200 тэрбум төгрөгийн бонд гаргана

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

200 тэрбум төгрөгийн бонд гаргана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төсөлд тусгаснаар арьс ширний үйлдвэрийг дэмжих хүрээнд 200 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болжээ. Энэ нь Монгол Улс малаас гаралтай түүхий эдээ урд хөрш рүү хямдаар экспортлох бус боловсруулан илүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож үр ашгаа өгнө хэмээн үзэж буйтай холбоотой аж.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд “Өмнөх Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэл, ноос ноолуурын салбарыг дэмжих чиглэлээр 300 хүртэлх тэрбум төгрөгийн бонд гаргасан. Түүний үр дүн ямар байгааг нягталсны үндсэн дээр эл асуудлыг хэлэлцэх ёстой. Нөгөөтэйгүүр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Улаанбаатар хот дахь Харгиа цэвэрлэх байгууламжийг нүүлгэн шилжүүлж Эмээлтэд аваачина гэж мэдэгдсэн. Энэ тохиолдолд нийслэлийн хэмжээнд байгаа арьс ширний үйлдвэрүүдэд Засгийн газраас их хэмжээний дэмжлэг үзүүлээд үр дүнгээ өгөх үү, хотын даргын гаргасан шийдвэртэй Засгийн газраас гаргах бонд хэр уялдаж холбогдсон бэ” гэдгийг сануулж байлаа.

Үйлдвэр хөдөө аж ахуй сайд Х.Баттулгын тайлбараар бол төв цэвэрлэх байгууламжийг хаана байгуулах талаар Ерөнхий сайдтай арьс ширний үйлдвэрийн төлөөлөл болоод холбогдох бусад газрын удирдлага оролцсон уулзалт хийхээр өнөөдөр үдээс хойш цаг товложээ. Тэр үед нэлээд асуудал тодорхой болох гэнэ. Ингэхдээ төв цэвэрлэх байгууламжийг Эмээлтэд нүүлгэх үү, эсвэл Дархан-Уул, Орхон аймагт байгуулах уу гэдэг тодорхой болох аж.

Монгол Улс сүүлийн 10 гаруй жилийн туршид малын гаралтай түүхий эдийнхээ 90 гаруй хувийг түүхийгээр нь урд хөрш рүү экспортолсон байна. Хэрвээ энэ байдал үргэлжилбэл мал аж ахуйн салбар хөгжихгүй, түүнийгээ дагаад малчдын амьдрал ч сайжрахгүй, мөн жижиг дунд үйлдвэрлэл тэр дундаа арьс ширний үйлдвэрүүд нь гадаадын хавсарсан үйлдвэр болж үлдэнэ гэдэг. Тиймээс Засгийн газар үндэсний үйлдвэрээ дэмжих хүрээнд дээрх хэмжээний бонд гаргахаар зорьсон юм байна.

Одоо чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлаад байна, хуралдаан үдээс хойш 15.00 цагт үргэлжилнэ. Ингэхдээ тус хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжлэх тул үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн бондын асуудлыг дараа нь үргэлжлүүлж, хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэх болж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж