МҮОХ нь олон нийтийн байгууллага, татвар төлөгчид, олон нийтийн дэмжлэгт тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг тул энэ байгууллагын үйл ажиллагаа нийтэд нээлттэй байх ёстой гэж үзэж байгаа гэлээ. Гэтэл дөрвөн жилд нэг удаа хуралдаж, ирэх дөрвөн жилд ажиллах байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шийдвэрлэдэг Олимпийн чуулган болох гэж буй мэдээллийг ССАЖЯ-ныхан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулж олж мэдсэн. Энэ тухай мэдээллийг уг нь олон нийт чөлөөтэй хүлээж авах ёстой гэж үзэж байгаа аж. Тиймээс ч МҮОХ-ны удирдлагуудтай уулзаж, энэ асуудлаар ярилцаж, зөвшилцөхөөр болжээ.
Мөн МҮОХ нь Олон улсын олимпийн хороо болоод олон улсын тавцанд Монгол гэсэн нэрийг төлөөлдөг. Монголын тамирчдын бэлтгэл, санхүүгийн асуудалд Засгийн газраас дэмжлэг үзүүлдэг, гэтэл салбар хариуцсан яам болоод МҮОХ нь хоорондоо уялдаа холбоогүй байгааг өөрчлөх, МҮОХ-ны үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох ёстой гэдгийг ССАЖЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан хэлэв.