Зэс өсөөд баяжихгүй, зээл аваад ядуурахгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Зэс өсөөд баяжихгүй, зээл аваад ядуурахгүй

Монголчуудын зүйр үг шинжлэх ухааны ямар ч онол номлолоос илүү үнэнд ойр, үнэ цэнэтэй байдаг билээ. Энэ дунд “Тарвага алаад баяжихгүй, тамхи татаад хоосрохгүй” хэмээх хэлц үг ч бий. Хангай, говь хаа сайгүй бужигнадаг байсан тарвагаа бид ерээд оны дундуур арьс нь үнэд орлоо гээд бараг л бүрмөсөн устгачих дөхсөн. Гэлээ ч арьсыг нь арилжаад ашгийг нь хүртсэн хүн тун ховор. Хэт их олзонд шунасан нөхдүүд хил дээр баригдаж, хий эргэсэн нь олон. Басхүү архинаас болж амьдралаа алдсан хүн олон байхаас тамхи татлаа гээд тартагтаа тулчихсан нь үгүй.
Харин орчин үеийн эдийн засгийн зарим үзэгдэл “Зэс өсөөд баяжихгүй, зээл аваад ядуурахгүй” гэсэн шинэ хэлцийг бий болгож байна. Манай улсын төсөв хийгээд эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг экспортын гол түүхий эд болох зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр тийм ч тогтвортой биш байна. Гэвч одоогоос сарын өмнө тонн зэсийн үнэ сүүлийн 20 сарын турш хүрээгүй дээд түвшинд хүрсэн. Тухайлбал, Лондонгийн металлын биржид 7950 долларт хүрч байсан бол Шанхайд бүр 9100-гаас давж алмайруулсан. Үүнийг нэг талаас үнийн зөрүүнээс ашиг олох гэсэн хөрөнгө оруулагчдын хөөрөгдөл гэж тайлбарлаж байсан ч нөгөө талаас дэлхийн санхүү, эдийн засгийн байдал сайжирч, зэсийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой жам ёсны үзэгдэл хэмээн шинжээчид үзэж байлаа.
Ямартай ч, энэ онд зэсийн дундаж үнэ 19 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоог дэлхийн голлох экспортлогчид хэлж буй юм. Энэ нь гэрэл гэгээтэй мэдээ боловч манайхаас өөр олон орон зах зээлд нийлүүлэх зэсээ хэдэн сая тонноор нь зэхчихсэн байгааг бодолцох хэрэгтэй. Зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Чили улс өнгөрсөн онд 5.4 сая тонн зэс зах зээлд нийлүүлсэн бол энэ онд уг хэмжээгээ 5-6 хувиар нэмэгдүүлэх төлөвтэйг ажиглагчид хэлж байна. Эндээс нэг том ялгаа харагдана. Тэд үнэ өсөхтэй зэрэгцүүлж үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх бодлого барьж байхад бид биржийн ханш ямар байхаас үл хамааран байдгаа байнга барьчихдаг улс. Өөрөөр хэлбэл, хямд эсвэл үнэтэй байх нь хамаагүй. Гаргадгаа гаргаж, зардгаа зарна л гэсэн үг. Одоо удахгүй Оюутолгойгоос овоо юм “цохино” гээд л онгирч байгаа. Гэтэл зэсийн хэрэглээ энэ онд ихэнх оронд буурах хандлага ажиглагдах болсон. Ялангуяа Япон, Европын холбоо, АНУ-д эрэлт багасна гэж үзэж байгаа. Гэхдээ үнийн хувьд сүйдтэй доошлохгүй. Ямар ч байсан 7000-аас буухгүй байх магадлалтайг эдийн засагчид хэлж байгаа юм. Нөгөөтэйгүүүр манайд хамгийн ойрхон эдийн засагт эрэлт нэмэгдэх сайн тал ч бий. Хөрш БНХАУ-ын эрэлт 26 орчим хувиар нэмэгдэх төлөвтэйг олон улсын зах зээлийн прогноз харуулж байна. Тэгэхээр ийм тогтворгүй нөхцөл байдал дунд том баялагтай жижиг Монгол тоглолтоо амжилттай хийж чадах эсэх нь эргэлзээтэй. Бусад улс үнийн ялимгүй зөрүүг андалгүй яаж ийгээд ашиг олж байна.Харин бид ханшийн хөдөлгөөн хаашаа эргэхийг сайн мэдэхгүй, түр зуурын өсөлтийг дагаж төсвөөрөө хүртэл оролдож үзэв. Гэнэтийн өсөлтөд гэнэдээд зэсийн үнийг 7500 доллар байхаар баталчихсан. Гэтэл өнөөдөр зэсийн үнэ тэр хэмжээнд хүрэхгүй л байна. Ингээд ашиг хүртэх гэсэн биш алдагдал хүлээх болов оо.
Энэ бүхнээс харахад үнэ өссөний үр шимийг хүртэнэ гэдэг бидний хувьд биелшгүй мөрөөдөл болж байна. Үүнээс гадна өөр нэг өрөвдөлтэй дүр зураг өдөр ирэх бүр тодрох боллоо. Аливаа улсын хөгжил ард иргэдийнх нь амьжиргаагаар тодорхойлогддог. Харин манайд харьцангуй сонин хэмжүүртэй. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг энэ оны эхний дөрвөн сарын байдлаар гаргасан статистик дүнгээс олон зүйлийн оосор учгийг олж харж болно. Жишээ нь, манай ДНБ 663 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 7.6 хувиар өссөн байгаа юм. Мөн мөнгөний нийлүүлэлт 821 тэрбум төгрөг буюу 35 хувиар нэмэгдсэн. Энэ тоо манай улсад аж үйлдвэр хөгжиж, цэвэр татвар нэмэгдэж буйг илтгэнэ. Гэвч хэрэглээний үнийн индекс өмнөх жилийн эцсийнхээс бараг 10 хувь өсчээ.Энгийнээр хэлбэл дээрх бүх нэмэгдсэн үзүүлэлт иргэдэд огтхон ч хүртээлгүй, орлого, худалдан авах чадварт нь нэмэр бус, нэрмээс болсныг харуулж байна. Ер нь уул уурхай, гадаад худалдаанаас олж буй ашиг, орлогыг иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд л зориулахгүй юм бол хөгжинө гэж хөөрцөглөхийн хэрэг байна уу. Өвөг дээдсийнхээ үлдээсэн өв хөрөнгийн үр дүнтэй ашиглаж чаддаггүй юм бол өөр аргаар, өр зээлээр амьдарвал яасан юм. Өнөөдөр манай улсын нийт өрийн хэмжээ 2.8 тэрбум ам.долларт хүрсэн. Өөрөөр хэлбэл, хүүхэд хөгшид гэлтгүй хүн бүрт 10 гаруй сая төгрөгийн өр ногдож байгаа. Тэглээ гээд бид модоо барьсангүй. Амьдрал өрнөдгөөрөө өрнөж л байна. Харин ч манай улсад хийгдсэн зам, барилга, эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтуудыг зэс, алтнаас олсон ашгаар бус зээл, тусламжаар л санхүүжүүлсэн байдаг шүү дээ. Жишээ нь, Улаанбаатар-Дархан, Налайх-Чойрын зам, улсдаа ганц олон улсын нисэх буудал, Тайшир, Дөргөний усан цахилгаан станцыг зээлийн хөрөнгөөр л шинэчилж, барьж байгуулсан. Тиймээс бид гаднаас зээл авч, өрөнд орлоо гээд хавчиганаад байх хэрэггүй гэсэн үг. Хэдийгээр их хэмжээний зээлтэй ч манай улс өрийн дарамтад ороогүй гэдгийг Сангийн яамны Төрийн сангийн газрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга Д.Ангар хэлсэн удаатай. Гол зээлдүүлэгч Олон улсын валютын сан, Дэлхийн банк ч манай улсад хөгжиж буй орон гэдэг статусаар нь хамгийн хөнгөлөлттэй буюу жилийн 0-2 хувийн хүүтэй зээл олгодог. Хугацааны хувьд 10 жилд нь төлбөрөөс чөлөөлж, 30-40 жилд эргүүлэн төлөх нөхцөлтэй. Энэ бол том боломж. Гагцхүү сул шахуу орж ирдэг тэр мөнгийг зөв зохистой ашиглах овсгоо л бидэнд хэрэгтэй байна. Харин хангалттай баялаг байна гэж гайхуулаад, хаа холын хөгжилд хүрчихсэн мэт гангараад байвал донорууд харж үзэхээ больчихно. Одоохондоо бид оодрох болоогүй. Олдсон зээлээ олигтойхон ашиглахыг чухалчлах нь оновчтой хувилбар болоод байна. Ямартай ч бид зээл аваад ядуурахгүй, зэс өслөө гээд баяжихгүй байна.    

Ч.Дашдэлэг.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж