“Хоёр идэхгүй, хоосон хонохгүй” өдрийг өнгөрөөж буй хүмүүст хуримтлал үүсгэх тэнхээ үнэндээ байхгүй. Гэхдээ хэрэв орлого олж буй л бол бүсээ чангалаад бага ч гэсэн хуримтлал үүсгэх хэрэгтэй аж. Банк санхүүгийн академийн гүйцэтгэх захирал С.Нэргүй “Юуны өмнө та өөрийн хуримтлал хийх хэрэгцээ, шаардлагаа сайтар бодож тунгаах хэрэгтэй. Жишээ нь, би ирэх таван жилд ямар хэмжээний мөнгө хуримтлуулах хүсэлтэй байна вэ. Ирэх 30 жилд өөртөө ямар амлалт өгөх вэ гэдгийг өөрөөсөө асууж хариулт ав” гэв. Тэгээд санхүү, мөнгөний талаар тодорхой зорилго тавих хэрэгтэй аж. Жишээ нь, “Би 60 насандаа тэтгэвэрт гарах үедээ 50 сая төгрөгийн хадгаламжтай болно” эсвэл “Гурван жилийн дотор өөрийн унаатай болно” гэх мэт. Насанд хүрсэн ихэнх хүн хувьд хүүхдийнхээ цэцэрлэг, их,дээд сургуулийн төлбөрийн мөнгийг хуримтлуулах, эсвэл их, дээд сургуулийн төлбөрт Төрийн сангаас авсан зээлээ төлөх, машин авах, гэр, орон сууцтай болох зэрэг нь санхүүгийн нийтлэг зорилго болдог. Та хэд хэдэн зорилго зэрэг тавьж ч болно. Эдгээр нь богино, урт хугацааны зорилт байж болно. Зорилгоо тодорхойлсноор та санхүүгийн төлөвлөгөөгөө гаргах боломжтой болно. Гэхдээ төлөвлөгөөгөө заавал өөрийн гараар бичих ёстой аж. Учир, бичигдээгүй төлөвлөгөө биелдэггүй байна. Насанд хүрэгсэдийн ердөө гурван хувь нь хувийн санхүүгийн төлөвлөгөөгөө бичдэг гэсэн судалгаа байдаг аж. Тэгвэл яг одооноос төлөвлөгөө гаргаж, өөртэй сахилга баттай хандаж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх хуримтлалаа үүсгэж эхэлцгээе. Их бага нь хамаагүй орлого олж буй бол бүсээ чангалж, хадгаламжиндаа тодорхой хэмжээний мөнгө хадгалдаг хятад иргэдийн нарийн ухаанаас суралцъя.
Өрхийнхөө санхүүг төлөвлөж, хуримтлал үүсгэх боломж байдаг эсэх талаар иргэдийн саналыг сонссон юм.
Б.Өнөр- Эрдэнэ /СХД-ийн XXVII хорооны иргэн/
Би эхнэр хүүгийн хамт амьдардаг. Амьдралаа босгох гээд залуу гэр бүлийн жишгээр хөдөлмөрлөөд явж байна. Би барилгын компанид нягтлан, эхнэр багш хийдэг. Бид хоёрын сарын цалин нийлээд 1.1 сая төгрөг болдог. Үүнээсээ 700 мянгыг нь байрны зээлэндээ өгдөг. Энэ жил банкнаас хоёр жилийн хугацаатай байрны зээл авсан. Хугацаа богино учраас сард 700 орчим мянган төгрөгийг шууд байрныхаа зээлд төлдөг. Тэгээд үлдсэн 300 мянган төгрөгөөр нь хоол унд, унааны мөнгө, тог, усны мөнгөндөө аргалж хүргэдэг дээ. Ийм байхад одоохондоо хуримтлал үүсгэх боломж огт байхгүй. Одоогоор өрхийн орлогынхоо 70 хувийг зээлд төлж байгаа гэсэн үг. Гэхдээ цаашдаа орлого тогтворжоод, зээлээ төлөөд дуусчихвал учиртай байх. Харин хүүдээ хүүхдийн мөнгийг нь банктай нь гэрээ хийгээд шууд хадгаламжинд нь хийж байгаа. Болж өгвөл хуримтлал үүсгэж, хүүхдээ сайн сургуульд сурахад нь зарцуулах, цаашлаад ядаж эхнэртэйгээ хоёулаа хүссэн газраараа аялж үзэх мөрөөдөлтэй байдаг.
Б.Одонтуяа /БЗД-ийн IX хорооны иргэн/
Манайх ам бүл дөрвүүлээ. Нөхөр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Нөхөр маань том оврын автобусны жолооч, би худалдагч хийдэг. Бид хоёрын сарын орлого 700-800 мянган төгрөг байдаг. Өвлийн улиралд түлээ, нүүрс, хоол унданд их мөнгө ордог болохоор хүүхдүүдийнхээ хадгаламжинд мөнгө хийж чаддаггүй. Зун хуримтлалаа арвижуулахад хамгийн тохиромжтой байдаг. Хүүхдийн мөнгийг нь дансанд нь шууд шилжүүлдэг. Мөн боломжоороо илүү гарсан мөнгөө дансанд нь хийхийг хичээж байна. Хүүхдүүдээ боловсролтой болгохын тулд тэдэнд одооноос мөнгө хадгалж байгаа. Гэхдээ зарим үед цалин хаанаа ч хүрэхгүй байх үе бий.
Я.Нэргүй /БЗД-ийн XXV хорооны өндөр настан/
Өвөө нь охин, хүргэн зээтэйгээ амьдардаг. Би ч тэтгэврийн мөнгөө өөртөө зарцуулдаг. Харин хоёр хүүхдээ харж байхад сард сая хүрэхгүй төгрөг гар дээрээ авдаг гэсэн. Хүргэн, охин хоёр маань Атар-Өргөө компанид технологичоор ажилладаг. Юмны үнэ улам л нэмэгдэж байгаа энэ үед хоол унд, байрны хөлс, хүүхдийнхээ цэцэрлэгийн төлбөр гээд байгаа мөнгөө манай хоёр тавиад туучихдаг шиг байгаа юм. Хааяа автобусны мөнгөгүй болчихоод тэтгэврийн надаас мөнгө асуух ч удаа бий. Тэгэхлээр хуримтлал тэр бүр үүсгэж чаддаггүй л болов уу. Уг нь үүсгээд явбал ирээдүйд хэрэгтэй юм даа. Даанч боломж нь алга. Гэхдээ “Амны билгээс ашдын билэг” гэдэг дээ. Улс орон хөгжиж, эдийн засаг өсөөд байгаа дуулддаг. Монгол хүн “Амны билгээс ашдын билэг” гэдэг дээ. Тэгэхлээр ирээдүй сайхан болох байлгүй дээ.
Эх сурвалж: www.mongolianeconomy.mn