Иргэд хэзээ мөнгөө авах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Иргэд хэзээ мөнгөө авах вэ?

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 1.5 сая төгрөгийн үлдэгдлээ удахгүй авна хэмээн найдсаар байгаа. Учир нь Засгийн газраас тэдэнд нэг сая төгрөгийн үлдэгдэл болох 340 мянгыг энэ онд багтаан олгохоо амласан юм. Иймээс Сангийн яам 306 мянган иргэнд шинэ оноос өмнө мөнгийг нь амжиж олгохын тулд 120 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт босгох амаргүй ажлыг нуруун дээрээ үүрч байгаа. Сар гаруйн өмнө Засгийн газраас бонд гаргаж иргэдэд мөнгийг нь олгохоор боллоо хэмээн мэдэгдэж байсан боловч иргэдийн гар дээр нэг ч төгрөг ирсэн.

Сангийн яам Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах болон Засгийн газрын үнэт цаас  гаргахыг зөвшөөрөх тухай  УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа. Гэтэл энэ асуудал УИХ-аар хэлэлцэгдэх нь бүү хэл байнгын хороодын хуралдаанаар ч ороогүй байгаа нь иргэд мөнгөө энэ онд багтаан авна гэж итгэхэд улам хэцүү болгож байгаа юм. Төсвийн байнгын хорооны гишүүдийн ирц хүрэхгүй байгаагаас уг асуудлыг хэлэлцэж чадахгүй байгаа аж. Бухын доодохыг харж үнэг турж үхэв гэгчээр дээдэс суудлаа олж цэгцрэхийг хүлээсээр байтал ядарсан л хөгшчүүл маань туйлдаж гүйцлээ.

Засгийн газрын энэ ондоо багтаан олгоно гэсэн найдваргүй амлалтын уршгаар олон хүн зээл тавьж өр ширэндээ дарагдчихаад байна. Хэрвээ УИХ үнэт цаас гаргах асуудлыг хэлэлцэхгүй гацаасаар байвал иргэд шинэ оноос өмнө мөнгөө авах нь бүү хэл цагаан сараас ч өмнө авч чадахгүйд хүрч мэдэх юм.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах хүсэлт гаргасан иргэд мөнгөө хэзээ авах нь тодорхойгүй байгаа. Учир нь Засгийн газар үүнд шаардлагатай 1.5 их наяд төгрөгийн асуудлыг мөн л шийдвэрлээгүй орхисон. Уг нь аж ахуйн нэгжүүдэд иргэдийн хувьцааг зарж үүнээс олсон орлогоор иргэдийг санхүүжүүлнэ гэж төлөвлөсөн байсан ч бүтээгүй.

Ч.Лхагвасүрэн: ҮЛДЭГДЭЛ МӨНГӨӨ ЭНЭ ОНД БАГТААН АВНА ГЭЖ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ


Нийгмийн халамж үйлчилгээийн ерөнхий   газрын  Халамж  үйлчилгээний газрын дарга Ч.Лхагвасүрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.
 
    
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдэгдлийг Засгийн газраас энэ ондоо багтаан олгохоо амласан. Үлдсэн 340 мянган төгрөгийг хэзээ олгох вэ?

-Ямар ч байсан Засгийн газраас энэ ондоо багтаан олгохоор болсон. Хэзээ олгох нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Санхүүжилт  орсон дариуд бид иргэдэд мөнгийг нь олгоно.

-Санхүүжилтын эх үүсвэрийг хаанаас бүрдүүлэх нь тодорхой болсон юм болов уу. Уг нь бонд гаргах замаар мөнгө босгоно гэж төлөвлөсөн байсан. Энэ ажил юу болж байгаа бол?

-Бонд гаргах ажлыг зохион байгуулж байгаа. Сангийн яамнаас энэ талаар бидэнд тодорхой мэдээ ирүүлээгүй байна.

-Засгийн газраас “Чингис” бонд гаргасан. Эхний мөнгө нь өнөөдөр (өчигдөр) орж ирлээ. Үүнээс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгийг гаргах боломжгүй юу?

-Энэ мөнгийг халамжийн бус бүтээн байгуулалтын ажилд голчлон зарцуулах чиглэлтэй байгаа юм билээ. Тиймээс халамжийн мөнгөний эх үүсвэрийг дахин бонд гаргаж бүрдүүлнэ.

-Зарим иргэн 21 мянган төгрөгөө гүйцэд авч чадаагүй байгаа. Эдгээр иргэний мөнгийг хэзээ өгөх вэ?

-Ирэх оны төсөвт 21 мянган төгрөгийн санхүүжилтэд зориулан 31.5 тэрбум төгрөг суулгасан байгаа. Санхүүжилт нь тодорхой байгаа учраас ирэх онд багтаад энэ мөнгийг гүйцэд авч чадаагүй болон огт аваагүй иргэдэд олгоно. Харин чухам хэдэн сараас олгож эхлэх нь одоогоор тодорхой болоогүй байгаа. Сангийн яамны зүгээс ирэх оны хоёрдугаар сараас эхлэн олгох чиглэлийг барьж байгаа гэсэн.

-Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсүүдэд 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэдийн бүртгэлийг хийж байгаа. Авч чадаагүй бүх хүн бүртгүүлэх ёстой юм уу?

-21 мянган төгрөгөө огт авч байгаагүй, бичиг баримт бүрдүүлээгүй иргэд бүртгүүлэх шаардлагатай. Харин өмнө нь мөнгө авч байсан иргэд заавал бүртгүүлэх шаардлагагүй.     

Н.САНЖААСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж