая” нэртэй үзэсгэлэнгээ  дэлгэн тавьжээ. Үзэсгэлэн нээлтээ хийгээд хоёр хоносон ч хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Энд тэндгүй тойрон суугаад цаасаар урлах хүүхдүүд, сонирхолтой хичээл заах япон багш нар, тавигдсан бүтээлүүдийг тухлан үзэх зочид гээд халуун дулаан уур амьсгал хүүхдийн чимээ халгиж байв. Үзэсгэлэнг зохион байгуулагчдын нэг “Жижиг гар урлал сонирхогчдын холбоо”-ны гишүүн нийслэлийн боловсролын газрын сургагч багш, 63-р цэцэрлэгийн багш Н.Энхжаргалтай уулзлаа.

-Танай холбоо байгуулагдаад хэдэн жил болж байгаа вэ? Энэ үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохиож байна уу?
-Байгуулагдаад таван жил болж байна. Дөрөв дэхь жилдээ энэ симфозим, үзэсгэлэнг  уламжлал болгон зохиож байна. Өмнө нь “Оригами цаасан урлалын холбоо” гэж байсан бол энэ жилээс “Жижиг гар урлал сонирхогчдын холбоо” нэртэйгээр илүү өргөн хүрээг хамран тус үзэсгэлэнг хийж байна. Энд хүмүүс өөрсдийнхөө хийсэн жижиг гар урлалын зүйлсийг дэлгэн тавьж бие биенээсээ туршлага солилцохоос гадна үзэсглэн худалдаа болно. Дээр нь бас цаасан урлал, жижиг даавуун зүүмэл урлалын талаар япон багш нар ирчихсэн сургалт явуулж байгаа.

-Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээ танилцуулбал
-Дан цаасан урлал биш шүр, даавуугаар хийсэн бүтээлүүд бас байгаа. Оролцсон хүмүүс маань юугаар ч жижиг гар урлалийн зүйлийг хийж болно гэдгийн харуулсан.

-Ямар хүмүүс оролцож байна вэ?
-Энд холбооны гишүүн байгууллага болон нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагыхан, цэцэрлэгүүд, сургуулийн багш нар оролцож байгаа.

-Үзэсгэлэнгийн үеээр зохиогдож байгаа өөр ажлууд байгаа юу?
-Мөн бага насны хүүхэд, сургуулийн багш нарын дунд гэсэн ангиллаар цаасан урлалын уралдаан зарласан байгаа өнөөдөр дүнгээ гаргана. Тэргүүн байранд орсон багш Япон явах, хоёрдугаар байранд орсон нь Бээжин явах шагнал хүлээж байгаа.

-Үзэсгэлэнгийн ач холбогдол нь
-Хүмүүс бие биенээсээ суралцах, бүтээлүүдийг хооронд нь харилцуулах харах, туршлага солилцох, нийтэд түгээн дэлгэрүүлэх сурталчилах зорилготой юм.
“Урлацгаая” үзэсгэлэн маргаашийг дуустал үргэлжлэх тул та гар урлалын гайхамшигт саатан тухлаарай.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж