Гадаад ч гэсэн дотоодын асуудал

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Гадаад ч гэсэн дотоодын асуудал

Гадаадын иргэд. Хойд Солонгос, Хятад, Филлипин, Вьетнам… Монголд ажиллагсдын цуваа цаашаа үргэлжилнэ. Гэхдээ дийлэнх нь “тэд”. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийлээд 300-500 мянган гадаадын иргэн Монголд байгаа гэх. Үүнийг гэхдээ албан бус тоо гэдгийг санахад илүүдэхгүй. Монгол Улсын хувьд нэг улсаас ажилд авах дээд квот нь 28 мянга. Аль нэг улсын ажилтнуудыг хэт ихэсгэхгүйн тулд ийм квот тогтоож өгсөн байдаг. Энэ нь манай нийт хүн амын нэг хувьтай тэнцэхүйц дүн юм. Гэвч бид “Тэд”-ний талаар хэр мэддэг вэ, мэдсэн ч ямар арга хэмжээ авдаг вэ? Үүнийг бүгдээрээ тодорхойлох гээд оролдъё.

Орчин үежих үйл явц

Нэг үеэ бодвол гадаадын иргэдийг бүртгэх үйл явц цахимжжээ. Цахим хэлбэрт оруулахын тулд “Койка” олон улсын байгууллагын таван сая ам.долларын санхүүжилтээр энэ ажлыг эхлүүлсэн байна. Гэхдээ гадаадын иргэдийн бүртгэл, хянах зэрэг ажлыг цахим хэлбэрээр хийж болно. Гэхдээ засах юм бий гэдгийг салбарын удирдлагууд нуусангүй. “Яваандаа бид бүх үйлдлээ цахим болгоно. Одоохондоо ажил эхэлж байна. Визний бүртгэлийг бид ажилчдаараа хийлгэдэг. Ид ачаалалтай зуны улиралд өглөөний дөрвөн цаг хүртэл шивж суудаг шүү дээ. Цаашдаа үүнийг программд оруулна. Засч залруулах юм их бий” гэж Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын дарга Д.Пүрэвдорж ярьсан юм.

Мөн ирэх онд гадаадын иргэдийн цагаачлалын тухай хуулийг шинэчлэх хуулийн төслийг өргөн барих бөгөөд шинэчилсэн хуулийг батлах ажлыг хариуцаж ажиллах аж.

Бас нэг асуудал бол бүртгэлийн давхардал. ГИХАЭГ болоод Хил хамгаалах ерөнхий газрын гадаадын иргэдийг бүртгэх ажил давхарддаг аж. Өөрөөр хэлбэл, нэг ажлаа хоёр удаа хийдэг гэж ойлгож болно. Гадаадын иргэд харин үүнийг сөрөг сэтгэгдэлтэйгээр хүлээж авдаг. Гадны иргэн Монголын хилээр нэвтрэх гэхээр буу барьсан цэрэг хүрээд ирэхээр цэрэгжсэн улс гэсэн сэтгэгдэл төрүүлдэг ажээ. “Үүнээс болоод цэрэгжсэн улс, цэргийн эрх, дарх ноёлсон улс гэж ойлгоод хил дээрээс буцах, аяллын хугацаагаа богиносгох зэрэг сөрөг үзэгдлүүд ажиглагддаг. Яваандаа ажил үүргийн давхардсан байдлыг арилгах ёстой” гэж Д.Пүрэвдорж ярьсан юм.

1593 гадаадын иргэнийг торгожээ

Тус газрынхан нийтдээ 1593 хүнийг торгож, нэг тэрбум 476 сая төгрөгийг улсын төсөвт бүрдүүлжээ. Тэдний гол зөрчил нь оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, нуун далдалж, хууль бусаар ажил хийсэн зэрэг. Харин Монгол Улсад ирэх эрхийг бүх насаар нь хорьсон 10 гадаадын иргэн байдаг аж. Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө хугацаа хэтрүүлсэн Өмнөд Солонгосын иргэнийг бүх насаар нь Монголд зорчих эрхийг нь хасчээ. Мөн 929 аж ахуйн нэгж зөвшөөрөлгүйгээр гадаадын иргэдийг ажиллуулж байсан байсан аж. Мөн дөрвөн уригч иргэн хууль бусаар гадаадын иргэдийг урьсан зөрчил илэрчээ.

153 Хойд солонгосын ажилчин ажиллаж байна

“Умгархан жижиг өрөөнд эхүүн үнэр үнэртэх хөлсний үнэр, дарсан кимчиний үнэртэй сүлэлдэн үгээр хэлэхийн аргагүй нэг тийм сонин үнэрийг өрөөгөөр тархаах. Өрөөний хана энд тэндээ цан цохиж, зарим газраа хөгцөрчээ. Гаднаа гар угаах жижиг тосгуур маягийн хоёр ч зүйл байх бөгөөд гоожуулсан ус нь хөлдөж, уул овоо мэт болсон байх”. Энэ бол Монголд ажиллаж байгаа Хойд Солонгосын иргэдийн “амьдрал”-ын нийтлэг өнгө төрх. Өчигдөр өдөр “Пума констракшн” компанийн барилга дээр ажиллаж байгаа гадаадын ажилчдад гэнэтийн шалгалт хийсэн юм. Хэдийгээр зөрчил илрээгүй ч шаардлага хангасан газар амьдардаггүй болох нь илт харагдаж байлаа.

Хоёр улсын засгийн газар хоорондын гэрээгээр жилд Хойд Солонгосоос 300 хүнийг Монголд ажиллуулдаг аж. Тэдний дундаж цалин нь 500-600 мянган төгрөг. Энэ нь Хойд Солонгосын дундаж цалингаас 150 дахин их гэж хэлж болох. Гэхдээ эдгээр ажилчид цалингаа бас голдог. Хойд Солонгост тэртээ тэргүй ийм цалин авч чадахгүй учраас тэд элдэв хэл ам гаргалгүй ажиллаж байгаа гэнэ. Бас нэг асуудал тэдэнд бий. Энэ нь тэдний дийлэнх нь ужгирсан өвчтэй байдаг. Энд ажиллаж байгаа хүмүүсийн 75 гаруй хувь нь сүрьеэгийн хүнд хэлбэрийн өвчтэй байдаг бөгөөд элдэв янзын эмийг компаниасаа шаарддаг ажээ.

Монгол Улсын хэмжээнд гадаадын ажилчид, иргэн харьяатуудыг “хариуцах” учиртай улсын байцаагчийн статустай 14 хүн байдаг бөгөөд ГИХАЭГ-ын дарга улсын ахлах байцаагч гэсэн цолтой аж. Цаашдаа байцаагч нарыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа, томоохон компаниудад шалгалт хийхэд байцаагч нь хүрэлцдэггүй аж.

Гадаадын иргэдийг хянах, шалгах зэрэг ажил илүү орчин үеийнх болоход ойртож иржээ. Гэхдээ хараахан бүрэн гүйцэд болчихоогүй байна. Манай улс энэ жил албадан саатуулах шинэ байрыг ашиглалтад оруулжээ. Нийтдээ 20 гаруй камертай энэ байранд одоогийн байдлаар 350 гаруй гадаадын иргэнийг албадан саатуулаад байгаа. Мөн ирэх оноос Монгол Улсын иргэний гадаад паспортыг чипжүүлэх ажлыг эхлүүлэх юм байна.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж