-Ари, романс дуулаачдын улсын уралдаанд түрүүлсэнд баяр хүргэе.Уралдаан ямар онцлогтой болов?
-Баярлалаа. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдорж багшийн минь нэрэмжит улсын IV, олон улсын II уралдаан амжилттай болж өнгөрлөө. Монголын залуу дуучид чадвар чансаагаа сорилоо. Олон улсын хэмжээнд дуулагддаг том бүтээлүүд нэмэгдэж орсноороо их онцлог.
-Шалгуур, шүүлт хэр байв. Өөрийгөө түрүүлнэ гэдэгт итгэлтэй байсан уу?
-Дуурийн хажуугаар бэлтгэл хийж байсан болохоор санаандаа хүртэл бэлтгэж чадаагүй. Гавьяат жүжигчин А.Бүтэд, Б.Солонго багш нартайгаа хамтарч бэлтгэл сургуулилалтаа хийсэн. Тунаж үлдсэн 10 дуучин тус бүр хоёр ари дуулсан. Зайлшгүй сурах ёстой ари нь дэлхийн том сонгодог бүтээл байсан. Монголд дуулагдаж байгаагүй, олон улсын уралдаанд дуулагддаг том ариг дуулсан. Тийм том ариг уралдаанд оруулсан нь том шалгуур үзүүлэлт байлаа. Монголын урлагийн ажилтны холбооныхон болон манай ДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа эгч шүүсэн. Тэрбээр дуулагдаж байгаагүй олон шинэ ариг шигшиж оруулсан юм билээ. Хоёрдугаар шатанд үлдсэн хүн өөрийгөө дээгүүр гарч ирнэ гэдэгт итгэлтэй байсан шүү.
-Уралдааны бай шагналыг сонирхож болох уу?
-Том уралдаан болохоор шагнал өндөр байлгүй яах вэ. Тэргүүн байрт 3.5 сая төгрөг өгсөн. Мөн Пүүжээ багшийнхаа нэрэмжит шагналыг давхар авсан. Би ч эхэндээ “Бай шагнал ч яах вэ. Пүүжээ багшийнхаа нэрэмжит шагналыг л авах юмсан” гэж бодож байсан. Гэтэл түрүүлээд, шагналыг нь аваад давхар баяр тохиосон шүү. Уг уралдаан 2004 онд болоход нь би ХБК-ийн оюутан байсан. Тухайн үед ах, эгч нартайгаа зэрэгцээд ач тач үзэлцэж хоёрдугаар шат хүртэл явсан шүү. Тэгээд ороод юу ч бэлтгээгүй хүүхэд гуравдугаар шатанд хасагдалгүй яах вэ.
-Таныг ЦДБЭЧ-ын гоцлол дуучин О.Хүрэлбаатар гэдгээр нь хүмүүс илүү таньдаг. Хэзээ энэ ам бүлийн гишүүн болов?
-Энэ театрын халуун ам бүлд багтаад яг жил болж байна. Өнгөрсөн жил Ж.Вердийн “Аида” гэдэг том дуурийн Ромписийн дүрд дуулах санал хүлээж авсан. Тэгээд дуулсны дараа ирж ажиллах урилга хүлээж авсан. Энэ нэр хүндтэй ягаан байшинд орж ирсэн өөрийгөө азтай нэгэн гэж боддог. Би ЦДБЭЧ-ын гоцлол дуучнаар есөн жил ажилласан юм байна. Оюутан байхдаа чуулгын дуучнаар орсон.
-Дуурийн театрт орж ирээд ямар бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн байна вэ?
-Олон сайхан дуурийн гол дүрийг бүтээж, өөрийгөө хөгжүүлж явна. Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурьт Хоролдой ноёны, Ж.Вердийн “Аида”-гийн Ромписийн, “Риголетто” дуурьт Монтеронигийн, Б.Шаравын “Чингис хаан” дуурьт Мэнлэг эцгийн, Д.Лувсаншаравын “Хан бүргэд” дуурийн Насанбатын, Ж.Пуччиний “Богема”-д Коллен, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурьт Геремений зэрэг олон дуурьт дуулжээ. Дэлхийн том том сонгодог бүтээлийг богино хугацаанд дэлхийд таниулж чаддаг монгол хүн гэдэг ямар агуу авьяас чадвартай гэдгийг манай дуучид харуулж байна. Манай театр Азидаа хамгийн том, олон дуурь тавьсан нь. Том дууриудыг тайзан дээр амилуулсан Ц.Пүрэвдорж, Х.Уртнасан, А.Бүтэд багш нараараа бахархдаг. Энэ буянтай багш нар байгаагүй, бидний замыг тавьж өгөөгүй бол залуучууд сонгодог урлагийн талаар ямар ойлголттой байхыг хэлж мэдэхгүй юм.
-Сүүлийн үед залуус сонгодог урлаг сонирхдог болжээ. Энэ нь залуу уран бүтээлч нартай холбоотой байх?
-Үнэхээр дуурийн залуу уран бүтээлчидтэй холбоотой. Манай театрын 80 хувь нь залуус байна. Цус сэлбэгдэж залуус олноор гарч ирсэн. Дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц мундаг дуучид байгаа. Манай театрын Э.Амартүвшин, Э.Анхбаяр, Ч.Энхтайван нар дэлхийд нэрээ гаргасан уран бүтээлчид.
-ЦДБЭЧ-ыг энэ театртай харьцуулж болохгүй байх. Гэхдээ ажлаа сольсон хүнд ямар санагдаж байна?
-Чуулгын хамт олон сайхан. Өдий зэрэгт хүргэх эх үндэс суурийг чуулга тавьж өгсөн. Цэргийн чуулга гэдэг утгаараа дэг жаягтай. Есөн жилийн хугацаанд их зүйлийг сурсан. Тухайлбал, дуучин хүн тайзан дээр биеэ хэрхэн авч явах, үзэгчидтэй харилцах, бүтээлээ хүргэх талаар байнга суралцаж ирсэн. Урлаг бол тэр чигээрээ соёл. Гэхдээ сонгодог урлаг гэдэг өөр том ертөнц байдгийг орж ирээд мэдэрлээ. Их соёлтой, боловсон, ур чадвартай, хариуцлагатай, хийх юмаа цаг тухайд нь хийгээд явдаг тийм хүмүүс байдаг юм.
-Олон улсын уралдаанд хэр оролцож байв?
-2010 онд ЦДБЭЧ-д гоцлол дуучин байхдаа ОХУ-ын Ким Базарсадаевын нэрэмжит олон улсын ари, романс дуулаачдын уралдаанд оролцоод Гранпри шагнал хүртэж байлаа. Сая Ц.Пүрэвдорж багшийнхаа нэрэмжит уралдааны Гранприг хүртлээ. Одоо манай гэрт хоёр том Гранпри байна даа. Өнгөрсөн жил М.Глинкийн уралдаанд оролцох байсан ч явж чадаагүй юм. 2015 онд болох уралдаанд нь оролцоно доо.
-Мэргэжлийн сургуулийг нь дуурийн дуулаачаар төгсчихөөд нийтийн дуу дуулаад явдаг уран бүтээлчдийг та яаж үнэлдэг вэ?
-Сонгодог урлагийн чиглэлээр төгсч байгаа дуучныг тэр болгон ДБЭТ авдаггүй юм. Шалгуур өндөртэй байгууллага. Газар газраас ирсэн шилмэл мундаг хоолойтой дуучдыг авдаг юм шүү дээ. Түүнээс хэр баргийн аавын хүү ирчихээд “Би дуурийн дуучин болъё” гэж хэлж зүрхэлдэггүй юм. Уран бүтээлч хүнд мөнгө санхүүгийн асуудал чухал байлгүй яах вэ. Нийтийн дууг сонсох масс их. Би ч гэсэн дуурь дуулахын хажуугаар хувийн уран бүтээл хийдэг. Чуулгад байхдаа л хийдэг байсан. “Хайр гижигдсэн цэргийн бүсгүй” цомгоо гаргаж, бие даасан тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хоёр удаа хийсэн. Одоо “Сүүлчийн тулааны өмнө” гэдэг цомгоо гаргах гэж байна.
-Сонгодог урлагаар бие даасан уран бүтээл хийхийг боддог уу?
-Одоо ганцаарчилсан поп опера чиглэлээр уран бүтээл хийхээр бэлтгэл ажилдаа орсон. Цаашдаа мэргэжлийн чиглэлээрээ уран бүтээл хийх бодолтой байна. Гадаадын сонгодог дууг поп опера чиглэлээр мэргэжлийн түвшинд дуулна. Пүүжээ, Жамьянжав багш нар шиг ээ сайхан баргил хоолойтой дуурийн дуучин болж түүхэнд үлдэх юмсан гэж мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдөл захаасаа биеллээ олж байна. Энэ мундаг багш нарынхаа залгамж халаа болж, дуурийн урлагаар дэлхийн тавцанд гарч дуулахыг мөрөөдөж байсан. Монгол хүн амны бэлгээрээ гэдэг. Удахгүй биелэх байх.
-Нууц биш бол чуулгадаа хэдэн төгрөгийн цалинтай ажиллаж байв. Театрт ирээд цалин нь нэмэгдэв үү?
-Чуулгад сардаа 800 мянган төгрөгийн цалинтай байсан. Харин энд ирээд 300 мянгыг авдаг болсон. Хамгийн гол нь Монголын номер нэг театрын дуучин гэж зарлуулах нь нэр төрийн хэрэг. Би энэ байгууллага руу нэг том мөрөөдөл тээж орж ирсэн. Тэр том мөрөөдлөө биелүүлэх нь миний үүрэг. Эхнээсээ биелж байна. Энэ театрын буян хишиг, үр шимийг нь амсч эхэллээ. Цаашид олон том тэмцээн уралдаан намайг хүлээж байгаа.
-ХБК-ийг хэдэн онд төгссөн бэ?
-2003 онд ороод 2007 онд А.Бүтэд багшийнхаа удирдлага дор төгсч байлаа. Сая уралдаанд түрүүлсэн Б.Энхнаран бид хоёр нэг ангийнх. Нэг ангийн хоёр түрүүлснийг ихэд бэлгэшээж байгаа шүү.
-Манай уран бүтээлчид дууныхаа шүлэг, аялгууг анхаарах цаг болжээ. Хэвэнд цутгасан юм шиг биенээ дуурайж хэлбэрддэг уран бүтээлч олширлоо гэх шүүмжлэл бий?
-Уран бүтээлчид шүүмж-лэлийг хүлээж авах ёстой. Мөн шүлэг аялгууны талаар ч анхаарч ажиллах хэрэгтэй юм болов уу. Хэтэрхий нэг хэлбэрт баригдаж бүтээл төрүүлдэг болсон нь үнэн. Нийтийн дуучид дуугаа сонгохдоо олонд хүргэх талаас нь хөнгөн хялбар аргаар ямар ч чанаргүй уран бүтээл сонгочихдог. Олонд хурдан таниулж зах зээлд гаргах зорилготой. Хөгжмийн зохиолчид нь ч ялгаагүй юм шиг санагддаг. Харин Б.Бямбабаяр ах гайгүй сайн дуу хийчихдэг. Би сонсох дуртай. Жаахан хүнд төрөлдөө ороод явчихдаг ч тийм дуу хийх хэрэгтэй.
-Дуучин хүн дуулах тусам хоолой цээл тунгалаг болдог гэж ярьдаг ч дуурийн дуучдыг гам барих хэрэгтэй гэдэг юм билээ?
-Дуурийн дуучин том уран бүтээл дуулах тусам тэр нь хоолойн дасгал болдог. Сая уралдаанд орохын өмнө Ж.Вердийн “Реквием”-д гоцлол дуучин Наранчимэг, Ариунаа, манай гоцлол дуучин болж байгаа Даваадорж бид дөрөв дуулсан. Энэ бэлтгэл сургуулилалт болсон.Пүүжээ багш “200 хувь хийж байж 100 хувь гэж өөрсдийгөө бодох хэрэгтэй шүү” гэж дуучдадаа хэлдэг байсан юм билээ. Гам барихын хувьд хамаагүй шүү дээ. Би цэл хүйтэн ус уучихдаг. Гайгүй байдаг. Эмзэглээд байх тусам хоолой эвгүй болчих шинжтэй шүү. Тэгэхээр хүйтэн халуунд дасгаж байх хэрэгтэй.
-Таны төрж өссөн нутаг ус хаана билээ. Дуучны удамтай юу?
-Би Сүхбаатар аймагт төрж өссөн. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ эгч бид хоёр ойрын хамаатнууд. Миний өвөө нутаг усандаа алдартай хуурч хүн байсан. Ш.Чимэдцэеэ эгчийг урлагийн тайзан дээр анх гаргасан хүн бол миний өвөө. Миний аавын талын ч Дарьгангын уртын дууг найр наадамд сайхан дуулчихдаг хүмүүс байсан гэдэг. Дуучин Э.Амартүвшин манай аавын нутаг юм билээ. Сайнаар яривал садан төрөл болох хүмүүс.
-Багадаа урлагийн хүн болно гэж боддог байсан уу?
-1999 онд 10 жилийн сургуулиа төгсөөд өвөө эмээгийнхээ дэргэд хоёр жил мал маллаж үзлээ. 2000-2001 оны хар зудыг үзээд л хотод орж ирсэн хүн дээ. Нэг өдөр өвөө, эмээгээ уйлуулаад л ээжийгээ дагуулаад гэрээсээ гарч байлаа. Ерөөсөө урлагийн хүн болно гэж бодож байгаагүй. Гэхдээ урлагийн замд хөтөлсөн хүн бол миний ээж, манай нутгийн ах Оргил хоёр. Тэр хүн миний гараас хөтлөөд ХБК-д оруулж өгч байлаа. Тухайн үед нийтийн дуучид гэж бараг байдаггүй. Ц.Түвшинтөгс, Г.Эрдэнэбат гээд хуруу дарам цөөн хүн байсан. Тэдний дундаас Завханы С.Батсүхийн дуу л хит болж явдаг байсан. Тэгээд л “Батсүх ах шиг л дуучин болно” гэсэн бодол тээж явлаа. ХБК-д шалгалт өгөхдөө “Жирмийн цагаан нуур” дууг дуулаад тэнцэж байсан. Тухайн үед их нарийхан хоолойтой. Гавьяат С.Батсүх шиг дуулдаг байж билээ. Тэгээд хоёрдугаар курсээс хоолой баргил бүдүүн болж эхэлсэн.
