П.Дүгэр: Н.Энхбаяр биднээр тоглосоор байна

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

П.Дүгэр: Н.Энхбаяр биднээр тоглосоор байна

Өнөөдөр
Н.Энхбаярыг шүүх хурлаас ял нь хэвээр батлагдвал өлсгөлөн зарлаж, нам нь
засгаас гарахаар завдаж байгаа тухай мэдээлэл энэ өдрүүдийн гол сэдэв
болоод байна. Өнгөрсөн хаврын тэр нэгэн өдөр буюу 4 дүгээр сарын 12-нд
экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг авилгын хэргээр баривчилснаас хойш 200 гаруй
хоногийн турш хэвлэл мэдээллийн анхаарлаас энэ сэдэв гарсангүй. Олон
хүн олон өнцгөөс байр сууриа илэрхийлжээ. Эдэн дундаас судлаач
П.Дүгэрийн харж буй өнцөг өнгөрсөн хугацаанд гарсан олон нийтлэл,
ярилцлагааас хэлбэрийн төдийгүй агуулгын хувьд анхаарал татан ялгарч
байсан билээ. Дэд доктор П.Дүгэртэй Н.Энхбаярын гэх хэрэг явдал ямраар ч
эргэсэн байсан төгсгөлийн шатандаа дөхөж байгаа энэ цаг мөчид товчхон
ярилцлаа.
-Шүүхийн
шатны процесс дуусах шатандаа орлоо. Ямар шийдвэр гарахыг хэн ч хэлж
чадахгүй. Гэвч өөрийн тань хэлснээр “Болсон үйл явдлын мөрөөр, боломжтой
сувгуудаар хөөцөлдөж олсон баримтуудыг өөрийн оюун дүгнэлтээр бичсэн”
өгүүлэл, ярилцлагаараа олны анхаарал татсан хүний хувьд та өнөөдөр юу
хэлэх вэ?

– Өнгөрсөн 5 дугаар сарын 30-нд интернет
сайтуудад гарсан миний өгүүллийг дахин нэг уншиж үзээрэй гэж зөвлөх
байна. Өнөөдөр өлсөх, үхэхээрээ айлган шүүхийн шийдвэрээс илүүтэй олон
нийтийн сэтгэл зүйд нөлөөлөхийг хичээж байгаа нэг иргэний жорыг би хавар
бичсэн юм. Хагас жилийн өмнө амжилттай туршигдсан тэр аргаа мань эр
дахиад давтахыг хүсч байх шиг байна. Жор дээр нь нэмэгдсэн нэг зүйл бий.
Одоо тэр оймсоо гозолзуулсан жирийн нэгэн сэжигтэн биш Засгийн газарт
хамтрагч улс төрийн намын босс. Дагалдагч нараараа засаг тараалгахаар
айлгаж байгаа шинэ “эм” хуучин жоронд нь нэмэгджээ. Түүний өлсгөлөн яаж
өрнөх тухай янз бүрээр таамаглах хэрэггүй л болов уу. Нийгэм-сэтгэл зүйн
том жүжгийн сценари бичигдчихсэн. Энэ жүжгийн эхний үзэгдлүүдийг бид
өнөөдөр хараад эхэлчихсэн. Харамсалтай нь, жүжгийн төгсгөлд туслах
дүрийн жүжигчид нь ч, үйл явдалд нь уймарсан үзэгчид ч хохироод үлдэнэ.
Харин зохиогч-найруулагч-гол дүр маань дараагийнхаа шедевр рүү ханцуй
шамлан орох биз дээ. Гэвч энэ марзан жүжгийг өөр өрнөлөөр явуулах
хувилбар бас байж болох л юм.

– Ямар өрнөл? Ёгт утгагүй, энгийн үгээр ярьж өгвөл сайн байна?

-Интерполоор
Монгол улсын хоёр иргэнийг хайж байгаа. Намбарын Энхтуяа, Буяагийн Хуяг
нар. Учраа мэдэхгүй, улаан хамгаалагч нэг жаахан хархүүгээр битгий
наадуулаа хайгаарай, болиорой гэж саяхан захиа бичүүлэв дээ. Н.Энхбаярын
шударгаар шийтгүүлж, ял авч байгаа хэргүүд бол мөсөн уулын ил харагдах
жаахан хэсэг нь л юм гэдгийг би өмнөх нийтлэлүүддээ хэлж байсан. Түүний
дүү Н.Энхтуяагийн нэрээр, оролцоотойгоор хийсэн асар их мөнгөөр яригдах
луйврын хэргүүдийн сэжүүр байгаа болохоор Интерполоор хайхаас аргагүйд
хүрсэн юм. Сүрэнхорын гэх захидлын дараа надад тэнд хадгалсан тийм их
мөнгө байхгүй гэж уйлан алдаад мэдэгдээд байсан. “Тэгвэл Н.Энхтуяагийн
нэр дээр?” гэж манай сэтгүүлчдийн хэн нь ч асуугаагүй. Төрийн болон
төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн нэрээр хэдэн сая долларын ямар
юм хийснийг нь, түүнд нь ахынх нь шууд болон дам оролцоо ямар байсныг
нь, эдний гэр бүл тэр их хөрөнгийг хууль бусаар яаж олж авсныг нь мөрдөн
байцаалт тогтоох ёстой. Тэгвэл одоо эмнэлгийн өрөөнөөс бичигдэж байгаа
жүжгийн зохиол өөр өрнөлөөр явах нь мэдээж. Москвагийн утга зохиолын
дээд сургуулийн төгсөгч маань зохиолдоо шинэ сюжет оруулахаас аргагүй
болно. Хэлснээсээ буцна, хамтрагчдаа худалдана, улсаа доромжилно.
Элдэвтэй хүн шүү дээ.

-Мэдүүлгээсээ буцаж, хэргээ задална гэж үү?

-Тийм
хүнд тэр чинь юу ч биш. Өчигдөр ярьснаасаа өнөөдөр тэс хөндлөн
залдагийг нь холоос хайгаад хэрэггүй дээ. Сэтгүүлч та нар намайг шалгааж
байхаар өөрсдөө жаахан хөдөлмөрлөмөөр юм. Сая шүүх хурал дээр ТВ9 бол
чухам миний юм, надад л өгсөн юм гээд чичрээд дайраад байсан. Хэдэн
жилийн өмнө нэг сэтгүүлч яг энэ тухай ерөнхийлөгч байхад нь асуусан
байдаг юм. “Харин тийм, надад хамаг юмыг наах санаатай. Тэр телевиз чинь
надад ямар ч хамаагүй. Япончууд Ганданд өгсөн юм шүү дээ” гээд ярьж
өгсөн байдаг. Жаахан цаг гаргаад шүүгээд үзээрэй, хуучин сониноос гараад
л ирнэ. Бүр болохгүй бол надаас сониных нь нэрийг аваарай. Хүмүүс
мартаж болно, цаас мартахгүй шүү дээ. “Рукописи не горят” буюу “Гар
бичмэл шатдаггүй” гэж экс маань эмнэлэгт эхнэртэйгээ нууцаар ярилцдаг
орос хэлэнд нь нэг гоё үг байдаг юм шүү. Тэр биднээр, МАХН-аар, Монгол
улсаар тоглож байна. Түүний жор давтагдаж байна. Дахиад уншаарай.

 П.Дүгэрийн зөвлөсөн ёсоор өнгөрсөн 5 дугаар сарын 30-нд нийтлэгдэн олны анхаарал татсан өгүүллийг нь дахин хүргэж байна.       

ШҮҮХЭЭС ЗУГТАЖ, ХУУРАЙ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХ ЖОР
Нэг:
Өлсгөлөн зарлахдаа сайтар бэлдэнэ, бараг 20 хоногийн бэлтгэл хийнэ.
Олон сарын өмнөөс бага багаар махнаас татгалзаж, цагаан хоолтон болох
хэрэгтэй. Өлсгөлөн зарлаж болно. Үхэж болохгүй. Эс бөгөөс олон хүн,
хамтран зүтгэгчид нь амьдаараа үхсэний өв дээр хоцорч тодорно.
Хулгайлсан, нуусан хөрөнгө нь үрэгдэнэ. Цуглуулж хийсэн бүхэн нь өөр
хүмүүсийнх болно.

Хоёр: Хорих газрын хоол идэж
болохгүй. Өөрөө идэх зүйлээ захиалж, хоолныхоо жорыг бэлдэж, бас бие
хамгаалагчаараа хяналт тавиул. “Энэ хүн тусгай хүн” гэдэг ойлголтыг
шүүхийн шийдвэр биелүүлэх газрынханд бүрэн өг. Өлсгөлөн эхэлсэн өдрөөс
хажуудаа байлгах эмч, сувилагч, хэрэгтэй тэжээл, шингэн, шөл, эрдэс
бодис, эм тариаг захиалж олох, нийлүүлэх, хэрэглэх бүх суваг, бүх
боломжийг бүрдүүл. Хөндлөнгийн ямар ч оролцоог энд байлгаж болохгүй.

Гурав: Бүх
бэлтгэлээ базааж дуусангуут өлсгөлөнгөө зарла. Бүр хуурай өлсгөлөн
зарлаж байгаагаа нийтэд мэдэгд. Биелэх боломжгүй шаардлага тавь.
Өлсгөлөнгийн эхний өдрөөс шуугиан дэгдээ. Телевизийн шууд нэвтрүүлгийг
ашигла. “Түүнийг алчихаж, бүгдээрээ дайр“ гэж шорон руу дайрч, хорихын
ажилтнуудыг сандарга. “Шоронд тэр үхсэн бололтой”. Энэ түгшүүрт мэдээг
орон дэлхийгээр тараа. Гадаад дотоодгүй аль болох олон хүнд сонсгох
хэрэгтэй. Хүн хуурах бол хуурч байгаа хүндээ юу ч биш. Ийм жүжиг дэглэж
ирсэн хүнд энэ бол юу ч биш. Харин бусдад бол хууртах муухай. Бас
гашуун. Гэхдээ нөхөр өлсөгч бол үүнийг авч бодолцох хэрэггүй. Түүнд
үхлээр айлгаж, хуулийн шийтгэлээс зугатах нь л чухал. Бусдын сэтгэл,
хөдөлмөр, хууртагдал, гэнэн итгэмтгий зан сонин биш.

Дөрөв: Өлсгөлөнг
эхлүүлсэнээ мэдэгдсэн бол тэр газраасаа хурдан холдох хэрэгтэй. Энэ
үеэр өлсгөлөн зарлагчийн амь нас “өдөр хоногоор хэмжигдэж байгаа”-г
үргэлж ярина. Мэдээж эмч нарын мундаг баг томилогдоно. Тэр дороо
өлсгөлөн зарлагч дээр мөнөөх баг очих ёстой. Өндөр зэрэглэлийн эрүүл
мэндийн үйлчилгээ бүхий эмнэлэгтэй хориход өлсөгчийг шилжүүлэх
дүгнэлтийг тэд гаргана. Мөн хажууд нь байнга хүн байх ёстой болсныг
хувийн эмч, сувилагч, бие хамгаалагч, гэр бүлийнхэн нь өлсгөлөн
зарлагчийн хүсэлтээр нийтэд ойлгуулна. Мэргэшсэн эмнэлгийн баг бүхий,
хотын төвийн ойролцоох хорих руу өлсөгч шилжинэ. Харин хуурай
өлсгөлөнгийн тухай хурц, түгшүүрт мэдээ олон нийтэд гарсан тул өлсөгч
өргүүлж гарах ёстой. Өргүүлж явахдаа жижиг гэмтэл авчихвал, энд тэндээ
хөхөрсөн зулгарсан бол зүгээр. Гэхдээ хорихынхны болгоомжтой, тэвчээртэй
ажиллагаа энэ төлөвлөгөөнд саад учруулна.

Тав:
Өлсөгчийн биеийн байдал “цаг минутаар муудаж байгаа”-г нийтэд мэдээлнэ.
Өлсөгч 24 цагаас илүү өлсөж болохгүй. Түүнээс илүү хугацаагаар өлсвөл
тооцоогүй хүндрэл гарч болзошгүй, өлсгөлөнгөөс юм үлддэг байж магадгүй
гэдэгт өлсөгч өөрөө маш их санаа зовох ёстой. Эмчилгээ ч эхэлнэ. Ил
тодоор бага зэрэг дусал залгуул. Хуурай өлсгөлөн үргэлжилж байгаа тухай
байнга ярь. Усгүй, юу ч хэрэглэхгүй бол дундаж хүн 72 цагаас илүү
тэсэхгүйг шинжлэх ухаан тогтоосон. Харин үүн дээр өдөрт 400 грамм дусал
хийлгэвэл уг хугацаа 5 хоног хүртэл уртсах ёстойг өлсөгч өөрөө сайн
мэднэ. 1958 онд төрсөн, 54 настай өлсөгч шиг  аминдаа хайртай өвчтөн
үгүй гэдгийг хувийн эмч нь бас сайн мэднэ.  Өлсөгч, эмч хоёрын тохирсон
зарим эмчилгээг энэ хоёроос өөр хүн мэдэхгүй. Эхнэр хүүхэд нь тухайн үед
сонсоод бага зэрэг гайхаж, бас гонсойх боловч өлсөгчийн эмчилгээ,
ухуулгад улам хүч тавин оролцоно.

Зургаа: Шоронд
өлсөгч уг шорон нүдтэй гэдгийг мэдэх ёстой. Хаана камер, харах
төхөөрөмж байгааг өмгөөлөгчөөрөө айлган хэлүүлж  ав. Эмчилгээг шөнө
оройн цагаар, эсвэл цонх хааж, гэрэл унтрааж, мөн усанд орох, бие засах
газруудад хийх боломжтой. Хувийн эмч болон сувилагч нар, өмгөөлөгчид,
гэрийнхэн гээд байнга хүн холхиж байдаг учир өвчтөнд хэн юу дамжуулж
хэрэглүүлж байгааг хянах шаардлага бараг арилна. Эхлээд миний утсыг
хураалаа, захиаг өгсөнгүй гэж бага зэрэг сүрдүүлэг хийгээд, түүнийгээ
нийтэд гавъяа мэт цацуулсан хойно шоронгийн хууль дүрэм журмыг дураараа
зөрчих боломж өлсөгчид үүснэ. Бас төв шоронгийн гадна хөлсний
цуглаанчдаа 24 цагаар байлгавал анхаарал дотогш биш гадагш хандах болно.

Долоо:
Одоо хуулиас зугтаж хуурай өлсгөлөн зарлаж байгаа хүний эмчилгээний
зарим хэрэгцээт жороос танилцуулъя. Өдөрт 400 грамм дусал илээр хийлгэ.
Эмч сувилагч дундуур нь тэр дусалтай өгч болох нэмэгдлийг (глюкоз,
витамин гэх мэт)  шахаж байгаа. Хамгийн гол нь нууц эмчилгээ чухал. Энэ
бол өлсөгчийг хэтийн зорилготой нь залгуулах гол хэрэгсэл. Энд сайн
чанарын уян зүү хэрэгтэй. Нэг зүүг үсэнд нь нуун толгойн хэсэгт, нөгөө
зүүг цээжний хэсэгт суганы завсар нуун зүрх гол дотор эрхтнийг тэжээгч
судсанд байршуулна. Тархины судсаар хоол тэжээл орлодог Новамин
(Novamin)-ыг 200 граммаар өдөрт 2 удаа, мөн суган дахь зүүгээр бусад
амин дэм, Альбуминыг 50 грамм болон шаардлагатай хэмжээгээр дуслаар
хэрэглэнэ. Дээрээс нь монгол хүний онцлогт тохируулан биеийн тэнхлүүн
байдлыг хадгалах зорилгоор ясны шөлөнд (булууных бол бүр сайн) хийсэн
зутан ууна. Мөн ногоо удаан хэрэглэж, махнаас татгалзсан байсныг
харгалзан зохих эрдэс амин дэм нөхдөг БНСУлсад үйлдвэрлэсэн олон төрлийн
ногооны хольц бүхий нунтаг бэлдмэлийг хуурайгаар, эсвэл нөхцөл байдалд
тохируулж найруулж хэрэглэнэ.  Мөн хэлэн дээр тавьж хэрэглэх тодорхой
зориулалт бүхий эмээ уухаа мартаж болохгүй. Мартсан бол эмч сувилагч нь
сануулаад өгнө.

Найм: Мартсанаас, энэ мөч хүртэл
хуурай өлсгөлөн эхлээд 5-6 хоносон байх учиртай. Энэ хооронд өлсөгчийн
амь нас “дээсэн дөрөөн дээр ирсэн”, “минут секундээр хэмжигдэж байгаа”
тухай яриа тарж, түүний төлөө бүх нийтийн сэтгэл зовинол дээд цэгтээ
хүрэх учиртай. Тэр тусмаа гадаадад өндөр хөлсөөр ажиллаж байгаа
агентуудын ачаар Монгол улс, түүний удирдлага руу байж болох бүх
шахалтыг зохион байгуулах ёстой. Өлсөгчийн эрүүл мэндийн болоод улсын
нэр хүндийн уналтын аюулын хамаарал давхцаж байх тусмаа сайн. “Хуурай
өлсөгөлөн”-гийн  аюулд дэлхий ертөнц ч, найз нөхөд нь ч,монгол түмэн ч
хууртах ёстой. Хуурталт 100 хувь, байнга үргэлжлэх боломжгүй нь мэдээж.
Дөрвөн хүн мэдэж байсан хуурталт найман хүн мэдэхэд үнэн болно. Найман
хүнээс цааш олон хүнд тархана. Гэхдээ эхний сэтгэгдэл чухал. Хуурталт
баригдаж дэлгэгдээд ирэхийн цагт сонгууль, хөл бөмбөг гээд олон нийт өөр
зүйлд анхаарах сөхөөгүй болсон байх учиртай. Гол нь өлсөгч хуулийн
гарцаагүй хэрэгжилтээс бултсан байх нь чухал.

Ес: Одоо
эмнэлгээ сольдог цаг. Өлсөгч “комд орсон”, “борцлогдсон”, “бараг
үхсэн”,  “баатарлагаар тэмцэж, дөнгөж амьсгалж байна” гэх мэдэгдэл,
мэдээллүүд цуврах ёстой. Сайд нарын эмнэлэг рүү явахдаа бэлтгэлийн
хувцастай, хөдөө зугаалгаар  явах гэж байгаа мэт сэтгэл хөөрөлтэй байх
нь хамаагүй. “Орой ч явдаг байж уу?” гэсэн онигоо ярьж, шоронгийн даргын
жийпээр хэнд ч хэлэлгүй очих нь зүгээр. Тав хоногийн өмнө нэг хоног
хуурай өлсгөлөн зарлачихаад, хүнээр өргүүлж, үхлүүт шахуу эмнэлгийн
машинаар хүргэгдэж байсан хүн гэж хэн ч санахгүй. Түүнээс хойш 6-7 хоног
баатарлагаар хуурай өлсөөд үхлүүт биш, илүү тэнхлүүн хорионоос гарч
байгааг олон нийт мэдээд ч хэрэггүй. Гадаа хүн ч үгүй, телевиз ч
байхгүй. Иймд 5 өрөөтэй  “шоронгоосоо” тааваараа гарч, хоёрдугаар
эмнэлгийн хаалгаар хоёр хөлөөрөө орж болно.

Арав: Өлсгөлөн
даамжирч үхэл эхэлж байгаа тухай мэдээ цацагдах тусам нэг шинэ аюул
“хуурай өлсөгч” этгээдэд тулгарч болзошгүй. Энэ бол албадан эмчилгээ юм.
Амь аврах нэрээр албадан эмчилгээ эхэлбэл итгэлгүй этгээд,  мөн
өлсөгчийн арга залийг мэдэхгүй эмч сувилагч нар гэнэт шооконд орж
болзошгүй. Хошного баастай, ходоод бантантай, ногооны бэлдмэлтэй гарвал
бөөн шившиг. Тиймээс тэднийг өөртөө ойртуулж болохгүй. Хоёрдугаар
эмнэлгийн сувилагч бүсгүй энэ урьдчилсан сэргийлэх бухимдлаас болж нөхөр
өлсөгчийн тэнхлүүн хөлөнд суун тустал амбаардуулж байсан удаатайг сана.
Өлсөгч нь эхнэртэйгээ зарим зүйлийн тухайд зөвхөн орос хэлээр
харилцахад гэмгүй. “Өлсгөлөнгөө зогсоолоо гэж битгий хэл. Энэ л чиний
аврал” гэх орос үгийг хуучин цагийн кадрууд ойлгоно уу гэхээс ойрын 20
жил орос хэл үзээгүй шинэ үеийнхэн ухахгүй.

Арван нэг:
Өлсгөлөн удаан үргэлжлэх аюултай. Бие сайтай хүн ч хуурай өлсгөлөнг
долоо хоног тэсвэрлэх боломжгүй. Хамтран зүтгэгчид, мэргэжлийн эмч нарын
алсын зайны  багийнхан, олон түмэн эргэлзэж мэднэ. Энэ үед улс орныг
эргүүлэх хувьсгалт олон шаардлагаа хойш хаяж, батлан даалтад гарах ганц
шаардлагаа дэвшүүлэн тавьдаг цаг. Хагас бүтэн таарсан ч бай олон ардууд
энэ л шаардлага амин чухлыг ойлгох учиртай. Өлсөгчийн амь нас “минут
секундээр хэмжигдэж эхлээд” хэд хоног амьд байгаад байгааг мэдсэн
мэдээгүй олон хүн хүртэл уймарна. Захаасаа зарим нь өлсөгчөөсөө түрүүлж
үхэж магадгүй болоод ирдгийг бодолцох хэрэгтэй. Цуглаан, дайралт,
өлсгөлөн, татан уналтууд ар араасаа хөврөх нь зөв. Батлан даалт бүтлээ.
Өлсөгч цонхныхоо цаанаас цоглог гээч нь олон түмэнтэй арваад янзын хэв
маяг үзүүлэн мэндчилнэ. Өлсөгч энэ хооронд хувийн хуучин зурагчнаа
оруулж шанаа ясаа дуранд тулган зураг татуулна. “Шударга бус” эвслийнхэн
шуугиад ороход өлсөгч “Дахиад 7 хоног байдаг ч байж уу” гэж шорон
онигоогоо ярихад нөгөөдүүл нь үнэн сэтгэлээсээ гомдож таарна. Өлсөгч
батлан даалтад гарч амсхийх тэр  агшинд өлсөгчийн төлөө явсан олон хүн,
олон хоног өөрсдөө өлссөн мэт ядарсанаа мэдэж хоёр хоногийг нам унтаж
хөдөлгөөнгүй өнгөрөөнө.

Арван хоёр: Энэ бол нэр
бүхий нэгэн иргэний өлсгөлөнгийн жор юм. Хуурай өлсгөлөнгийн сургаар
хууртсан, увайгүй хууралтын улмаас урагдсан, зохиогүй дүртэй жүжгийн
төлөө зовсон сэтгэл бүрийн өмнөөс бурхан багшаас ерөөл хүсье. Иргэн
өлсөгчийн есүсчин өмгөөлөгч хүртэл энэ үйлсэд бас хүчин хавсраг. Өлсөгч
түүнд биеийн өлсгөлөн байгаагүй юм.

 Судлаач, дэд доктор П.Дүгэр
1f885e6ce35e1b8bbig
Өвгөд үймэрч, үзэгчид хууртаж байхад өлсөгч маань үсэн дотроо нуусан зүүгээр ийм шингэнүүд тариулж байв аа.
1f885e6ce35e1b8bbig
Новамин. Ард түмний мэдэхгүй амин дусал.
1f885e6ce35e1b8bbig
Эмч бүхний мэддэг Альбумин. Өлсөгчийн өдрийн норм.
1f885e6ce35e1b8bbig
Солонгос тэжээл. Өрөөлөөс нууж өрөөндөө хэрэглэдэг Жангум отчийн тун.


Эх сурвалж: www.24tsag.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж