Ассадад зориулсан хорт утааны баг

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Ассадад зориулсан хорт утааны баг

Барууны орнууд Сирийн сөргөлдөөнийг хурдан төгсгөх шалтаг оллоо. Америкийн тагнуулчид Сирийн эрх баригчид химийн зэвсэг үйлдвэрлэн хэрэглэх гэж байгааг илрүүлэв. Сирийн босогчид нэлээд амжилттай байгаа мэдээтэй зэрэгцэн дээрх мэдээ тархлаа. Үүнээс үүдэн Барууны орнууд Сирийн иргэний дайнд оролцох боломж, Башар Ассадын дэглэмийн төгсгөл удахгүй болсон тухай яриа гарч хэллээ.     

Башар Ассад. Фото: AFP

Сирийн цэргийнхэн агуулахуудаас химийн зэвсгээ зөөн тараах болсон тухай хэд хоногийн өмнөөс Америкийн тагнуулчдын буянаар тодорхой болж эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн зарин гэх сэтгэцийн саармагжуулалтын их хортой бодис үйлдвэрлэх төхөөрөмжүүдийг нэгэн газарт зөөн тийш нь химийн инженерүүдийг цуглуулан аваачилж байгаа мэдээлэл гарч ирсэн байна.

Ийм мэдээ гол төлөв батлагдаагүй цуурхал болдог. Гэтэл энэ удаа байдал ноцтой байгаа бололтой. АНУ, Европын холбоо, НАТО, НҮБ мөн ОХУ-ын тэргүүн нар химийн зэвсэг хэрэглэж болохгүй гэсэн сануулгыг Башар Ассадад өгөөд байна. Дамаск хариуд нь “Хэрэв бид тийм зэвсэгтэй байсан ч хэзээ ч сиричүүдийн эсрэг хэрэглэхгүй” гэж мэдэгдэв. Энэ мэдэгдэл нь тайвшруулахын оронд эсрэгээр үйлчлэв. Барууны улстөрчид, сэтгүүлчид уг мэдэгдлийг “Бид ийм зэвсгийг өөрсдийнхийхөө эсрэг хэрэглэхгүй. Харин гадаадынхны эсрэг бол хамаагүй” гэсэн санаа илэрхийллээ гэж тайлбарлаж байна. Мөн эндээс албан ёсоор бол Дамаск “АНУ, Израилийн удирдлагаар” Туркийн нутгаас орж ирсэн  “гадаадын террористууд”-тай байлдаж байгаа гэснийг мөн сануулж байна. Тэгэхээр Сирийн иприт, зарин бүхий зэвсгийг хэрэглэх бай хангалттай гэсэн үг болж байна.

Израилийн F-15 онгоц. Фото Reuters

Эдгээр нөхцөл байдал Сирийн хөрш орнуудад нэн түрүүнд Турк, Израильд түгшүүр төрүүлж байна. Анкараа шууд л НАТО-гийн түншүүдээсээ хамгаалалт хүсэв. Брюссель яаралтай хуралдан Туркт агаарын хамгаалалтын "Пэтриот" цогцолборын арваад батарейг илгээхээр шийдсэн байна. Харин Израиль Иорданд хандан агаарын хилээ нээхийг хүслээ. Энэ нь Сирийн үй олноор хөнөөх зэвсгийн агуулахуудыг бөмбөгдөнө гэсэн үг юм. Иорданчууд бороо тундсаар дамжин диметиламид цианофосфорын хүчлийн  этилийно эфир маягийн хорт бодис Амманы хавиар унах болно гэж болгоомжлон одоогоор агаарын хилээ нээх хүсэлгүй байна.

Хэрэв Израилийн тагнуулын алба Сирийн баллистик пуужинг харвахаар бэлтгэж буйг тогтоовол тэд Иорданы зөвшөөрлийг хүлээгээд суухгүй нь ойлгомжтой. Бөмбөгдөлт ямар ч нөхцөлд хийгдэж таараа. Гэвч одоогоор тийм шинж тэмдэг алга ч Сирийн байдал маш хурдан өөрчлөгдөж байгаа.

Тус улсын хойд нутагт босогчид  амжилт гаргаж байна. Сирийн арми Туркийн хилээс  түрэгдэн шахагдаж, тэдний хангамжийн замууд таслагджээ. Төвөөс тусламж, шатахуун зэр зэвсгийн хангамж байнга тасалдах болов. 

Сөрөг хүчнийхэн Зенитийн пуужингийн зөөгч цогцолборыг ашиглаж сураад өдөр бүр шахуу нэг онгоц эсвэл нисдэг тэрэг сөнөөх болов. Долоо хоног бүр л 1-2 цэргийн баазыг эзлэн тонож байна. Арваннэгдүгээр сарын 26-нд тэд Сирийн гол цахилгаан станцуудын нэг “Тищрины усан цахилгаан станцыг” эзэлсэн. Идлиб, Алеппо мужууд төв захирагдахаа болин тусгаарлаж чадлаа.

Нийслэлд нь ч байдал тайван биш хотын төвд дэлбэрэлт, буудалцаан ердийн үзэгдэл болоод байна. Хотын захын дүүргүүдийг өдөрт нь Засгийн газрын цэрэг, шөнөд нь босогчид хянах боллоо. Босогчид олон улсын нисэх буудлыг нийслэлээс тасалж чаджээ. Эрх баригчид нисэх буудлыг хэвийн ажиллаж байгаа гэж мэдэгдсэн ч Egypt Air компанийн хамгийн өөдрөг сэтгэлтэй зоригтнууд нислэгээ зогсоогоод байна.

Дамаскийн нисэх буудал. Фото wikipedia.org сайтын хэрэглэгч Ercan Karakas

“Дэглэмийн нүүр царай” болж байсан ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, христийн сүсэгтэн Жихад Макдиси хэрэг явдал хайшаа эргэж байгааг ойлгоод гэр бүлийн хамт Лондон руу нисчээ. Түүний Дамаск дахь гэр орныг тэр дарайд нь тонон шатаажээ.

Олон улсын  тусламж, дэмжлэг авч байгаа босогчид сүүлийн амжилтдаа тулгуурлан Засгийн газарт улам их шахалт үзүүлж байна. Дэглэм нь харин өөрийгөө хамгаалах эцсийн нөөцөө шавхан дуусч байна. Ассадын хувьд байдал маш хүндэрсэн учир тэрээр химийн довтолгоон хийж магадгүй хэмээн олон хүн болгоомжилж байна.

Сирийн сөргөлдөөн дөнгөж эхэлж байхад жагсагчдын эсрэг дэглэм цэргийнхнийг илгээсэн юм. Үүнээс хойш жагсагчид босогчид болон зохион байгуулалтад орж муугүй гэхээр байлдаж байна. Босогчдыг “террористууд” гэж нэрлээд тэдний эсрэг танк илгээсэн. Тэд хотын гудамжуудад танкуудыг шатааж, танкчдад нисэх хүчин нь туслах болов. Босогчид ч тэдэнтэй тэмцээд сурчих байгаа. Одоо хот суурин, нутаг дэвсгэрээ алдаж байгаа Ассадад химийн зэвсэг гэсэн ганцхан хөзөр үлдээд байна.

Хэрэв хорт бодисоор Израиль, Туркт цохилт өгвөл маш хатуу хариулт өгөх нь ойлгомжтой. Тийм маягаар “иргэний дайн” нь “харийн түрэмгийлэгчдийн” эсрэг хийж байгаа хамгаалах дайн болох хувирах бололтой. Одоо ч ихээхэн шахалтад байгаа дарангуйлагч гадаадын дайснууд түүний бүдгэрсэн хувь хүнийг тойруулан ард түмнийг нэгтгэнэ гэсэн бодолтой болсон байхыг үгүйсгэх аргагүй. Мауммар Каддафийн хувь заяагаар  замнах цорын ганц зам үлдээд байгаа түүнд хөршүүдтэйгээ байлдах  санаа төрж буйг үгүйсгэх аргагүй.

Вашингтон, Брюссел ийм мөрөөдөл байж болохгүйг Ассадад сануулж байна. Химийн дайны бэлтгэл хийгдээд эхэлсэн гэх мэдээлэл өөрөө Сирийн хэрэгт НАТО-гийн талаас ажиллагаа явуулах сайхан шалтаг болж магадгүй. Бүхний хувьд хамгийн оновчтой шийдвэр нь одоо дарангуйлагч сайн дураараа гадагш “дүрвэн” дайныг дуусгах явдал болж байна. Хамгийн боломжгүй шийдвэр нь химийн зэвсгээр байлдан НАТО-гийн довтолгоонд өртөн хохирогчдын тоо толгойг нэмэгдүүлэх явдал болно. Ер нь ямар ч байсан Башар Ассад засагтаа үлдэх нь ягаад ч бүтэхгүй хэрэг болж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж