Алаг үрээ зовоон шаналгасан аав, ээж хоёрыг яах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Алаг үрээ зовоон шаналгасан аав, ээж хоёрыг яах вэ?

Жаал хүү уйлж байна. Хөх няц болтол нь зодсон хойд эцэг, энгэртээ тэврээд эвийлж өмөөрөх байтлаа эр нөхөртэйгөө  хамжин балбасан ээждээ тэр голдоо ортол гомдон, шаналан уйлж байна. Айдас түгшүүр…Аав, ээж гэж хэн билээ. Тэр энэ бүгдийг үзэн ядаж байгаа. Амьдрал түүнд харгис санагдаж байгаа. Цухиртал уйлмаар байгаа ч тэр зөвхөн дотроо мэгшиж байгаа.  Хацрыг нь даган урсах гомдлын нулимс хөх няц болсон биеийнх нь шархаас илүүтэй хөндүүр байж магадгүй.  

Хойд аав, төрсөн ээж хоёртоо зодуулж, хүнд бэртсэн долоон настай хүү одоо Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нуруу, хүзүү, хөл гар, толгойндоо зөөлөн эдийн бэртэл авч, хүнд өвдсөн гэнэ. Аймаар юм аа. Араатан хүртэл бусдаас үр зулзагаа өмөөрдөг байтал 300 төгрөгийг нь авчихлаа гэж хардан, гурван цагийн турш хүүхдээ зэрлэгээр тамлах чулуун зүрхтэн байдаг юм байна. Хоёр хоногийн өмнө сэтгэл шимшрүүлсэн энэ хэрэг гарч, арчаагүй эр, эм хоёр нийлэн алаг үрээ амьдаар нь тамлажээ. Хөршийнх нь эмэгтэй хүрч ирж авраагүй бол долоохон настай тэр хүү амиа алдах байсан ч байж магадгүй. Монголын нийгэм ийм арчаагүй, тийм муухай болтлоо ялзарчихаж. Цэцэг цэврүү шиг үрс маань айдас түгшүүр дунд биш гэрэл гэгээнд торних ёстой. Аавдаа зодуулсан хүү нэг удаа аврагдлаа. Харин хоёр дахь, гурав дахь удаагаа яах бол. Ийм айдас өнөөдөр эх хүн бүрийн сэтгэлд хургаж өнжсөн байх.

Хүүхдүүд уйлж байна.  Хогон дунд, нулимсан дунд, архидалт, садар самуун дунд хүүхдүүд амьдарч байна. Ирээдүйгээ хайрлаагүй улс хожмоо хүнлэг энэрэнгүй нийгмийг тэднээс хүсч чадна гэж үү. Арчаагүй, архичин, аймхай,  араатнаас ч дор авирлах томчуудаас болж хүүхдийн нүд нулимстай байхад ардчилсан энэрэнгүй Монгол Улсыг байгуулж яваа гэх эрх баригчдыг үзэн ядмаар.  Монголд хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалсан, тэдний нэрээр амьдардаг, цалинждаг, мөнгө олдог өч төчнөөн байгууллага байна. Тэд яагаад хүүхдийн эрх зөрчигдөж байгааг, томчуудын золиос болж байгааг, хүүхдүүд гудамжинд, хүүхдүүд архидалт дунд амьдарч байгаатай тэмцэхгүй байна вэ?

Аав, ээждээ амьдаараа тамлуулж, бяцхан биеэ шатаалгасан энэ хүүг одоо яах вэ. Алаг үрээ зовоон шаналгасан адгуус шиг хоёр залууг бас яах ёстой вэ?

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж