Хөдөө аж ахуйн арилжаа хийхэд бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2012.12.08-нд нийтлэгдсэн

Хөдөө аж ахуйн арилжаа хийхэд бэлэн үү?

Өнгөрсөн зургадугаар сараас Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр олон жил яриа төдий байсан хөдөө аж ахуйн бирж байгуулах явц хөдөлгөөнд орсон ч тэгсгээд намжсан. Тэгвэл ирэх оны гуравдугаар сараас хөдөө аж ахуйн бирж гэгчийг жинхэнэ утгаар нь ажиллуулж, эхний ээлжинд ямааны ноолуурыг цахим хэлбэрээр арилжаалах болсон тухай таатай мэдээллийг өчигдөр албаныхан өгөв.

Арилжаа хийхэд бэлэн үү?

Улсын хэмжээнд нийт 155 мянга гаруй малчин өрх байна. 21 аймгийн бүх сумд интернэтэд холбогдоогүй, одоохондоо тийм боломж үгүй тул ирэх хавар эхлэх цахим арилжаанд хүссэн бүхэн нь оролцох боломж хязгаарлагдмал байна. Тиймээс албаны зүгээс цахим арилжаа явуулах боломжтой сум, бүсийг нарийн тогтоож, худалдах барааны жагсаалтыг бүрэн баталсны эцэст улсын хэмжээнд 60-аад хоршоололд түүхий эдийг төвлөрүүлэх гэнэ. Хоршоодод төвлөрсөн түүхий эдийг тухайн багт нь анхан шатны тордолт, баглаа боодол хийн бэлтгэж, арилжаанд оруулахад бэлэн болгох аж. Харин тухайн баг ийм ажиллагаа хийх боломжгүй бол сум, цаашлаад аймгийн төвд нь энэ ажлыг хийнэ. Ингээд бараа, түүхий эд гээд нийлүүлэлтийн асуудлыг шийдсэний дараа зуучлах брокероор дамжуулан цахим орчинд арилжаа явуулах юм. Энэ шууд бус арилжааг хянахын тулд бүхий л шатны газрууд хамтарч ажиллах учиртайг албаны хүмүүс онцолж байна. Тухайлбал, арилжааны төлбөр тооцоо, брокеруудад тавих хяналт шалгалтыг Санхүүгийн зохицуулах  хороо, Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв хийхээс гадна Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөрөнгийн бирж ч хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаанд тал бүрээс хяналт тавин ажиллах гэнэ.

Арилжаа ямар байдлаар явагдах вэ?

Хөдөө аж ахуйн биржийн арилжааны систем ямар байх талаар ерөнхий дүр зураг гарчээ. Биржийн арилжаанд Германы системийг ашиглах бөгөөд үүнд хэрэгтэй бараа, түүхий эдийн захиалгыг цахим орчинд байршуулах аж. Тодруулбал, захиалагчийн хүссэн хэмжээний түүхий эдийн мэдээлэл болон арилжаанд бэлэн байгаа түүхий эдийн жагсаалтыг солилцох боломж бүрдүүлнэ. Гэхдээ системийг илүү боловсронгуй болгох, яг ямар зохицуулалтаар ажиллах тухай журмыг сайжруулах шаардлагатайг санхүүчид хэлж байгаа юм.

Монгол Улс анх удаа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг цахим хэлбэрээр арилжих тогтолцоо нэвтрүүлэх гэж буй. Тиймээс ч анхны гэдэг утгаараа судлах, сайжруулах асуудал мундахгүй гэдгийг албаны хүмүүс ч хүлээн зөвшөөрч байна. Арилжаа явуулах систем, программ хангамж нь зөвхөн мэдлэгтэй мэргэжилтнүүдийн асуудал биш, Засгийн газрын хэмжээнд ярилцаж тогтох учиртай. Үүний өмнө арилжааны программ хангамж, оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг улам нягтлах шаардлагатай гэж үзэж, ажлын хэсгийг байгуулахаар болжээ. Биржийн зөвлөл ирэх долоо хоногт дахин хуралдаж, дээрх асуудлыг шийдвэрлэх аж.

Хэтдээ…

Ирэх хавраас ноос, ноолуур худалдаалж эхэлнэ. Харин цаашдаа нэр төрлийг нэмэгдүүлж, хүнсний бүтээгдэхүүн арилжаалах юм байна. Ингэхдээ хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг шинээр нь, хүссэн хэмжээгээр, эрэл сурал болгохгүйгээр худалдан авах боломжоор хангана гэж байгаа. Биржийн үйл ажиллагааг найдвартай, тогтвортой, өгөөжтэй байлгахын тулд зөвхөн бүтээгдэхүүний нэр төрөл, оролцогчдын байдлыг авч үзэхээс гадна арилжааны төрлүүдийг ч шинээр нэвтрүүлэх зорилготой байгаа аж. Үүний нэг нь “фьючерс” буюу ирээдүйд биелэх арилжаа. Тодруулбал, худалдан авагч тодорхой хугацааны дараа тийм хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай захиалгаа өгч, харин нийлүүлэгч талаас тэрхүү хугацаанд бараа, түүхий эдийг бэлтгэх юм.

Ямартай ч хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулагдсанаар малчид бараа, түүхий эдийн үнэ, зах зээлийн талаарх ил тод, бодитой мэдээллийг шуурхай, тасралтгүй авах боломж бүрдэнэ. Түүнчлэн бирж утгаараа ажиллаж чадвал малчин өрхийн орлого тогтворжих боломжтой билээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж