
Нийслэлийн агаарын чанарын алба /НАЧАлба/-наас Хан-Уул дүүргийн айл өрхүүдэд орон гэрээ хэрхэн дулаалсан талаар шалгалт явуулахаар болсон гэж тус газраас мэдэгдсэн юм. “Гэр хорооллын айлуудаар явж, гэр, байшингаа хэр дулаалсан, түүний хэрээр агаарын бохирдол хэр буурч байгаа талаар шалгах юм байна” гэсэн ойлголттой очсон чинь “даший шог” болов оо. Учир нь уг ажил нийслэлийн хэмжээнд зарласан “Гэр орноо дулаалцгаая” сарын аяны хэрэгжилтийг шалгах, далимд нь Хан-Уул дүүргээс шалгарсан Сууц өмчлөгчдийн холбоонд шагнал гардуулах гэдгийг газар дээр нь очсон хойноо л ухаарлаа. Шагнал гардуулахын ялдамд нийтийн халаалттай орон сууцны орцны дулаалга ямар байгааг шалгаж байгаа юм байх. Ядаж байхад Нийслэлийн агаарын бохирдол, агаарын чанартай орон сууцны орцны дулаан хэрхэн хамааралтай болохыг тайлбарлаж өгөхийг хүссэн ч онцын ойлгомжтой зүйлийг зохион байгуулагчид нь хэлсэнгүй. За нэгэнт агаарын чанар шалгахгүй нь тодорхой болсноос хойш орон сууцаа хэр дулаалсныг нь үзэхээр Хан-Уул дүүргийн 19-р хорооны Баянбулаг СӨХ-ийн VIII байр руу орж үзлээ. Орцны хаалгаа шинээр сольж, сайхан ширэн бүрээсээр бүрсэн байна. Мөн нэг цонхыг 56000 мянган төгрөгөөр вакум болгон солиулсан гэж СӨХ-ны дарга нь тайлбарлав. Ингээд агаарын чанарын албаны ажилтан орцонд дулааны хэмжилт хийлээ. Ийн орцны дулааныг шалгасан нь манай оронд анх удаагийн тохиолдол байж магадгүй. Уг хэмжилтээр тухайн орцны хананы дулаан ямарч байсан нэмэх хэмтэй гарсан. Уг нь умгархан орцонд шалгалтын бас хэвлэл мэдээллийн 20-30 хүн цугларч, дээрээс нь халаалтын хоолой тодорхой хэмээр халж байгаа тохиолдолд бараг л тодорхой байлаа.
Уг нь НАЧАлба гэдэг энэ байгууллага ОСНААК биш, нийслэл хотын агаарын чанарт анхаарал хандуулах ёстой байгууллага. Гэтэл агаарын бохирдлыг арилгах, цаашлаад бууруулах үндсэн ажилтай албаныхан орон сууцны дулаан алдалтыг багасгах, орон сууцны иргэдийг тав тухтай өвөлжихөд анхаарал тавьж яваа нь нэг л зохимжгүй. Түүний оронд гэр хорооллын айлуудын өвөлжилтын байдал, тэдгээрийн гэр орноо дулаалсан эсэх, нэг айлын яндангаас ялгаруулж байгаа хорт утаа хэдэн хувиар буурав гэх мэтийн шалгалт хийсэн бол Ч.Батсайхан дарга арай л зангарагтай харагдах байлаа даа.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ