Бэрхшээлгүй хүний бэрхшээл | News.MN

Бэрхшээлгүй хүний бэрхшээл

Хуучирсан мэдээ: 2012.12.08-нд нийтлэгдсэн

Бэрхшээлгүй хүний бэрхшээл

Хуульчийн шинэхэн диплом өвөртөлсөн бүсгүй ханьтай болж, анхны үрээ төрүүлэв. Харамсалтай нь охин хүнд хэлбэрийн тархины саажилттай төрснийг эмч палхийтэл хэлжээ. Авааль нөхөр нь удалгүй эхнэр, хүүхэд хоёроо хаях замаар “үйлийн үр“-ээс мултарсан аж. Тархины саажилттай хүүхдээ асраад хорь гаран жил гэртээ суугаа ээж одоо ч ганцаараа. Охин нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.3-т зааснаар “байнгын асаргаа шаардлагатай хүн”, өөрөө “байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг харж байгаагийн улмаас ажил хийдэггүй” тул сар бүр нөхцөлт мөнгөн тэтгэмж авдаг. Урьд 31 200 байгаад өдгөө 48 000 төгрөг болсон ч Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн жил тогтоосон Улаанбаатарын амьжиргааны доод түвшинөөс бараг 2.5 дахин бага мөнгө. Үхтэл үр хармын үлгэрээр яваа эх амь зуухын эрхэнд тэтгэврийн хоёр хөгшинөө мөлжинө. Харин бэрхшээл зовлон өөрийг нь сорно. Үеийнхнээсээ овортой харагдахын дээр хамт олон, найз нөхөд ч үгүй. Энэ эмэгтэй гундаад зогсохгүй, хүний нөөцийн хомсдолтой Монголын баялаг бүтээгчид гэрийн мухарт хоригдчихсон байна.

Тодорхойгүй тоо

Гадаадын хүмүүс гудамжаар явж үзчихээд “Танайд хөгжлийн бэрхшээлтэй хүн (ХБХ) бараг байдаггүй бололтой” гэдэг анхны дүгнэлтээ хийдэг тухай Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо (ХБХЭЭХ)-ны захирал С.Сэлэнгэ ярилаа. Гэтэл зарим нэг баримтаар Монгол даяар 130 мянган ХБХ байгаа гэдэг. Энэ тоо ч бас эргэлзээтэй. Хүн ам, орон сууцны 2010 оны нэгдсэн тооллогоор Монгол Улс 0-19 насны 16 мянган ХБХүүхэдтэй гарчээ. Харин Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны судалгаа 32 мянга гэдэг өөр дүнтэй. Гэтэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам (БСШУЯ) 2011-2012 оны хичээлийн жилд 18 800 ХБХүүхэд суралцсан гэж тэс ондоо тоо гаргажээ. Басчиг болоогүй үүний тэн хагасаас илүү нь харааны бэрхшээлтэй болоод явчихаж. ХБХүүхдүүдийн тал нь мөрөө л хардаг байж яав ч таарамгүй. Хөгжлийн бэрхшээлийг хэн тодорхойлж байгаагаас хамаараад дээрх дүнгүүд хоорондоо дэндүү зөрүүтэй гарсан гэж ХБХЭЭХ-ны захирал С.Сэлэнгэ үзэж байна. Ухаан нь хүн амын тооллогоор эцэг, эх нь; БСШУЯ-нд ангийн багш нь тус тус мэдээлэл өгчээ. Холбогдох хуулинд “16 насанд хүрээгүй хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комисс… тогтооно” гэжээ. Бусад оронд бол хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох комисст эмчээс гадна, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, олон нийтийн ажилтан гээд тал талын мэргэжилтэн багтдаг аж. Манайд хэн хүний хэлснээр тодорхойлогдох нь олонтаа. ХБХүүхдийн тоо магадтай бус хойно хичнээн ээж амьдралын “гадна” үлдсэнийг хэлэх бүр хэцүү. Ядаж л өнгөрсөн тооллогоо нарийн явуулчихсан бол төр энэ чигийн бодлогоо тодорхойлоход их хэрэг болохоор байлаа. Юмс бүрхэг байхын хэрээр хаягддаг хойно ХБХүүхдүүдийн ээж нарын зовлонг мэдэх төрийн хүн Монголд одоогоор алга. ХБХЭЭХ-нд бүртгэлтэй тархины саажилттай 200 хүүхдийн 65 хувь нь гэрийн асрамжинд суугаа гэнэ. Хүүхдээ асардаг аав өдрийн од гэвэл зөвхөн тархины саажилттай үрээ бөөцийлдөг 130 орчим эмэгтэй гэрийн мухар сахиж байна. Ганцхан Улаанбаатар ХБХүүхдэд зориулагдсан цэцэрлэг, сургуультай болохоор дээрх тоо хөдөө орон нутагт наяас дээш хувьд хүрнэ гэж С.Сэлэнгэ хэллээ. Анхны хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй бол ээж ихэнхдээ тэр чигтээ гэрийн хүн болдог. Гэтэл энэ ээжүүд Үндсэн хуулиар олгогдсон олон эрхээ эдэлж чадахгүй яваа эрүүл саруул хүмүүс юм. Сүртэйхэн хэлбэл нийгмийн баялаг бүтээгчид. Төрийн бодлого нь зөв бол жаргалдаа ташуурахаа байг гэхэд ядаж л зовлон нь нимгэн байх учиртай Монголын иргэд. Уул нь бол өөр газар оронд ХБХ-ийг ч баялаг бүтээгч гэж үздэг юм билээ.

Тодруулмаар ойлголт

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд “Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг “хөгжлийн бэрхшээлтэй” гэж ойлгоно” гэжээ. Харин уулзсан ХБХ бүхэн үүнийг буруу тодорхойлолт гэж байлаа. Тэд өөрсдийгөө зүгээр л биднээс ялгаатай харин хууль, эрх зүй, нийгэм болоод орчин нөхцөл л хөгжихөд нь саад учруулдаг гэлээ. Хөгжлийн бэрхшээл янз янз, гэхдээ тэдний үзэл бодол үнэн юм гэдгийг батлах жишээ захаас аван таарна. Аутизмтай хүүхдээ хориод жил асарч буй нэгэн ээж хүүдээ хуулиар олгогдох тэтгэмжийг нь авахаар улирал тутам өч төчнөөн бичиг цаас бүрдүүлэх тоолондоо элдэв бэрхшээл амсдагаа ярьсан ч эмч нартай холбоотой нь хачирхалтай санагдсан юм. Анх аутизмтай гэж оношлогдсон, одоогийн бүх шинж тэмдэг нь ч түүнийгээ баталдаг хүүг нь сүүлийн жилүүдэд үзсэн эмч “ДЦБ буюу Детский церебральный паралич” гэж оношлох болсон байна. Ээж хэд хэдэн удаа эмчийг эсэргүүцээд тусыг олоогүй тул дуугүйхэн л бичгээ аваад явдаг болжээ. Уул нь аль ч оношийг нь тавиулсан тэтгэмж олдоно. Гэхдээ мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн нь хүртэл хөгжлийн бэрхшээлийн тухай маруухан ойлголттой ажээ. Эмнэлэгт очихоор тэднийг “өвчтөн”, хуулиа дагахаар “асруулагч” болгох учир ээжүүд нь хар аяндаа нэг насны “сахиур”, “асрагч” болоод хувирчихна. НҮБ-аас 2006 онд гаргасан Хөгжлийн бэрхшээлийн тухай конвенциор бол “Аливаа хүн бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогтой байж болно, гэхдээ тэднийг хөгжихөд нийгмийн зүгээс учруулж буй саад тотгор болгон хөгжлийн бэрхшээл бий болгодог” гэнэ. Энэ бол манай хотын гудамжаар яагаад ХБХ ховорхон яваагийн шалтгаан юм. Харин Тэргэнцэртэй иргэдийн “Түгээмэл хөгжил төв”-ийн тэргүүн Ч.Ундрахбаяр энэ баримт бичгийг гаргахдаа ХБХүмүүсийн санаа бодол дээр тулгаарласан тул амьдралд ойр, үнэн зөв ойлголт болсон гэлээ. СУИС-ийн оюутан, тархины саажилттай Ц.Мөнхтулга нэгэн шүлэгтээ:

Өрөвчхөн амьтад доромжилж байх шиг санагдаад
Өрөөлийн гарт намайг өлбөрч үхнэ гэж тэд зөгнөөд
Өрөөний мухарт өнжмөл байсан шиг минь тооцоод
Өөрийн хүслээр намайг амьсгалуулна гэвэл битгий л горьд… гэжээ.
Хүн нь ийм бардам байтал хуулийн ойлголтоор ядаж тэднийг шоовдорлохоо больчихвол олон ээжийн гар хөнгөрмөөр санагдана. Гар нь сулрахаа байг гэхэд сэтгэлд нь өчүүхэн ч болов итгэлийн оч асах нь дамжиггүй юм.

Үргэжлэлийг Үндэстний Тойм сэтгүүлээс…

Д.БАТБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

George 2012-12-08 98.169.22.128

48,000 tugrug yaz ene mungoor amdrahk yum be. ene dendyy baga yumaa.Busad orond bol $500-900 baidag shdee.Deer n bas aab eeziin azillax xyseltei bol ulssas n asran xamggalagch gargaz ogdog manaid ymarch yilchilgee alga.Deedsyydn doodsoo xarz xandaxgyi bol ene uls deeshee ybaxgyi.Minii medex XB xyyxddee aabiig bi medne ynexeer gandan buuraxgyi aab.Ter xyyxdiinxee toloo byxnee zoruldag.Ene aabtai tuguldur7048@yahoo.com

Avatar

2012-12-08 122.201.18.202

ENKHBAYAR GEED HUND GARIN TULUU UHEJ BGAA HUMUUS HUGJULIIN BERHSHEELTEI IRGEDIIN TULUU ULSUUD TSANGAAD TEDNIIG HAIRAAR EVEE ENKHBAYART HAIR BOL ILUU SH DEE HARIN HUGJULIIN BERHSHEELTEI HUND SETGEL ITGEL HAIR BELEGLEECH

Avatar

ggg 2012-12-08 1.219.41.100

Ард түмэн бид нь ярихаас өөр юмгүй үйлдэлээр үзүүлий ард иргэдээ

Avatar

2012-12-08 122.201.18.187

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд аль ч улс,аль ч нийгэмд байдаг. Манайхан болохоор тусдаа хүмүүсийн нийгэм юм шигээр авч үзэж байна. Хэдхэн төгрөг хаяа нэмэхээс энэ хүмүүсийн хөгжил, амьдралын үнэ цэнийх нь тухай яригдаж байгаа дорвитой юм алга аа. Нийгмийн хөгжил бол бүх иргэдийн оролцоон дээр суурилагддаг байх ёстой, энэ хүмүүс явж чадахгүй юм уу, эсвэл сонсохгүй, харахгүй байгаа, харин нийгмийн оролцоог хүсэгчид байгаа

Avatar

Hn 2012-12-08 64.46.5.222

Баригдаж буй барилга болгон ХБИргэдэд зориулсан орц гарцтай, тэдэнд зориулсан бие засах ороотэй, гудамжаар тэргэнцэртэйгээ зугээр л салхилаад явж болдог тийм л байх хэрэгтэй байна. Гэтэл манайд ХБ иргэд гэр орондоо хуртэл бэрхшээлтэй амьдарч, орцноосоо гарч чадахгуй, юун нийтийн унаанд суух манатай, хамт олон байхгуй, зурагт радио бас цонхоороо л мэдээлэл авдаг, гэрийн хажуугийн мухлаг орж чадахгуй шууд л амьд ухдэл болох шахаж байна. тэргэнцэртэй иргэд байтугай эруул залуу хумуус хуртэл энэ хотод ондор огцом шаттай, халтирдаг плитатай, аймаар жолооч нартай газар явахад хэцуу байна ш дээ.

Avatar

2012-12-08 202.126.89.179

bi urid ni anzaardaggui bj.huluu hugarchaad undur dovjoo shattai alban gazar delguuruudiig haraad uur hurdeg geech.tayagtai tergentsertei humuus yamar uruvdmuur gj sanana.tuslah negen bhad dairch unagachaad henegchgui yavaad ugdug gangan huuhnuud yostoi n****.haa ochij mongol erchuud tusch gdg ni saihan shuu.HBIrgeddee setgel gargaj yavaarai zaluusaa.

Avatar

sedev.mn 2012-12-08 122.201.20.194

sedev.mn

Avatar

2012-12-08 103.9.196.51

ene bol asuudal. shiidegdeh yostoi asuudal. tednii tetgemjiig arai ih bolgomoor yum. 18 nas-s omno hogjliin berhsheeltei bolson bol toroos ontsgoi anhaardag ter system oruulaad irvel ar gert ni ih tushigtei baimaarsan da.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж