Канад Монголоос суралцах болов уу?

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Канад Монголоос суралцах болов уу?

Канадын хоёр компанийг гадны аж ахуй нэгж компани худалдаж авах гэж байгаагаас үүдэн Канадын нэгэн бодлогын институт эрх баригчиддаа хөрөнгө оруулагчдыг айлгасан Монголын алдааг давтахгүй байхыг зөвлөжээ.

Канадын парламент яг одоо гадны аж ахуй нэгжүүд Канадын компанийг худалдаж авахдаа нь мөрдөх ерөнхий заавар, шаардлага гаргахаар ярилцаж байгаа юм байна.

Канадын Батлан хамгаалах, гадаад хэргийн бодлогын институт “Монголын парламент түүхий эдээс хамааралтай тус улсын эдийн засагт чухал үүрэгтэй Хятадын төрийн өмчит компанийн эсрэг гадны хөрөнгө оруулалтын хууль баталсан нь алдаа байсан” гэж онцолсон байна. 

Хятадын газрын тос, байгалийн хийн “Cnooc” групп Канадын мөн газрын тосны “Nexen” компанийг 15,1 тэрбум ам.доллараар худалдаж авахаар, Малайзын “PETRONAS” Канадын “Progress Energy Resources” гэдэг байгалийн хий үйлвэрлэгчийг таван тэрбум ам.доллараар худалдаж авах яриа хэлэлцээр болж байна. 

Монголын хууль тогтоогчид стратегийн ач холбогдолтой уул уурхай, банк хэвлэл мэдээллийн салбар Засгийн газар гадны аж ахуй нэгжүүдтэй нэгдэх, зарагдах наймааг хянахаар болсныг юу гэж ойлгох нь тодорхой бус. Гэхдээ үүнээс болж “Чалко” нүүрс нийлүүлэгч “Саутгоби”-г худалдаж авахаа больсон. 

Гэхдээ Монголын парламентын үйлдэл хөрөнгө оруулагчдад эрсдэл үүсгэж, үүнээс болж нэлээн хэдэн компани төслүүдээсээ хөрөнгөө татаж авсан гэж институц бичээд үүнийг Канадын парламент сайтар анхаарах ёстой гэж сануулжээ.

Монгол шиг гадны төрийн өмчит компаниас татгалзаж байгаа юм шиг ойлгогдохоор шаардлага хууль тогтоогчид гаргахгүй байх ёстой гэж энэ зөвлөгөөг бичсэн судлаачид үзжээ.

“Монголын жишээнээс харахад, байгалийн баялагт тулгуурласан үндсэрхэг үзэл сэтгэл хөдлөлөөр асуудалд хандаж улмаар буруу үйлдэл хийхэд хүргэсэн. Монголын байгалийн баялгийн бодлого одоо буруу тал руугаа явж байгаагийн тод жишээ нь энэ. Канад үүнээс суралцаж, зөв зүг рүү явна гэж найдья” гэж уг “анхааруулга”-д дурдсан аж.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж