Каирт хүмүүс үрэгдэж, шархдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Каирт хүмүүс үрэгдэж, шархдаж байна

Ерөнхийлөгч Мурсигийн талынхан ба түүний эсрэг  жагсагчдын хооронд гарсан гудамжны мөргөлдөөний улмаас наад зах нь дөрвөн хүн амиа алдсанаас гадна шархдагсдын тоо 350 хүрсэн тухай пүрэв гаригийн орой мэдээлжээ. Египетийн дэд ерөнхийлөгч Мекки  сөрөг хүчинд хандан яриа хэлцэлд орохыг уриалав. Харин жагсагчид үүнийг нь хүлээн авсангүй.

Египетийн нийслэл Каир хотноо исламист ерөнхийлөгчийн талынхан түүнийг эсэргүүцсэн жагсагчидтай ширүүн сөргөлдөөн явуулж байна. Пүрэв гаригийн орой гэхэд сөргөлдөгч талуудаас дөрвөн хүн алагдаж, 350 орчим хүн шархаджээ гэж “Аль-Жазира” телевиз мэдээлсэн байна. Египетийн ерөнхийлөгчийн ордны ойролцоо үймээн самуун өглөөнөөс нь эхлэн үргэлжилж, цэргийнхэн танк, хуягт техникийг  орчим авчирсан байв.

Сөргөлдөгч талууд бие бие рүүгээ чулуу нүүлгэж, шатах бодистой шил шидлэн бороохойдолцож байлаа. Арванхоёрдугаар сарын 5-ны орой 10 мянгаад исламистууд “Египет болон түүний ерөнхийлөгчийг Аллах ивээх болтугай” гэсэн уриатайгаар цугларч ерөнхийлөгчийн ордны дэргэд эсэргүүцлийн суулт хийж байсан 300-гаад хүмүүст довтлон тэдний майхан асрыг буулгаснаар сөргөлдөөн эхэлсэн юм.  Сөргөлдөөн Суэц, Исмаилия хотуудад гарч “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний албан байруудыг шатаажээ.

Египетийн дэд ерөнхийлөгч Махмуд Мекки сөрөг хүчинд хандан шинэ Үндсэн хуулийн маргаантай асуудлаар ярилцахыг уриалсан байв. Сөрөг хүчний лидерүүдийн нэг Нобелийн энх тайвны шагналт Мохаммед аль-Барадей “Хичнээн хүндэтгэлээ гэхэд бид хувь хүний уриалгыг хүлээн авахгүй. Зохих урилгыг ерөнхийлөгч Мурси гаргах ёстой” хэмээн мэдэгдсэн байна. Сөргөлдөгч талуудыг яриа хэлцэлд орохыг өмнө нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон уриалаад байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж