Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолуныг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд уул уурхай, газрын тосны салбарт явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Сайд Д.Ганхуяг “Монгол, Хятад хоёр улс уул уурхай, газрын тосны салбарт хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрч байгааг онцлоод, газрын тосны үйлдвэр барих асуудлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа тэмдэглэв. Ингэхдээ дотоодод олборлож буй газрын тосыг тэргүүн ээлжинд зах зээлийн үнээр дотооддоо нийлүүлэх чиглэлээр Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон холбогдох протоколд тусгасан болохыг тэмдэглэв.
Элчин сайдын зүгээс газрын тосны эрэл, хайгуул, олборлох салбарт “Петро Чайна” компанийн зүгээс ихээхэн хөрөнгө оруулалт хийснийг тэмдэглээд, бүтээгдэхүүн хуваах гэрээний татварын орчин тогтвортой байх нь зохистойг тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын үеэр талууд Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит хурлыг Улаанбаатар хотноо 2013 оны нэгдүгээр сарын дундуур зохион байгуулах талаар санал солилцлоо.
Г.ДАРЬ