Шинэчлэлийн Засгийн газраас Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчилсөнтэй холбогдуулан өнөөдөр бирж байгуулах явц, ерөнхий зохицуулалтын талаар албаныхан ярилцлаа. Биржийн тухай хууль 2011 онд батлагдаж, энэ оны зунаас бэлтгэлийн ажлуудыг хийж байгаа. Тэгвэл 2013 оны гуравдугаар сард ямааны ноолуурыг хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар оруулахаар болсон талаар өнөөдөр мэдээллээ. Гэхдээ энэ хүртэл хөдөө аж ахуйн биржийн компани байгуулах, биржээр арилжих барааны жагсаалтыг батлах, цахим арилжааны системийг боловсронгуй болгох гээд олон ажил үлдэж буй ажээ. Тиймдээ ч албаныхан биржийн ажиллах ерөнхий үндэс болох цахим арилжааны тогтолцоог улам тодорхой болгох хэрэгтэйг онцлов.
Харин биржийн эзэмшлийн тал дээр одоогийн байдлаар 51 хувийг төр, 49 хувийг хувийн хэвшилд байлгах тухай эхний дүр зураг байгаа ч арилжаанд нийгмийн бүхий л талууд оролцох тул Засгийн газрын тогтоол гаргах нь чухал гэдэгт талууд санал нэгдлээ. Тиймээс энэ асуудлаар ирэх долоо хоногоос ажлын хэсэг байгуулж, зохицуулах зөвлөл эргэн хуралдахаар боллоо.
У.БОЛОР