Дарангуйлагчийн хорт утааны баг

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Дарангуйлагчийн хорт утааны баг

Сирийн эрх баригчид химийн зэвсэг хэрэглэхээр бэлтгэж байгаа шинж тэмдгийг Америкийн тагнуулынхан олж илрүүлжээ. Босогчдын амжилт алхам алхмаар ахисаар байгаа үед энэ мэдээ тарсан нь, Барууны орнууд Сирийн иргэний дайнд шууд оролцож, Башар Асадын дэглэмийг өнөө маргаашгүй дуусгавар болгох нь гэх яриаг дэврээж байна.

Сирийн цэргийнхэн агуулахад байсан химийн зэвсгийн нөөцөө гаргаж орон даяар тарааж буй талаар АНУ-ын тагнуулын байгууллага дахь эх сурвалж хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн юм. Мөн үүнтэй зэрэгцээд Сирийн химийн инженерүүд хүний мэдрэлд асар хүчтэй үйлчилдэг зарин хийг бэлтгэхэд найрлагад нь ордог бодисуудыг тус тусад нь хадгалдаг байснаа нэг доор бөөгнүүлж байна гэх мэдээ тархсан билээ. Иймэрхүү мэдээлэл ихэвчлэн цуу байсан нь хожим тодорхой болдог боловч энэ удаа хараахан тийм биш бололтой. АНУ, Европын холбоо, НҮБ-ын тэргүүд тэр бүү хэл ОХУ хүртэл Б.Асадыг, химийн зэвсэг хэрхэвч хэрэглэж болохгүй хэмээн анхааруулав. Харин Дамаск хариуд нь “Тийм зэвсэг байсан байлаа ч, бид юу ч болж байсан ард иргэдийнхээ эсрэг хэрэглэхгүй” гэжээ. Гэвч энэ мэдэгдэл Барууныхны санааг амраах нь битгий хэл, гал дээр тос нэмэв. Тэд уг мэдэгдлийг “Өөрийнхнийхөө эсрэг хэрэглэхгүй, харин гадныхны хувьд бол буцахгүй гэсэн үг” хэмээн хүлээж авсан байна. Дамаск албан ёсоор бол АНУ, Израилийн даалгавраар, Туркийн нутаг дэвсгэрээс Сирийн эсрэг үйл ажиллагаа явуулж буй гадаадын алан хядагчидтай тэмцэж байгаа гэдгийг Барууныхан гэнэт санажээ. Тэгэхлээр Сирийн хорт хийн бай болох улс захаас аван бий гэсэн үг.

Үүссэн нөхцөл байдал Сирийн хөршүүдийг, тэр дундаа Турк, Израилийг хөөрхөн сандаргаад авав. Анкара нэн даруй НАТО дахь түншүүдээсээ тусламж эрснээр Брюссельд шуурхай хуралдаан болж, нисэх онгоц төдийгүй химийн байлдааны хошуутай хошуугүй баллистик пуужинг устгах чадалтай “Patriot” систем арвыг Туркэд байрлуулахаар боллоо. Харин Израиль асуудалд, сурсан аргаараа хандахаар шийдсэн байна. Тель-Авив Сирийн үй олноор хөнөөх зэвсгийн агуулахуудыг хоромхон зуур газрын хөрснөөс арчих чадвартай бөмбөгдөгч онгоцууддаа ажиллагаа явуулах бололцоо олгож, агаарын орон зайгаа нээж өгөхийг Иорданаас хүсэв. Харин Иордан химийн хорт бодис агаараар дамжин нутагт нь буухаас болгоомжлох тул, уг хүсэлтийг нь хүлээж авахаас баахан цааргалж байна. Гэхдээ Сирийн хорт төлөвлөгөө үнэн бодитой нь нотлогдвол Израиль Иорданаас асуугаад байх ч юмгүй, шууд л бөмбөгдөх нь ойлгомжтой юм. Одоогоор үйл явдал юу юугүй ингэж өрнөхөөргүй байгаа ч, Сирид нөхцөл байдал тун хурдан өөрчлөгдөж байна.

Сирийн умард нутагт босогчид шил шилээ дараалсан ялалт байгуулж байна. Засгийн газрын хүчин Турктэй залгаа хилээс шахагдсан төдийгүй төвөөс хангалт ирдэг зам нь хаагдаж зэвсэг, шатахуунаар гачигдсаар байгаа юм. Пуужин харвадаг зөөврийн төхөөрөмж эзэмшиж сурсан сөрөг хүчнийхэн өдрийн нэг шахуу онгоц, нисдэг тэрэг унагаж байгаагаас гадна долоо хоног тутам Засгийн газрын нэгээс хоёр цэргийн баазыг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 26-нд Сирийн хамгийн том усан цахилгаан станцын нэг “Тишрин”-ийг эзэлжээ. Идлиб муж, Алеппо хот хэрэг дээрээ бие дааж, Дамаскт захирагдахаа болиод байна. Дамаскт ч байдал хүнд байгаа бөгөөд хотын буудалцаан, дэлбэрэлт болох нь ердийн үзэгдэл болжээ. Хотын зах хязгаарыг өдөр нь Засгийн газрынхан, шөнө нь босогчид хянах болов. Тэр ч байтугай босогчид нийслэлтэй холбогддог замыг нь хааж Дамаскийг олон улсын нисэх буудалгүй болгосон байна. Эрх баригчид нисэх буудлыг хэвийн горимд ажиллаж байгаа хэмээн мэдэгдсэн ч, хамгийн зоримог “Egypt Air” компани хүртэл тийш нислэг үйлдэхээ больжээ. Ядаж байхад яр гэгчээр, Б.Асадын дэглэмийн “урьдаа барьдаг мод” байсан ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жихад Макдиси гэр бүлээ авч Лондон руу нисч одсон байна. Түүний гэр оронг тэр даруйд нь талаад шатаажээ.

Олон улсын дэмжлэгийг хүлээж, орчин үеийн зэвсэгтэй болж авсан босогчид сүүлийн үеийн амжилтдаа улам зоригжин Засгийн газарт өдөр ирэх тусам хүнд дарамт үзүүлсээр байна. Харин Б.Асадын дэглэм өөрийгөө хадгалж үлдэх эцсийн нөөцөө шавхаж байгаа бөгөөд тийм ч учраас химийн зэвсэг хэрэглэж магадгүй гэх айдас бодитой болсоор байгаа юм.

Анх жагсагчдыг тараахын тулд эрх баригчид цэргийнхнийг хөдөлгөснөөр Сирийн сөрөг хүчнийхэн босогчид болон хувирч, буу шийдэмдээ хүрсэн билээ. Буу гаргаад ирэхээр нь өөдөөс нь танк оруултал босогчид хуягт техник устгаж сурав. Танкаа дэмжүүлэхээр байлдааны онгоц, нисдэг тэрэг хэрэглэтэл түүнийх нь ч учрыг олж чаддаг болжээ. Одоо нийслэлээ, газар нутгаа, хүнээ алдаж дуусч буй Б.Асадад химийн зэвсэг л үлдэж байна.

Хэрвээ энэ зэвсгийг Израиль, Туркийн эсрэг хэрэглэвэл Дамаск туйлын хатуу хариу амсах болно. Ингэснээр иргэний дайн, гадаадын эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг “эх орноо хамгаалах” дайн болж хувирах юм. Арга нь барагдаж буй дарангуйлагчийн толгойд юу эргэлдэж байгааг таахад хэцүү ч, гадаадын дайсны эсрэг тэмцэлд ард түмэн өөрийг нь тойрон хүрээлнэ хэмээн тэрбээр тооцоолж байж ч мэдэх юм. Хөрштэйгөө байлдахгүй гэвэл М.Каддафийн араас орох нь зайлшгүй тул Б.Асад шиг аргаа барсан ямар ч дарангуйлагч “аавынхаа толгойг маажих” байсан биз. Вашингтон, Брюссель сүүлийн үеийн анхааруулгаараа Б.Асадад юу ойлгуулах гэсэн бэ гэвэл, цэрэг орох нь зайлшгүй шүү гэдгийг л ойлгуулах гэсэн болов уу. Химийн зэвсэг хэрэглэх нь байтугай, хэрэглэх бэлтгэл хийгдэж буйг нотлох “баттай баримт” л цэрэг оруулах хангалттай шалтгаан болно шүү гэдгийг Барууныхан Б.Асадад хэлжээ.

Сирийн нөхцөл байдал цаашид яаж өрнөх нь, ерөнхийлөгч Б.Асадад эрүүл саруул шийдвэр гаргах бололцоо хэр үлдсэнээс шалтгаалах болоод байна. Ийм бололцоо үлдсэн бол тэрбээр өөрөө сайн дураар гадаадад дүрвэж, дайныг дуусгахаас өөр гарц үгүй гэдгийг ойлгох байх. Үлдээгүй бол химийн зэвсгээ хэрэглэж, улмаар НАТО-гийн цэрэг Сирид орсноор улам олон хүний амь үрэгдэнэ. Аль ч тохиолдолд дайн дуусдгаараа дуусах боловч Б.Асад засгийн эрхэнд үлдэж чадахгүй нь яавч тодорхой болжээ.

Б.АМГАЛАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж