Учир нь МАХН-ын Гүйцэтгэх товчооны шийдвэрээс болж эвсч сонгуульд оролцоод парламентад бүлэг байгуулсан эвсэл задарвал жагсаалтаар орж ирсэн гишүүдийн хувь заяа яах талаар өөр өөр өнгө аястай зөгнөл, дүгнэлтүүд хэвлэлийн хуудаснаас салахаа болив. Өмнө нь манай улс төрийн түүхэнд эвсэл болж сонгуульд оролцоод УИХ-д орсон хойноо таарч тохирохгүй задарсан тохиолдол гарч л байсан. Түүнийхээ гайгаар АН бүлэг байгуулж чадахгүй бүтэн дөрвөн жил явсан. Тэр гомдол нь одоо болтол арилаагүй, үгийнхээ үзүүрт цухуйлгаж, хууль зөрчөөд ч хамаагүй МАН-ыг бүлэггүй байлгах гэсэн “өшөө авалт”-ын шалтаг хэвээр байна. Тэгэхлээр эвсэл гэдэг эвтэй нэгэнд хэрэгтэй, эвгүйхэн хөдөлвөл хатуухан харилцаа.
Энэ жилийн УИХ-ын сонгуулийн үр дүнд үнэмлэхүй олонхи болсон нам байхгүйгээс МАХН-МҮАН хамтран “Шударга ёс” эвсэл байгуулж, АН-тай засаг төвхнүүлж, сайдын бялуунаас томхон хэлтэрхий хүртээд авсан. Харамсалтай нь 100 хоногийн зугаатай бал сарын дараа өнөөх эвсэл нь задрахдаа тулж, задарвал жагсаалтаар гишүүн болсон хүмүүсийг буцааж татах талаар ярьж, хэлээд эхлэв. Гэхдээ эвсэл задрах шалтгаан нь “Эзэндээ үнэн байх” гэсэн эвгүй гэмээр итгэл үнэмшил. Үүнээс болж холилдож сүлэлдэн байж олонхи болсон АН-ынхан тогтвортой Засгийн газрын төлөө эвслийн гишүүдийг эргүүлэн татна хэмээн “айлгаж” байгаа бол сөрөг хүчний зүгээс “айгаад байх шаардлагагүй” гэдгийг хэлж байгаа. Харин дөрөв дэх засаглалын зарим тоймч жагсаалтаар сонгогдсон гишүүд татагдаж, тойргоос сонгогдсон нь гишүүнийхээ ямбыг үргэлжлүүлэх талаар бичиж байна. Дуулианы дунд хэн нь үнэн, хэн нь худал яриад буйг жирийн ард түмэн ойлгохоо больж, толгой нь эргэж орхиод байгаа. Тиймээс энэ асуултыг УИХ-ын зарим гишүүн болон нэгэн үе төр барилцаж явсан хүмүүст тавилаа.
ЗАДАРСАН ЭВСЛИЙГ ТӨЛӨӨЛНӨ ГЭХЭЭР УЧИР ДУТАГДАЛТАЙ
УИХ-ын гишүүн А.Бакей:
-Эвсэл нь задарчихаж байгаа нөхцөлд хууль эрх зүйн орчин нь тодорхой бус болно. Тойрогт нэр дэвшин ялалт байгуулсан нь эрх биш ард түмнийг төлөөлж байгаа болохоор сууж байж болох юм. Түүнээс биш хүчин төгөлдөр бус эвслийг төлөөлж УИХ-д сууна гэхээр эрхзүйн орчин нь тодорхой бус болж хүндрэлтэй суудал үүснэ гэсэн үг. Үүнийг нягтлах л хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл Дээд шүүхэд маргаан үүсгэж шийдвэр гаргаж болох байх.
![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2010/12/bc3a17603680b9dc/9eb851fba48ca27cbig.jpg)
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай:
-Хуульд татах талаар заагаагүй шүү дээ. Эвсэл задарлаа гээд заавал гишүүдээ эргүүлэн татаж дахин сонгууль явуулах, дараагийн гишүүнийг оруулж ирэх гээд байх шаардлага байхгүй шүү дээ. Тэртэй тэргүй эвсэл задарсан ч нам нь байж байгаа юм чинь. Эхнэр нөхөр хоёр саллаа гээд хүний тооноос хасдаггүй биз дээ. Түүнтэй л адилхан асуудал.
ТАТАГДАНА ГЭЖ ОЙЛГОЖ БАЙГАА
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:
-МАХН-ыг улс төрийн намын хувьд төлөвшсөн байр сууринаас асуудалд хандах байх гэж найдаж байгаа. Дураа хүрэхээр орж ирээд, дургүй нь хүрэхээр гараад явчихдаг асуудал байж болохгүй. Шүүх засаглалын асуудал Засгийн газарт огт хамаагүй. Эвслээ задалвал жагсаалтаар орж ирсэн гишүүд татагдана гэж ойлгож байгаа. Хэрэв ингэвэл Монгол Улс парламентын хямралд орж гадаадын хөрөнгө оруулагчид манайхыг улс төрийн тогтвортой ардчилсан улс орон гэж харахаа болино. Бондын асуудал дээр ч итгэлийн биш эргэлзсэн нүдээр харах болно гэдгийг л хэлмээр байна.
ШИНЭ ТӨСӨЛ БОДОЖ БАЙГАА
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Одоо хэрэгжиж байгаа хуульд ийм заалт байхгүй. Шинээр хуулийн төсөл өргөн барьж байж энэ харилцааг зохицуулах ёстой. Ер нь бид шинэ хуулийн төсөл бодож байгаа. Жагсаалтаар орж ирчихээд намаасаа гардаг, эвсэл нь задардаг тохиолдлуудад яах вэ гэдгийг зохицуулах шинэ төсөл бодож байгаа.
ХҮСЭЛТ ГАРГААГҮЙ ГИШҮҮНИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ЁСГҮЙ
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:
-Эвсэл нь задарлаа гээд аль нэгэн нам дур мэдэж УИХ-ын гишүүнийг эргүүлэн татчихна гэсэн зүйл байхгүй. Хуулиараа тодорхой хоёрхон тохиолдолд л гишүүнийг татах заалт байгаа. Нэгдүгээрт, гишүүн өөрөө нэрээ татах өргөдлөө өгвөл, хоёрт, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажлаа хийх боломжгүй болвол. Түүнээс биш УИХ-ын гишүүний дархлааг хэн ч алдагдуулж болохгүй. Эвсэл задарсан байлаа ч гишүүн өөрөө нэрээ татах талаар шийдвэр гаргаагүй л бол байж байна гэсэн үг. Хуулиа л дагах ёстой. Намууд улс төрийн шахалт үзүүлж тухайн хүнээр өргөдөл гаргуулсан тохиолдолд өөр зүйл яригдана. Гэвч энэ нь бүдүүлэг алхам болно.
ЭНЭ ШИНЭ ЗҮЙЛ БИШ
УИХ-ын гишүүн асан С.Ламбаа:
-Энэ шинэ зүйл биш шүү дээ. Монголын парламентад өмнө нь эвсэл задарч л байсан. Тэгсэн ч гишүүд нь байж л байсан шүү дээ. Эвсэл задрахад бүлгийн тухай ойголт л байхгүй болохоос биш гишүүнээс нь эргүүлэн татна гэсэн заалт байхгүй. Эвслийн нэрсийн жагсаалтаар гишүүн болсон нөхдөд хариуцлага тооцмоор байгаа бол УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тэгэхгүй гэвэл гишүүд байж л байг. Ер нь эвсэл задарлаа гээд Засагт ямар ч нөлөө байхгүй. АН, МАН-ын бүлэг рүү нэгдэж болно шүү дээ.
ХУУЛИЙН ЗААЛТ БАЙХГҮЙ
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Үүн дээр ямар байр суурь илэрхийлэх вэ гэвэл яг үүнд чиглэсэн хууль зүйн нарийн зохицуулалт байхгүй. Тиймээс энэ асуудал дээр миний хувьд төвийг сахисан байр суурьтай байгаа.
![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/1/2aac0c1b8aca4ade/2052e0110813eac5big.jpg)